Р.Туул: Хүмүүнлэгийн ажил хийснээр бусад улсыг муулах, гадуурхах бодол төрөхөө больдог

Бидний энэ удаагийн зочноор Швейцар улс дахь гадаад иргэдийн буюу орогнол хүсэгч дүрвэгсдийн байгууллагад ажилладаг Рагчаагийн Туул уригдан оролцлоо. Тэрээр тус улсыг зорьж, орогнол хүсэж ирсэн дэлхийн аль ч улсын иргэнийг нийгэмшиж, амьдралд хөлөө олоход нь бүх талаар тусалж дэмждэг аж.

Р.Туул: Дэлхийн хаана ч хайр байх ёстой. Бид хэн нэгнийг гарал үүсэл, шашин шүтлэг, арьс өнгө, гаднах төрх, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Швейцар улсад ажиллаж, амьдраад хэдэн жил болж байгаа вэ? Өөрийнхөө хийдэг ажлын тухай мэдээлэл өгвөл болох уу?

– Би Герман улсад боловсрол эзэмшсэнийхээ дараа Швейцар улсыг зорьсон. Швейцарт очоод яг 12 жил болж байна. Тэнд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би дүрвэгсдийг хүлээж авдаг маш том байгууллагад ажилладаг. Миний хийдэг ажил бол улс төр, эдийн засгийн олон шалтгаанаар дүрвэж байгаа гадаадын иргэдэд нийгмийн халамжийн чиглэлээр тусалж дэмждэг. Нэг ёсондоо Швейцар улсад ирж байгаа тэдгээр гадаад хүмүүсийг нийгэмшүүлдэг гэсэн үг. Манай төвд 300 гаруй хүн хүлээж авдаг, олон багууд ажилладаг.

Таны ажил бол тухайн улс оронд очиж амьдрах гэж байгаа дүрвэгсдэд өөрийн байр сууриа олоход, тухайн улсын хууль, ёс заншилтай дасан зохицоход өөрсдийн чадахаараа тусалж дэмждэг гэж ойлгож болох уу?

– Тэгэлгүй яах вэ. Бид нар мэргэжлийн, мэргэшсэн гэхээсээ илүү нийгэмд хэрхэн хөлөө олох, хүмүүс хоорондын харилцаа, хэл ус зэрэг асуудал дээр суурийг нь тавьж өгдөг. Дүрвэгсэд янз бүрийн шалтгаанаар ирдэг. Хүчирхийлэлд өртсөн, насанд хүрээгүй жирэмсэн болсон, эцэг эхээ дайнд алдсан гэх зэрэг. Энэ болгоныг бид чиглэл чиглэлээр нь хүлээж аваад, дараа нь кэйсүүд нээдэг. Кэйсүүд дээр баг болж ажиллаад шаардлагатай сэтгэл зүйн туслалцаа, нийгмийн халамж үзүүлж, насанд хүрээгүй хүүхдүүдийг тусгай төв рүү шилжүүлдэг.

-Хэдэн улсаас дүрвэгсэд ирдэг вэ? Монгол улсаас очиж байсан уу?

-Би Швейцарт ирээд анх орчуулагчаар ажиллаж байх үед Монголчууд байсан. Орчуулагч байсан учраас хүний кейсд оролцож болохгүй, орчуулгаа л хийнэ.Орчуулагч хийснээсээ хойш одоогийн ажиллаж буй нийгмийн ажилтан гэх албанд их татагдаж, түүгээр мэргэшиж сурсан. Швейцарт байгаа Монголчууд маш сайн нийгэмшдэг, ажлыг маш хурдан сурч, ажил голохгүй хийдэг. Би Монголчуудыг хамгийн хурдан нийгэмшдэг хүмүүс гэж боддог.

Манай байгууллагад маш олон орны хүмүүс байдаг. ОХУ – Украйны дайн, сая Ливан – Израйлын дайнтай холбогдуулан дараагийнхаа дүрвэгсдийг хүлээж байгаа. Ливанаас маш олон хүн ирнэ гэсэн тооцоотой байна. Одоогоор дүрвэгсдийн 80 хувь нь Афганистан, Украйнууд байгаа.

-Орогнол хүссэн иргэдийн амьдрах байр, сургууль, амьдралын зардал зэргийг бүгдийг нь улсаас даадаг уу?

