Түүний түүх: Сувилагч мэргэжилтэй бүсгүй хорин зургаан насандаа Монголын радиогийн нэвтрүүлэгч болсон түүх
-Та Монголын радиагийн нэвтрүүлэгч болсон түүхээ бидэнтэй хуваалцаач
-Би 1985 онд, хорин зургаахан насандаа Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулж, тэнцэж байлаа. Хуучин сайд нарын хоёрдугаар эмнэлэг гэж байсан. Тэнд би сувилагчаар ажиллаж байлаа. Нэг өдөр монголын радиод нэвтрүүлэгч авна гээд зарлахыг сонсоод очоод үзвэл яадаг бол гэж зориглоод очиж шалгуулсан.
Тэр үед радиогийн нэвтрүүлэгчдийг төрмөл сайхан дуу хоолойтой байх, халх аялгуугаар ярьдаг байх, шүдний бүрэн бүтэн байдал зэргийг харж, маш нарийн нягт шалгуураар авч байсан.
Нэг шилэн хаалттай өрөөнд оруулчхаад энийг унш гээд сонин, яруу найргийн ном авчирч өгөөд л, сүүлд нь тайзан дээр байгаа юм шиг шүлэг унш гээд л . Би арван жилийн сурагч байхаасаа “Солонгосын Зоёо” гэдэг шүлэг уншдаг байсан. Тэр шүлгээрээ сургуулийн аварга болж, радиод шалгуулахдаа мөн уншиж нэвтрүүлэгч болсон доо.
Американ офицерийн нинжин сэтгэлгүй тарчилгаанд
Ангийнхаа нууцыг хэлээгүй Солонгос бүсгүйн
Аймшиггүй чин зоригт явдал нүдэнд минь үзэгдэж
Алтаар биш болдоор үзгийг минь хурцаллаа…
Радиодоо тэнцчихээд зургаадугаар сард хөдөө аав ээждээ очсон. Тэр үед би хоёр хүүхэд гаргачихсан, нөхөр Чех рүү явчихсан байсан. Аавдаа “Би Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулсан, намайг авна гэсэн” гэхэд аав “Битгий худлаа яриад бай, чамайг юу гэж авдаг юм” гэж билээ. Ер нь тэр үед хэвлэл мэдээлэл бол улс төрийн их том байгууллага, хэр баргийн хүн ордоггүй байсан. Юу гэж л миний муу охиныг авааж дээ гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд хот руу буцахын урд өдөр аав “Нээрээ миний хүүг авна гэсэн юм уу?” гээд асууж байна. Би “Тэгэлгүй яадаг минь, мэргэжлийн улсууд нь шалгаад, авна гэсэн юм чинь. Та юугаа мэддэг юм” гээд аашлаад буцаж байж билээ.
-Таны өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе хэзээ вэ?
Москвагийн радиод ажиллаж байсан үе минь. Монголын радио Москвагийн олон улсын радиогийн хоорондын гэрээгээр ажиллуулаг байсан. Тэнд очоод Монгол эх орноо төлөөлнө. Дээр нь Орос улсын зүгээс улс төрийн нэвтрүүлгүүдийг олон улсад нэвтрүүлдэг байсан. Миний хувьд 1995 онд Москвагийн радиод томилогдож, 2001 он хүртэл 6 жил тэрхүү сайхан нэр төртэй ажлыг хийсэн. Оросын дуу хоолой радиод томилолтоор очиж ажиллах бол нэвтрүүлэгч бидэнд нэр төрийн хэрэг байлаа. Олон сайхан ахмадууд ажиллаж байсан. Тэнд монгол хэлний редакц гэдэг бол маш том байр суурийг эзэлж, хамгийн олон хүнтэй, хамгийн олон захиа авдгаараа алдартай байлаа. Манай “хамгийн хамгийн” нэвтрүүлэгчид тэнд ажиллаж, өргөн нэвтрүүлгээр олонд хүрдэг байснаараа алдартай.
-Тухайн үед радиогийн нэвтрүүлэгчид их ачаалалтай ажилладаг байсан уу?
Тухайн үед мэдээ мэдээлэл шууд орж ирдэг байсан. Ю.Цэдэнбал дарга ийм тогтоол гаргалаа гэвэл хүлээж байгаад л шууд уншдаг. Бэлдэнэ барина гэсэн юм байхгүй. Тийм учраас маш өндөр хэмжээнд бэлтгэгддэг. Зөвхөн нэвтрүүлэгч болох эрдмээс гадна биеэ хэрхэн авч явах, эмэгтэй хүн ямар байх, амьдралд ахуйдаа яаж хандах гээд олон зүйлийг надад заасан. Монголын радио гэдэг бол тэр чигээрээ сургалт байдаг. Төрөл бүрийн мэдээ, нэвтрүүлэг угшдаг учраас мэдлэг мэдээлэл байнга тархинд минь цугларч байдагт баярлаж, бахархдаг. Радио бол чихээр сонсогдож, мэдрэхүйд хүрдэг гайхалтай урлаг.
-Та хэзээ телевизэд ажиллаж эхэлсэн бэ?
Би хэзээ хойно телевизийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Mongol HD телевизэд ажиллаж байхдаа 480 гаруй хүүхдийн үлгэр уншсан. ТВ8 телевиз “Эмээ үлгэр яриад өгөөч” гэдэг нэвтрүүлэгтээ урьж, 365 үлгэр уншсан байна. Ер нь би хүүхдүүдтэй ажиллах, хүүхдийн нэвтрүүлэгт их дуртай. Ирээдүй хойч үедээ жаахан ч гэсэн юм үлдээчих юм сан гэж боддог.
Сүүлийн үед залуучууд хүүхдүүдийг өв соёлоо сурах, дээдлэх, хүндлэх, өвөг дээдсийнхээ үлдээсэн тэр сайхан уламжлалыг сэргээх, уламжлах гэсэн үүднээс өв соёлын нэвтрүүлэг явуулж байна.
-Залуучуудад хандаж юу гэж захимаар байна?
Ер нь өөрөө өөртэйгөө л ажиллах ёстой. Би залуучуудад чи ингэ, тэг, ийм байна гэж үглэхээс илүү өөртөө анхаарал тавиарай, өөрийгөө хөгжүүлээрэй л гэж хэлдэг.
Мөн Монгол хэл, монгол уламжлалаа авч яваасай гэж захимаар байна. Манай монгол хэлэнд англи үг их орж ирж байна, орчуулгын үгийг маш их хэрэглэж байна. Олон нийтийн цахим сүлжээнд голцуу ярьж байгаа хэллэгээрээ бичээд байх юм. “Тэгжийнэ” гэх мэтээр. Тийм учраас ээж аав, эмээ өвөө, багш нар хүүхдийнхээ эх хэлийг зүгшрүүлэх тал дээр анхаараасай. Өөрсдөө аль болох монгол хэлээ зөв сайхан авч яваасай.
Монголын радиод ажилладаг байхад биднийг ахмад үе маань та нар бол монгол хэлний багш нар гэж хэлдэг байсан. Та нарын хэлж ярьж буй үг хэллэгээр монгол хүн хэлж ярьж сурна гэж захидаг байсан. Тиймээс сэтгүүлч, сурвалжлагч, хөтлөгчид аль болох монгол хэлээрээ зөв сайхан ярьж сураасай.
