Яруу найрагч, зохиолч Э.Үржинхандын “Хайрын эх орон”, “Сэтгэлийн жимээр” хос номын нээлт боллоо

МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч Э.Үржинхандын “Хайрын эх орон”, “Сэтгэлийн жимээр” хос номын нээлт боллоо. 

Номын нээлтэд МУСГЗ, яруу найрагч, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж, МУСГЗ, зохиолч, яруу найрагч, доктор, профессор Лувсандамбын Дашням, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй хүндэт зохиолчид хүрэлцэн иржээ.

Нээлтийн үеэр яруу найрагч Э.Үржинхандын охин Belcanto төвийн авьяаслаг бяцхан дуучин М.Гэрэлтдагина ээжийнхээ үгийг нь бичсэн “Эрдмийн аялалд гарлаа” дуугаа дуулсан юм.

Энэхүү хос номоо Монгол бичгийн хөрвүүлэгтэй гаргаснаараа онцлог юм.

Зохиолч Э.Үржинханд 2010 онд анхны яруу найргийн “Өөртөө үнэнч үлдэнэ” ном, 2012 онд “Хайр цацруулж…” хэмээх яруу найргийн номоо хэвлүүлжээ. 2012 оноос үргэлжилсэн үгийн зохиол бичихэд авьяасаа сорихын зэрэгцээ “Сэтгэлийн жимээр” блог ажиллуулан уншигч олондоо богино өгүүллэгээ хүргэсээр ирсэн юм.

Богино өгүүллэгийн Утгын чимэг наадамд “Атаархал” өгүүллэгээрээ тусгай байр эзэлж, 2013 онд анхны өгүүллийн “Шувуутай цүнх” түүвэр, 2015 онд “Хэзээ ч оройтохгүй” гурамсан тууж, “Алсын гэрлийн хэлтэрхий” яруу найргийн номоо хосоор нь гаргаж уншигчдын хүртээл болгожээ.

Яруу найрагч Э.Үржинханд эдүгээ ӨМӨЗО-ы Солонго мэдээллийн төвд сэтгүүлч, редактораар уригдан ажиллаж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.