Гадаадын иргэн байна уу, Швейцарь хүмүүс байна уу тодорхой хэмжээний татварыг улсдаа төлдөг. тэрхүү татвар энэ хүмүүсийг амьжиргаанд нь хүргэдэг гэсэн үг. Бид ажиллах хэрээрээ маш их татвар төлдөг бөгөөд муж мужаараа татварын түвшин ондоо. Миний амьдардаг Германы мужид татварын мөнгө маань дүрвэгсдэд 100 хувь зарцуулагддаг. Үүнд эмнэлэг, үйлчилгээ, хэлний курст явуулах зэрэг бүх зүйлс ордог. Цаашлаад, сайн нийгэмшсэн хүмүүсийг эх орондоо авч үлддэг. Тэр хүмүүс манай байгууллагаас салаад мужийнхаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвд шилжиж очдог.

-Орчуулга хийж, ажиллаж байх явцад сэтгэл өвтгөм кейсүүд олон тохиолддог байх.

Маш их бий, одоо ч байдаг. Сая Украйнд дайн боллоо. Дүрвээд ирж байгаа олон янзын л хүмүүс байгаа. Бид олон жил ажиллачихсан болохоор хүнийг хараад л мэддэг. Бидний ажлын онцлог бол хүнтэй шууд зэрэгцэж ажилладаг. 250 хүн гадаа байлаа гэхэд бүгдэнтэй нь мэндлээд, бүгдийг нь ажиглана, биеийн хэлэмжийг нь харна. Тэгээд арай онцгой тохиолдлын хүн буюу дуугаа хураасан, нуугдмал хүнтэй дандаа багаар ажилладаг. Хоорондоо мэдээллээ хуваалцаж, тухайн хүмүүсийг тусгаарлаж авч ажилладаг. Сэтгэл өвтгөм тохиолдлууд байгаа, гэхдээ олон нийтийн сүлжээгээр үүнийг ярьж болохгүй.

-Тухайн жилд тэд орчим дүрвэгсэд хүлээж авна гэсэн тооцоо гаргадаг уу? Эсвэл бүгдийг нь боломж нөхцөлөөрөө хүлээж авдаг уу?

Швейцарт яг тийм төлөвлөгөө гэж байхгүй. Хил нээлттэй учраас аль ч улсаас орж ирж болно. Хилээр орж ирсэн тохиолдолд ямар ч хүнийг хүлээж авах нь эхний үе шат. Дараа нь цагаачид, дүрвэгсдийн төвийн зааварчилгаагаар тухайн хүмүүсээ шалгадаг. Тэдгээр иргэдийг буцаах уу, үлдээх үү гэдгийг шийддэг өөр байгууллага бий. Жишээлбэл, Сири улсаас ирлээ гэхэд Итали юм уу, Грект ч юм уу цагаачлалын статустай байсан бол бид хүлээж авахгүй, тэр улс руу нь буцаана. Шууд одоо яв гээд явуулахгүй, тухайн орны байгууллагатай нь яриад албан ёсоор хүлээлгэж өгдөг.

-Монголчууд гадагшаа их цагаачлал хүсдэг болсон. Магадгүй улс орны эдийн засаг, ажлын байртай холбоотой байх. Мэдээж цагаачлал хүсэхийн тулд янз бүрийн зовлон тоочдог бололтой байдаг. Швейцараас өөр ямар улсууд цагаачдыг хүлээж авдаг вэ?

Европын бүх оронд хүлээж авдаг. Манай улс ч цагаачдыг хүлээж авдаг. Энэ бол хүний эрх. Бусдад гадуурхагдаж, мөлжлөгөд өртөж, сэтгэл санаа бие махбодиор хохироод ирж байгаа иргэдийг дэлхийн бүх улс хүлээж авах ёстой. Европт амьдрах орчин тохилог, хүүхдийн аюулгүй байдлын баталгаа их, эмэгтэйчүүдийн эрх өндөр учир хүмүүс илүү ирдэг. Одоогоор Германд Монголчууд нэлээн очиж байгаа сураг байсан. Манайх улс төрийн ямар ч асуудалгүй, тайван орон учраас дүрвэгсдийг хүлээж авах боломжгүй.

