Хоол зүйчид дунд, ахлах ангийн сурагчдыг хоолны үйлчилгээнд хамруулах хэрэгтэй хэмээлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын ерөнхий газар хамтран “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хоёр дахь өдрийн сургалтаа ШУТИС-д зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад нийслэл болон Сэлэнгэ, Увс аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хоол зүйч, тогооч, эмч зэрэг 126 албан хаагч хамрагдсан юм.

Сургалтын үеэр “Шим тэжээлийн боловсрол олгох арга зүй” сэдвээр “Хүүхдийн хоол шим тэжээл сургалт арга зүйн үндэсний төв”-ийн ахлах ажилтан Д.Зулгэрэл, “Хоол үйлдвэрлэлийн технологи, илчлэг тооцох арга зүй” сэдвээр ШУТИС-ийн ҮТС-ийн багш Г.Долгорсүрэн нар танилцуулга хийжээ.

Сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлж, дараах санал дүгнэлтийг гаргалаа.

• Нэгж байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг оновчтой, зөв төлөвлөхөд Хоол зүйч хамгийн чухал үүрэгтэй тул бүх байгууллага Хоол зүйчтэй болох,

• Хүүхдийг бага наснаас нь олон төрлийн хүнс хэрэглэж сургах, дадал хэвшил эзэмшүүлэхэд анги, бүлгийн багш, Хоол зүйчээр дамжуулан шим тэжээлийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

• Шим тэжээлийн тэнцвэртэй цэсээр үйлчлэхэд зайлшгүй хоолны төсвийг нэмэгдүүлэх,

• Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид өсөлт хөгжлийн идэвхтэй үе явагдаж байгаа тул хоолны үйлчилгээнд хамруулах,

• Сүү цагаан идээ, жимс, навчит ногооны хэрэглээ хангалтгүй байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Энэ асуудлыг боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой шийдвэрлэх,

• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг жигд тогтвортой, үр дүнтэй зохион байгуулахад байгууллага бүхэлдээ нэгдсэн ойлголттой байх нь чухал тул багш болон нягтлан, удирдлагуудад хоол, шим тэжээлийн талаарх сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.