Монголын дуурийн гоцлоочид “Орфей-2024” уралдаанд амжилт дүүрэн оролцжээ

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2024” олон улсын уралдаан долоо дахь удаагаа болж өндөрлөлөө.


Чеченьд болсон уг уралдааныг “Соёл” үндэсний төслийн хүрээнд тус улсын Соёлын яам, Аднан Шахбулатовын нэрэмжит Улсын филармони хамтран зохион байгуулжээ. Тус уралдаанд энэ жил есөн орны 200 гаруй мэргэжлийн дуурийн дуучид нэгдүгээр шатанд оролцсон байна. Хоёрдугаар шатанд 81 дуучин тунаж үлдсэн бөгөөд энэ шатанд шалгарсан дуучид Чеченийн “Сувдан сондор” хэмээн өргөмжлөгдсөн Филармонийн тайзнаа өрсөлдсөн юм.

ОХУ-ын хөгжмийн дээд боловсролын тэргүүлэх академи, мэргэжлийн их, дээд сургуулиуд болон ОХУ-ын Большой, Марийнский, Новая опера, Геликон-Опера зэрэг томоохон театр, бүс нутгийн эрдмийн театруудаас мэдүүлсэн тэргүүн гоцлоочдын дундаас сонгодог дуурийн 32-38 насны гоцлол төрөлд ДБЭТ-ын гоцлол дуучид болох Э.Отгонбат тэргүүн байр, Х.Мягмарсүрэн дэд байр, Л.Бүүвэйбаатар гутгаар байр эзэлжээ. 

Харин 22-31 насны ангилалд ОХУ-ын Гнесиныхны хөгжмийн академийн магистрантурын III дамжаанд суралцаж буй Б.Доржнамжин гутгаар байрт шалгарсан байна. Мөн ЦДБЭЧ-ын дуучин Д.Совд, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Н.Элбэгзаяа нарт тэргүүн зэргийн дипломантын өргөмжлөл гарджээ.


Найман орны 200 гаруй дуурийн дуучдаас сүүлчийн шатанд шалгарсан 5 орны 75 дуучдын 7 нь Монгол улсын орчин цагийн дуурийн урлагийн түүхийг нэр төртэй бичилцэж яваа, олон улсын уралдаануудын шагналтан дуучид байлаа.



Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.