-Таны ажил бусдын хүнд хэцүү зовлонг сонсдог ажил шүү дээ. Энэ нь таны сэтгэл санаанд нөлөөлж, ажлаасаа төвөгшөөж байсан үе бий юу?

Би анх 12 жилийн өмнө Швейцарт ирэхдээ хүүхэд төрүүлчихсэн байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлчхээр Швейцарт арай бага хувиар ажилладаг. Тийм учраас би Монголчуудад туслах нийгмийн халамжийн төвд хандсан. Эхлээд тусгай хэлний шалгалт өгч тэнцээд орчуулагчаар ажилд орсон. Орчуулагчаар ажиллаад нийгмийн харилцаанд орж эхэлсэн. Ажлын онцлогоос шалтгаалж би өөрөө нийгэмших ёстой шүү дээ. Тэгээд энэ ажилдаа сонирхолтой болж эхлээд байгууллагадаа хандан цаашаа сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх тал дээр одоо хүртэл анхаарч байгаа. Одоо миний үндсэн ажил бол цагаачдыг нийгмийн халамжийн тал дээр чиглүүлж өгдөг. Орчуулагчийг би ажлынхаа бус цагаар хийдэг.

Миний ажил бол цагаачдад юу хэрэгтэй байгааг, бүр нэг утас зүү хэрэгтэй байсан ч бид нар тэрийг шийдэж өгдөг. Зарим Афганистанууд дунд уулнаас бууж ирсэн хүмүүс ч байдаг. Аяга, халбага гэж мэдэхгүй, хоол идэхдээ гараараа иддэг. Тэр болгон дээр бид ажилладаг. Маш их тэвчээр шаарддаг.

Нийгмийн хүрээнд ажиллаж байгаа учраас хамгийн доод тал нь 3 хэлтэй, дээд тал нь 8 хэлтэй хүмүүс ажилладаг. Бидний хэлний түвшин маш өндөр. Би англи, орос, испани, герман хэлээр, Швейцарын Герман муж нь өөр акценттай учраас тэр акцентаар ярьдаг. Хүмүүстэй утсаар, биечлэн уулзсан ч аль харилцах боломжтой хэлээрээ ярьдаг.

Би өөрөө хийж буй ажилдаа дуртай, бас ярих дуртай. Германд аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн учраас жуулчидтай харилцдаг байсан.

-Швейцар Монгол хоёрын соёлын ялгааны талаар. Нэг нь таны өсөж төрсөн орон, нөгөө нь ажиллаж амьдарч буй орон тань шүү дээ.

-Би аль ч улсыг тэр муухай, энэ гоё гэж хэлдэггүй, тийм эрх ч байхгүй. Аяндаа энэ ажлыг хийгээд ирэхээр бусад улсыг муулах, магтах гадуурхах ямар ч бодолгүй болдог. Бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа, би чамтай хамаарна, чи надтай хамаарна гэсэн үзэл бодолтой амьдардаг. Би эх орноо маш их санадаг. Монгол хүмүүс бол маш дайчин, зоригтой, шударга, бас маш ууртай хүмүүс \инээв\. Швейцарын хувьд Европын орнуудаас хамгийн өвөрмөц зантай хүмүүс байдаг. Юмыг их алгуурхан ойлгуулдаг, шууд түс тас гэдэггүй. Их даруу байдалтай хүмүүс, боловсролгүй хүн гэж байхгүй. Яагаад тэнд ажилгүйдэл байдаггүй гэхээр боловсролтой холбоотой. Их дээд сургуулийг чадвал төгс гэдэг зарчимтай. Чадахгүй байсан ч хүн 55 хүртлээ хүн болно. Би одоо 40 гарчихсан ч 10 гаруй жилийн дараа мэргэжлийнхээ дагуу дипломынхоо ажлыг хийх гээд явж байна. Би 40 гарчхаад дидломын ажил хийнэ гэдгээ төсөөлж чадахгүй байсан л даа. Гэхдээ дуртай зүйлээ хийхэд хүнд үргэлж боломж байдаг юм билээ.

-Их дээд сургуулийн төлбөр хэр өндөр байдаг вэ?

