Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамруулжээ

Тавантолгой түлш компаниас санаачлан Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-тай хамтран нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулжээ.

Сургалтын эхний шатанд дунд болон ахлах ангийн сурагчдад угаарын хий үүсэх шалтгаан, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хордлогоос урьдчилан сэргийлэх арга зам, хордлогын үед авах анхан шатны тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Дараагийн шатанд бага ангийн сурагчдад нас, сэтгэхүйн онцлогт нь нийцсэн, ойлгомжтой арга хэлбэрээр сургалтыг зохион байгуулжээ. Сургалтын хүрээнд сурагчдад угаарын хийн эрсдэлийг зөв таньж мэдэх, ахуйн орчинд аюулгүй байдлыг хангах, аюултай нөхцөл үүссэн үед том хүнд шуурхай мэдэгдэх, гэр бүлийн гишүүддээ мэдээлэл түгээх зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, зөвлөмжийг хүргэсэн аж.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 120,87,127, Сонгинохайрхан дүүргийн 162,42,122 дугаар сургуульд хэрэгжүүлсэн энэхүү сургалтад 4000 орчим сурагч хамрагдсан бөгөөд хүүхэд, өрх бүрийг угаарын хийн эрсдэлийн талаар зөв ойлголттой болгож, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон гэж тус компаниас мэдээллээ.

Сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба дэмжин оролцжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.