А.Дагзмаа: Чингис хааны үеэс өвлөгдсөн сур харваа минь дэлхийд цор ганц

Намайг А.Дагзмаа гэдэг. Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумаас гаралтай, Бүрэнтогтох суманд төрж өссөн. Миний бага нас өвлөн уламжлагч буурлуудынхаа бүүвэйн дуунд нь бүүвээлэйгдэж, өв соёлд өлгийдүүлж өссөн. 63 жил уртын дуу, ардын дуу дуулж, Монголынхоо өв соёлын өвлөн уламжилж, мөн сур харваагаар хичээллэж байна.

Монгол хүн байгальтайгаа маш их холбоотой. Хөвсгөл аймаг их өндөр, аглаг уултай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Тэнд хонь хурга хариулж явахдаа дуугаа хадаахаар цуурайтаад, хэзээ хойно чихэнд сонсогддог. Тэр бүхнээс уртын дуу, нутгийн ардын дууг өвлөн суралцсан. Морины дэл дээр гарсан хүн дуулахгүй байна гэж байхгүй. Морин эрдэнэ гэдэг чинь монгол хүнтэйгээ маш их холбоотой. Малчин ахуйд ойр өссөн минь соёлын өвөө суралцаж, түгээн дэлгэрүүлэхэд их нөлөөлсөн.

Би Анагаах ухааны их сургуулийн Эх барих эмчилгээний ангийг төгсөж, Хөвсгөл аймгийн Түнэл сумаас ажлын гараагаа эхэлсэн. 5 жил ажиллахдаа 2000 орчим хүүхэд эх барьж авсан. Манай Анагаахын сургуульд маш авьяаслаг багш нар ирж соёлын өвөөс зааж сургадаг байсан. С.Цоодол гуай, Дагважамц гуай, Долгорсүрэн гуай гээд дээр үеийн агуу том хүмүүсээс өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг сурсан.  Ялангуяа С.Цоодол гуай уртын дуу дуулах арга ухааныг бидэнд заасан.

Тэр олон хүдэр эрчүүдийн хүнгэнэсэн, цангинасан уухайн дууг сонсоход маш сонин мэдрэмж төрдөг юм билээ

Улсын баяр наадмын нээлтэд байнга оролцож, уртын дуугаа дуулдаг байсан учраас Эрийн гурван наадмаа их сонирхдог байлаа. Тэгээд 1970-аад оноос сур харвааг сонирхож эхэлсэн. Аймагтаа харваж байгаа хүмүүсийг хараад зогсдог байсан. Нэг удаа харваа сонирхоод зогсож байтал намайг харваад үз гээд нумаа өгсөн. Тухайн үед эрчүүд өөрсдөө их хүчтэй татаж харвадаг хатуу нумтай, эмэгтэйчүүд маш ховор харвадаг байсан үе. Манай аймгийн харваачдын нас ахиад, залуу үеийн харваач төрөх боломж бага байсан үед би харваа сонирхож очсон юм.

Анх тэр олон хүдэр эрчүүдийн хүнгэнэсэн, цангинасан уухайн дуунд ороод, уухай чихэнд хоногшиж, маш сонин мэдрэмж төрдөг юм билээ. Би бол дөрөв дэх үеийн харваач. Аймгийнхаа харваачидтай хуучилж байгаад буурал ээжийн минь ах харваач байсныг олж мэдсэн. Тийм мэргэн хүний өвөр дээр өсөж өндийсөн болохоор дотоод сэтгэлээрээ татагдаад сурд орчихсон юм билээ.