Швейцарт нэг байгууллагадаа удаан ажиллаж, сайн ажилтны жагсаалтад ороход энэ мэргэжлээрээ цаашид ажиллах хүсэл байна уу, тушаал ахих чадвар боломж байна уу гэдэг асуулга явуулдаг. Би өөрийгөө тодорхойлно, мөн дарга нар намайг тодорхойлно. Тэр хоёр тодорхойлолт тохирч байвал дараагийнхаа мэргэжлийг сонгоод суралцдаг. Өөр нэг гоё зүйл нь сургалтын төлбөрийн 50 хувийг байгууллага, 50 хувийг нь өөрөө гаргадаг. Гэхдээ сургуулиа төгсөөд дипломоо гардаад авсны дараа хотын захиргаанаас төлсөн төлбөрөө буцаагаад авдаг. Нэг ёсондоо үнэгүй сурч болдог. Зарим мөнгөтэй хүмүүс нь өөрсдөө төлөөд сурдаг.

-Эрүүл мэндийн салбарын тухайд.

-Эрүүл мэндийн салбар маш сайн. Даатгалгүй амьдарна гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэндийн даатгал дээр маш олон үйлчилгээ байдаг. Жишээлбэл Европт даатгалтай хэрнээ Ази руу аялахад миний амь насны даатгал, бүх юм тухайн даатгалд багтсан байдаг. Бид ажил дээрээ хүртэл даатгалтай. Ажлын орчинд гэмтсэн  тохиолдолд хэдэн сар, жил байсан ч цалин бүтэн олгогдоно. Европын орнуудад, Швейцарт даатгал маш сайн хөгжсөнийг бүрэн утгаар нь ойлгосон.

-Швейцарын үзэсгэлэнт байгалийн тухай .

-Би хотынх болохоор хөдөө их аялж үзээгүй. Ээжийнхээ л нутагт очиж үзсэн. Тэгэхээр Монголынхоо байгалийг нүдээр үзэж байгаагүй. Швейцарт би чөлөөт цагаараа ууланд алхдаг. Миний ажил их ачаалалтай, өдөр бүр 200, 300 хүний зовлон сонсдог. Тийм ч учраас тэвчээр гэдгийг тултал нь сурсан. Уйлж болохгүй, уурлаж болохгүй. Далд хэлбэрийн сэтгэл дэх бухимдал, стрессээ уул хад руу явж гадагшлуулдаг. Бас чөлөөт цагаараа сэлнэ, дугуй унана. Уулан дээр гарсан тохиолдолд надад урам зоригийн галлерэйд сууж байгаа юм шиг санагддаг. Тийм үзэсгэлэнт байгальтай орон.

– Швейцарт шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Зул сардаа их ач холбогдол өгдөг байх.

Зул сараар буюу 12 сарын 24-26 – нд манайхаар битүүн, шинийн нэгэн, шинийн хоёрон шиг гэр бүлээрээ тэмдэглэдэг. Манай гэр бүлийн хувьд ямар нэгэн шашингүй айл учраас тэр үеэр хадмындаа очдог. Швейцар дахь Монголчууд маш гоё тэмдэглэдэг. Харамсалтай нь би нэг ч удаа очиж үзээгүй. Мөн ажлын шаардлагаар баяр ёслолд оролцдоггүй. Баяр ёслолд очоод алкохол хэрэглэж, сэтгэл хөдлөөд хэн нэгний кейсийг ярихаас сэргийлдэг. Тэр нь хуультай, бүр ялтай. Хамгийн доод тал нь 5 жил, 10, 20 жил хүртэл байдаг. Биднийг харахад зүгээр хүнд туслаад гүйгээд байгаа юм шиг боловч ард нь маш том үүрэг хариуцлага байдаг.

-Монголчууд албан байгууллагын шинэ жилд ач холбогдол өгч, өргөн тэмдэглэдэг. Швейцарт байгууллагын шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Ерөнхийдөө 10-р сараас эхлээд байгууллагаараа хооллодог. Бид хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг болохоор баяраа урьдчилж тэмдэглэдэг. Байгууллагаараа, багаараа нэг удаа хоол идээд л болоо. Гоё даашинз, туфль ерөөсөө хэрэггүй, энгийн л байхад болдог. Харин шинэ жил өнгөрсний дараа байгууллага нийтээрээ, бүх дарга нартайгаа уулзалт зохион байгуулж, баярладаг. Тэр үед ёстой дуулж, бүжиглэж, уйлж бүх юмаа л хийнэ. Тухайн баярын өдөр дарга нар хяналт тавихгүй, бид өөрсдөө нууцын зэрэглэлтэй ажилладаг болохоор хэн нэгнийгээ ингэж байна тэгж байна гэсэн шүүмжлэл байдаггүй. Нэг ёсондоо өөрсдөө маш сайн нийгэмшсэн гэсэн үг.

