Монголын хувцас загварын салбарын хамгийн том наадам болох “Гоёл” энэ сарын 20-нд эхэлнэ.
Энэхүү наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 37 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 20, 21-нд хувцас загваруудыг тайзнаа танилцуулах бол 23-нд шилдгүүдийг тодруулах гала шоуг зохион байгуулахаар товложээ.
“Гоёл” наадмаар шилдэг дизайнер, шилдэг залуу дизайнер, наадмын тусгай шагналт дизайнер, шилдэг эрэгтэй загвар өмсөгч, шилдэг эмэгтэй загвар өмсөгч, шилдэг фото модель, шилдэг загвар зохион бүтээх товчоо, шилдэг нүүр будагч, шилдэг үс засалч, мөн топ модель, гранпри шагналын эзнийг тодруулна. Үүнээс гадна ивээн тэтгэгчдийн тусгай шагналуудыг гардуулдаг уламжлалтай.
Хамгийн анхны “Топ модель” шагналыг 2001 онд модель Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар хүртсэн билээ. Харин өнгөрсөн жилийн топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорсон юм.