Эфирт гараагүй түүх | Манцуйтай үрээ асрамжийн газрын гадаа үлдээх шийдвэрт юу нөлөөлснийг хэн ч мэдэхгүй

“Эфирт гараагүй бодит түүх – 4”

Хэдэн жилийн өмнө хөнгөхөн хөдөлгөөнтэй, жижигхэн биетэй нэг ах над дээр ирж уулзсан юм. Тэр ах ээжийгээ олж уулзах боломж байгаа эсэхийг надаас асууж, хүслийг нь биелүүлж өгөхийг гуйв.

1980-аад оны нэгэн зуны өдөр аадар бороо асгарч, тэнгэрт цахилгаан цахилж, асрамжийн газрын гадаа манцуйтай бяцхан хүү уйлан үлдсэн байдаг.

Тэр өдөр нэгэн голомт үгүй болж, өлгийтэй жаахан хүү ээжийнхээ энгэрээс үүрд холдсон юм. Тэр хүүг А.Э гэдэг.

Хүү амьдралын хатууг туулж, айл гэрийн эзэн болсон ч зүрхэндээ нэгэн хоосон орон зайг олон жил тээж иржээ.

Энгэрээс нь сүү асгарсан тэр ээж манцуйтай үрээ асрамжийн газрын гадаа үлдээгээд явах шийдвэрт юу нөлөөлснийг хэн ч мэдэхгүй.

Гэр бүлийн маргаан, архи, айдсын дунд хийсэн ганцхан алхам нэг хүүхдийн амьдралын эхлэлийг бүхэлд нь өөрчилсөн юм.

А.Э ээждээ гомддоггүй. Гэхдээ яагаад түүнийг тэнд үлдээгээд явсныг асуухыг дотроо олон жил бодож иржээ.

Аав, ээжийнхээ дунд алхах айлын хүүхдүүдийг харах бүрд хайр дутаж, эхийн халуун тэврэлтийг мэдрээгүй өссөн нь түүний сэтгэлд дуугүй шарх болон үлдсэн байна.

Тэр өөртэйгөө адил замаар өссөн бүсгүйг гэргийгээрээ сонгож, сайн ханьтай учирсан ч эцэг, эх болохоос эмээдэг болжээ.

Учир нь “Бид хүүхдэдээ сайн аав, ээж болж чадах болов уу” гэсэн асуулт түүний сэтгэлд хав дарагдсан байв.

Энэ бол түүний буруу биш. Харин хүүхэд байхдаа үлдсэн сэтгэлийн шарх нь юм.

Бид А.Э ахад ээжийг нь олж өгнө гэж амлаж чадаагүй ч олоод өгөх юм сан гэсэн хүслээр хөтлөгдөн, багагүй эрлийн үр дүнд маш хүндхэн үнэнийг олж мэдлээ.

А.Э ахад хэлэх учиртай. Хэрхэн, яаж хэлэхээ олохгүй хэдэн долоо хоног эргэлдэв.

Гэхдээ бид бусдад хэлдэг үг буюу “Бидний эрэл ямар үр дүнд хүрэхийг таашгүй тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай” гэж өмнө нь уулзахдаа дуулгаж байсан учраас уулзалтын эхэнд үүнийг дахин онцолж байгаад эрлийнхээ үр дүнг хэлэв.

Ахын царай хувьс хийж, хэсэг хором чимээгүй болов. Нулимс нь цийлэгнэж, атгасан гар нь чичирч байв. Гэргий нь түүнийг тайтгаруулж, ямар ч байсан эрлээ мухарлав хэмээн болсон үйл явдлыг хамтдаа сонсохоор шийдсэн юм.

Түүний ээж гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацаанд өртөж байжээ. Архинд орсон, гар хүрдэг нөхрийнхөө зодуур, доромжлолыг тэссээр явсан тэр эмэгтэй өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого нөхрийнх нь амь насыг хохироосон эмгэнэлт явдлаар төгсөж, улмаар торны цаана орсон байна. Харин хэсэг хугацааны дараа тэндээс гарч иржээ.

Гэвч шоронгоос гарч ирэхэд нь сайхан амьдрал түүнийг тосоогүй. Нэр төр, айдас, өнгөрсөн амьдралын шарх түүнд дахин эхлэх боломж олгоогүй юм.

Тэр хүүгээ хаяад явсан ээж биш байв. Харин хүчирхийлэл, хууль, ял шийтгэлийн завсар эх хүн байх боломжоо алдсан хатуу тавилантай эмэгтэй байжээ.

Тэр хүүгээ байнга сурагладаг байсан. “Амьд болов уу… сайн хүн болж чадсан болов уу” гэж. Үрээ үлдээсэн газраасаа хэдэн жилийн дараа хүүгээ хайж очсон ч олж чадаагүй байна.

Харин уг эрлийн үр дүнд бид түүний төрсөн ахыг олж чадсан юм. Харамсалтай нь, тэр хэдийнээ хилийн чанадыг зорьсон байв.

Хавиргатай цээжинд багтсан ч, ханатай гэрт хамтдаа өсөж чадаагүй ах дүү нар онлайнаар уулзаж, сэтгэлээ дэвтээсэн юм.

Ах нь ээжийнх нь амьдрал амар байгаагүй, архи, гэр бүлийн маргаан энэ бүхний эхлэл байсныг онцолж байв.

Ээж нь нас барах үедээ үйлчилгээний байгууллагад ажилладаг байсан бөгөөд ажлаасаа тараад харих замдаа осолд орж, бурхан болжээ. Хүүгээ хэзээ нэгэн өдөр олж уулзана гэж тэр ахад нь байнга ярьдаг байсан гэнэ.

Өөрийгөө ганцаараа гэж бодож явсан А.Э ингэж төрсөн ахтай болсон ч ээжтэйгээ уулзах хувь тавилан түүнд байсангүй.

Энэ бол нэг хүний түүх биш.

Энэ бол гэр бүл салж, архи, хариуцлагагүй сонголтын хамгийн том золиос нь хүүхдүүд болдгийн бодит үнэн юм.

Залуу насандаа бодлогогүй хийсэн нэг алхам үр хүүхдийн тань амьдралын эхлэлийг бүхэлд нь өөрчилдөг.

Архи уу, алаг үрс үү…

Энэ асуултын хариуг олж амжаагүй нэгэн хүүхэд 38 жилийн турш ээжийгээ дотроо хүлээсээр ирсэн түүх энэ хүрээд өндөрлөж байна.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Эфирт гараагүй түүх | Манцуйтай үрээ асрамжийн газрын гадаа үлдээх шийдвэрт юу нөлөөлснийг хэн ч мэдэхгүй

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.