-Танай байгууллага хэдэн салбартай вэ, өөр Монгол хүмүүс ажилладаг уу?

Манайх маш том байгууллага. Франц, Итали, Герман, Австри, Швейцар гэсэн 5 оронд салбартай. Бусад орны салбарт Монгол хүмүүс ажилладаг үгүйг мэдэхгүй, манай мужид бол байхгүй. Би ажлынхандаа Монгол хүн ирвэл надтай хамт ажиллуулж болохгүй юу, би ганцаардаад байна гэж хэлдэг юм. Хамт ажиллавал гоё шүү дээ. Ази хүнийг хараад баярладаг. Манайд Түвд цагаачид ирдэг. Жигмэд гэх зэрэг нэртэй хүн орж ирэхээр маш гоё дотно санагддаг.

-Монголчуудыг гадаадууд Хятад гэх нь элбэг байдаг шүү дээ.


-Байнга тэгдэг. Залуухан байхад муухай үгээр хэлэхэд эвгүй байсан ч одоо бол тоохгүй, чихнийхээ хажуугаар л өнгөрөөдөг. Янз бүрийн хүмүүсийн дунд ажилладаг. Тийм хүмүүст бол тайлбар тавих шаардлагагүй.

-Эрх чөлөө яг хаана байдаг вэ?

-Эрх чөлөө өөрт минь байгаа шүү дээ. Хэрвээ би өөрөө эрх чөлөөтэй байя гэж бодвол тэгээд л эрх чөлөөтэй гэсэн үг. Би эрх чөлөөгүй амьдарч байна аа гэж бодвол яг тийм л гэсэн үг. Манайд ирсэн дүрвэгсэд дайнгүй бол эрх чөлөө гэдэг. Миний хувьд бол тийм биш. Эрх чөлөө гэж ямар нэгэн зүйлд хязгаар тавьж, баригдмал байх биш юм. Би өөрөө чөлөөтэй байж, дуртай ажлаа хийж байгаа минь эрх чөлөө.

-Маш олон орны иргэдтэй харилцаж, хэл соёлтой нь танилцаж байгаа. Монгол орон минь тайван улсад тооцогдох байх тийм ээ?

-Манай орон маш тайван. Газын зурвас дээр сая Израйль Ливаныг бөмбөгдчихлөө шүү дээ. Үүнээс болж хамт ажилладаг хамгийн сайн найз минь маш их бухимдахыг харлаа. Түүнийг би уурлаж байхыг нь, муухай харж байгааг нь ч хараагүй. Тухайн бөмбөгдөлтөөс болж найз маань маш их уурлаж, бүр уйлсан. Би найзыгаа тайвшруулаад, учрыг нь асуухад хүргэн ах, 5, 6 зээ дүү нар нь нас барчихсан, ээж нь сураггүй алга болчихсон гэсэн. Түүнтэй харьцуулахад миний эх орноо санах, ээж аавыгаа санах бол юу ч биш. Би бусдын хэцүү юмыг хараад өөрийгөө зоригжуулдаг.

-Энэхүү ярилцлагыг уншиж буй Монголчууддаа мэндчилгээ дэвшүүлээч.

Миний үргэлж бодож явдаг зүйл бол хүн эрүүл байвал бүх зүйл болдог. Тэр тусмаа гадаадад байгаа Монголчууд минь эрүүл байгаарай, байнга эмчилгээ оношилгоонд орж байгаарай. Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол тосоод авах эх орон байгаа гэдгийг санаарай.

-Бидний урилгыг хүлээн авч алс холын Швейцар улсаас зорин ирсэнд баярлалаа. Гэр бүлд нь, өөрт нь хамгийн сайн сайхныг хүсье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.