Сайхан дээл хувцасаа өмсөж харвахыг би харваачдадаа сурталчилж, өвлүүлсэн хүн

Тухайн үед эмэгтэй харваачид одоогийнх шиг дээлтэйгээ биш хамаагүй хувцастай, толгой нүцгэн харвадаг байсан. Толгой нүцгэн харвахад үс салхинд хийсээд хэцүү байдаг тул би толгойдоо алчуур боодог байсан. Харин нэг өдөр ээж минь надад нэг их гоё хогойгоор эмжсэн, утас унжуулсан тоорцог хийж өгсөн. Дараа нь надад шинэ дээл хийж өгнө гээд намайг дээлийн өнгөнд явуулсан. Тухайн үед Лхагваа гэж худалдагч дээр очоод “Ээж танаас харваанд өмсөх дээлийн өнгө авад ир гэнэ ээ” гэхэд Лхагваа эгч “Өө дээлийн өнгө байлгүй яах вэ, чамд энэ өнгө их гоё зохино” гээд номин цэнхэр өнгөтэй, дугуй хээтэй торго өгсөн. Энэ өнгө надад арай хүнддэх байх гэхэд “Үгүй хүү минь, харвах гэж байгаа хүн гоё юм өмсөх хэрэгтэй” гээд тэр өнгийг өгсөн. Тэр үед залуу байсан болохоор бид чинь их гоёдоггүй байлаа.

Өнөөх гоё номин өнгөтэй, хоргой эмжээртэй дээлт, тоорцогтой, театраасаа бүжгийн гутал гуйж аваад их гоёод харваандаа явсан. Нөгөөтэйгүүр гоёх гэхээсээ илүү өв соёлоо дээдэлж, хүндэтгэж байгаа хэлбэр л дээ. Настай хөгшчүүл ирээд дээлнээс маань барьж чадахгүй, хүрч үзээд “Ишш хүү минь чи энэ шороонд ийм гоё юм өмсөж яах нь вэ” гэж байсан. Тэгж анх би сайхан дээл хувцасаа өмсөхийг харваачдадаа сурталчилж, өвлүүлсэн хүн юм.  Би зөвхөн аймагтаа төдийгүй улсад үлгэр болж очиж байгаа хүн байхгүй юу. Харваан дээр хүн ямар хувцас өмсөж байна, ямар дэг жаягтай, яаж бие биенээ хүндэлж байна тэр бүхнийг харваачид бусдад үлгэрлэж байгаа.

Хэзээ ч, хаанахын ч хүн эрхий хуруугаа дөрвөн хуруугаараа дарж харвадаггүй. Зөвхөн Монголчууд л ингэж харвадаг

Чингис хааны үеэс өвлөгдсөн сур харваа минь дэлхийд цор ганц. Хэзээ ч, хаанахын ч хүн эрхий хуруугаа дөрвөн хуруугаараа дарж харвадаггүй. Зөвхөн Монголчууд л ингэж харвадаг. Үүнийг гадны хүмүүс их сонирхдог юм билээ. Уухайгаа хийж чадахгүй хүн бол харваач биш. Сур харвааны 3 төрлийн уухай байдаг. Угтуул уухай, онооны уухай, самбарын уухай гэж. Би үүнийг анх удаа CD дээр буулгаж, оюуны өмчид бүртгүүлсэн. Энэ 3 төрлийн уухайг сурч байж тэр хүн харваач болно. Зөвхөн нум сум бариад тэрийг татаад онохдоо чухал биш. Бид нарын энэ уухай уртын дуу, сур харваа, шагай харваанд байна.  Монголчуудын ахуйд бас байсан. Дээр үеэс яаж малаа ээнэгшүүлсэн юм? Тэр ч бүү хэл дайн байлдаанд явж буй тэр олон баатар эрс уухайлдаг байж.

Монгол үндэстэй мөртлөө монголынхоо өв соёлыг суралцаагүй бол тэр хүнийг Монгол гэж хэлэх хэцүү. Энэ соёлын өв, Эрийн гурван наадам, үндэсний хувцас бол бидний тусгаар тогтнолын баталгаа. Монголын ард түмэн, үр сад ямар нэгэн өв соёлоо заавал өвлөх ёстой.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.