Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан энэ өдөр мэндэлжээ

1952 оны энэ өдөр Монгол Улсын төрийн шагналт, МУУГЗ хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд мэндэлжээ.

1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгсөөд 1975-1983 онд ОХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн.

1992 онд “Замбуу тивийн наран” магтуу, II симфони, “Сэрсэн тал” удиртгал бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртсэн. 2006 онд Төрийн дээд Чингис хааны одон, 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.  

Түүний гол бүтээлүүдэд “Чингис хаан” дуурь, I, II, III симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Сэрсэн тал” удиртгал, “Хэрлэнгийн домог” симфони зэрэг юм.

 “Замбуу тивийн наран” магтуу нь 1985 онд ЮНЕСКО -гийн хөгжмийн алтан санд бүртгэгдсэн байна.

2005 онд “Хэрлэнгийн домог” бүтээл нь Нобелийн шагнал гардуулах ёслолд тоглогдсоноос гадна түүний бүтээлүүд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Франц, Герман зэрэг гадаадын олон орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглэж, Монголын хөгжмийн урлагийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Нэрт хөгжмийн зохиолч 2019 оны 7-р сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнөөр Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз хохирол тохиосон юм.  

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.