“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1991 онд ДЭМБ, ОУ-ын чихрийн шижингийн холбооноос энэ өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан. Жил бүр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд энэ жил “Чихрийн шижин ба сайн сайхан байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Энэхүү өвчин нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин. Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын түвшин өндөр байхад их шээх (полиури), их уух (полидипси) ба идэмхий (полифаги) болох шинж тэмдэгүүд илэрдэг.
МЭӨ 1550 оны үед чихрийн шижингийн анхны тохиолдол бүртгэгдсэн гэж үздэг. Жил бүр энэ өвчнөөр 7 сая хүн шинээр оношлогдож, 3,8 сая хүн нас бардаг гэсэн тооцоолол бий. Түүнчлэн дэлхий даяар нийт 347 сая хүн чихрийн шижинтэй хэмээн бүртгэгдсэн бөгөөд Монголд 7000 орчим өвчтөн байдаг.
Сүүлийн үед хүмүүс маш их таргалж, ямарч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа билээ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Эрүүл зөв хооллох, хоолны жор хийж мөрдөх
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
- Хорт зуршлаас татгалзах
Дэлхийн чихрийн шижингийн холбооны 2024 оны судалгаагаар чихрийн шижинтэй хүмүүсийн 63% нь чихрийн шижинтэй холбоотой хүндрэлүүдээс айх айдас нь тэдний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг, 36% нь чихрийн шижингээс үүдэлтэй хямралд өртдөг, 28% нь өөрсдийн нөхцөл байдлыг хүлээж зөвшөөрч чаддаггүй гэсэн судалгаа гарчээ.