Б.Түвшин: Хамгийн их төсөв батлуулж чадсан сайд хамгийн сайн гэсэн нийтлэг жишиг тогтсон байна

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Энд үндэслэлүүдийг маш товч бөгөөд тодорхой тусгасан байгаа бөгөөд хэдэн тоо дурдъя.

2022 онд төсвийн урсгал зардал 14,2 их наяд, 2023 онд 17,1 их наяд, 2024 онд 21,2 их наяд байв. Энэ үед сонгуулийн төсвийг асар том тоо гэж ярьж байсан. 2024 оны төсвийн тодотгол хийгээд 22,5 их наяд, 2025 онд 26 их наяд болж орж ирж байгаа. Энэ бол асар их өсөлтийн тоо. Бид төсвийн энэ зардлуудыг хязгаарлаж байхгүй бол байшин барилга, орон тоо нэмэгдэх тусам зардал их гарч байна. Тухайн байрны ашиглалт, харуул хамгаалалт гээд бүгд төсөвт орж ирж байна. Ерөөсөө төсвийг тодорхой байшин савтай, орон тоотой болгох, дээрээс нь тодорхой бодлогуудыг цэгцлэх цаг болжээ.

Энэ удаагийн төсөв дээр ч тодорхой хэмжээний зардлыг бууруулах боломж байгаа. Үр ашиггүй зардлуудаа бууруулахгүй бол эдийн засгийн макро үзүүлэлтэд нөлөөлнө. Төсвийн тодотголын үеэр, УИХ-ын 126 шинэ гишүүн бид нар юугаа ч мэдэхгүй байгаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилчихлөө шүү. Үүний үр дүн муугаар гарна аа гэж ярьж байсан. Яг одоо энэ үр дүн нь бид нарт тулж ирээд байна. Төсвийн тогтвортой байдлын 6.1.3 бол Тухайн төсвийн зардлын өсөлтийг хязгаарласан, ялангуяа уул уурхайн бус эдийн засгийн өсөлтийн хэмжээгээр тодорхой зардлуудаа өсгөхийг зөвшөөрдөг энэхүү заалтыг бид нар аваад хаячихсан. Тийм учраас энэ удаа ч зардал хасах ёстой. Цаашдаа энэ төсвийн өсөлтийг, зардлын өсөлтийг хязгаарласан 6.1.3. болон 6.1.2-ыг буцааж сэргээх, үүнтэй дүйцэхүйц хэмжээний шалгууруудыг төсвийн хүрээний мэдэгдэл, тусгай шалгуурууд дээр оруулахгүй бол энэ байдал тасрахааргүй байна.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний тухай ярьж байна. ДНБ-ийг орлогоор, зардлаар, үйлдвэрлэлийн гэсэн 3 аргаар тооцдог. Өнөөдөр нэг зам, барилга баригдаад ДНБ өсөх талаар яриад байдаг. Гэтэл энэ чинь иргэдэд яаж өсөж байгаа, ямар арга замаар тооцож байгаа юм, үнэхээр энэ ДНБ нь иргэдийн эдийн засаг, Монголын эдийн засагт нөлөөлөхүйц үү, нэг удаагийн ажил гүйлгээний нэмэгдэл үү гэдгийг тооцож, макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ шинэчилж харах шаардлагатай.

Төсвийн шинэчилсэн бодлогыг дахиж явуулах хэрэгтэй. Уралдаж булаацалдаж төсөв тавьдаг биш, тогтвортой хийдэг байх нь зөв. Хамгийн сайн сайд гэдэг төсвөө бууруулж, үр ашигтай хүртээмжтэйгээр төрийн үйлчилгээгээ хүргэж чаддаг, оновчтой бодлого явуулдаг хүнийг хэлнэ. Харин өнөөдөр хамгийн их төсөв, зардал тавьж, түүнийгээ батлуулж чадсан сайд хамгийн сайн гэсэн нийтлэг жишиг тогтсон байна. Үүнийг бид үндэс сууриар нь өөрчилж, төрийн бүх үйл ажиллагааны процессыг дахин инженерчлэх хэрэгтэй. Цахим хөгжлийн яам бол орон тоо, байшин барилгыг дор хаяж 10-20 хувь буууруулах ёстой. Хэд хэдэн яамдууд дээрээ нэг бодлого гаргаад, доошоо хүртээгдэх газрууд нь нэг цэгүүд байхгүй бол сум бүр, аймаг бүр том том байшинтай, тэдгээрийн зардлаа улсын төсвөөс нэхдэг байдал бий.

Тийм учраас энэ удаа төсвийг алдагдалгүй болгох зайлшгүй шаарлагатай. Төсвийг тасралтгүй явуулах бодлого явуулах хэрэгтэй, мөн төсвийн хрээний мэдэгдэл, шаардлагуудаа илүү сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: Ардчилсан намын бүлэг

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.