Обрущанский Борбала Анна: Унгар хүүхдүүдийн дотор хөх толботон маш их бий, үүний нэг нь миний хүү

Бид энэ удаагийн ярилцлагадаа Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монголч эрдэмтэн, доктор Обрущанский Борбала Аннаг урин, Унгар Монгол 2 улсын хоорондох дипломат харилцаа, боловсрол, түүх, шенгений виз, зул сар зэрэг маш олон сонирхолтой сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлаа. Ярилцаж байх явцад Элчин Сайд Монголын түүхийг маш сайн мэддэг, монгол хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж, тэдний төлөө зүрх сэтгэлээ зориулдаг нь мэдрэгдэж байв.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлгийн минь зочин хойморт хүрэлцэн ирсэнд баярлалаа.

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг хүндэтгэн урьсанд маш их баярлалаа.

Таныг Монголоор маш сайн ярьдаг юм байна. Мөн таныг уйгаржин бичиг мэддэг гэж байсан. 1995-1999 онд Монголд сурч “Монголын түүх” сэдвээр Докторын зэрэг хамгаалсан тухайгаа бидэнтэй хуваалцаач.

– Би анх Унгар Улсын ЭЛТЭ Их сургуулийн Монгол судлалын тэнхимд монгол хэлийг сурч эхэлсэн. Хэлний дадлагаар 1995 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги болон түүхийн ангид сурсан. Академич, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар багшийн шавь болсон. Тухайн үед Ч.Далай, Г.Сүхбаатар нарын нэрт эрдэмтэн багш нартай уулзаж, маш их мэдээлэл авсан. Тэд нар миний судалгааны ажлын чиглэлд маш их нөлөөлсөн. 1999 онд Монгол Улсын түүхийн ухааны докторын зэргийг МУИС-д хамгаалсан. Харин уйгаржин монгол бичгийн тухайд 1990-ээд оны эхэн үед Унгарын Элтэ их сургуулийн Монгол хэлний тэнхимд суралцаж байхдаа та бүхний сайн мэдэх Б.Ринчен гуайн хүргэн Хар Дорж багшид шавь орж анх заалгаж байсан. Түүний дараа 1995 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд суралцаж байхдаа илүү хичээж, эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан “Алтан товч”, “Эрдэнийн товч” гэсэн алдартай бүтээлүүдийг уйгаржин бичгээр уншсан.

Та Монголын уламжлалт хоолонд дуртай тухайгаа бичсэн байсан.  Яг ямар  хоолонд нь дуртай вэ. Монгол, Унгарын хоолны соёлын ялгаа  хэр өөр байна?

-Уламжлалт монгол хоол маш гоё. Хамгийн эртний хоол болох хорхог бол миний дуртай хоол. Унгарчууд хүнсэндээ маш олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэхдээ бид нар маханд илүү дуртай, монголчуудтай адилхан. Унгарт нарийн боов маш алдартай. Бас маш олон төрлийн хоол хийдэг. Би шөлтэй хоолонд дуртай бөгөөд түүнийгээ олон төрлийн жимс, ногоогоор амталдаг.

Манай хоёр улсад олон адилхан зүйл байдаг. Үүэмй нэг нь, унгарчууд монголчууд шиг хөх толботой төрдөг гэдэг. Бүр таны хүү ч гэсэн хөх толботой төрсөн гэж байсан. Энэ тухай.

-Унгарын түүх уламжлал ёсоор манай хаадын удам Аттила хаанаас эхтэй гэж үздэг. Эртний шастируудад унгар ноёд хүннү гаралтай гэх тухай маш олон тэмдэглэл бий. Манай зарим ястан тухайлбал, одоогийн Румынд оршин суудаг сикэй болон чанго нарыг хүннү гаралтай гэж үздэг. Тэд өөрсдийнхөө өвөг дээдсийг Атилла хааны хүү Чаба юм байна гэдгийг бүр хүүхэд байхаасаа л мэдэж өсдөг. Унгарчууд Хүннүтэй холбоотой гэдгийг олон талаар нотолсон байна. Унгар хүүхдүүдийн дотор хөх толботон маш их байна. Миний хүү хөх толботой. Үеэл ахын минь хүү мөн адил хөх толботой.

Археологийн олдворууд болон угсаатны зүйд ч адилхан зүйлүүд байна. Жишээлбэл, одоогийн зарим унгар ястнууд 41 чулууны мэргийг шошоор хийдэг. Монголчуудын умайн агуйд хийдэг зан үйл Унгарт ч байгаа. Хүннү болон эртний Унгарын хооронд археологийн ижилхэн олдворууд байдаг бөгөөд сүүлийн хэдэн жилд тэдний холбоо хамаарлыг археогенетикийн шинжилгээр баталгаажуулсан.

Амьдрал дээр ч унгар, монгол хүмүүсийн хувьд ижил төстэй олон зүйл байгаа. Шүтлэг бишрэлийн хувьд ижил төстэй зүйлүүд бий. Өдгөөгийн унгарчуудын нэлээд хэсэг нь тэнгэр шүтлэгтэй. Бөө нар ч бий. Тэнгэр шүтлэгийн зан үйлүүд болох овоо тахих зан үйл нь ч, овоо нь тэр чигээрээ байгаа. Рашаан булгийн эхийг хамгаалдагаараа монголчууд болон  унгарчууд яг адилхан. Унгарчууд зарим газрыг сахиус эсвэл хааны нэрээр нэрлэсэн байдаг.

Зан аашийн хувьд ч монгол хүмүүстэй их төстэй. Европын бусад улсын хүмүүстэй харьцуулахад унгарчууд өөр буюу монголчуудтай илүү төстэй. Монгол хүний олон сайн чанар унгар хүмүүст бас байдаг. Манай хоёр ард түмний эрт дээр үеийн угсаатны зүйн зан үйл мөн төстэй гэж хэлж болно. Жишээлбэл, нарны тахилга, анд бололцох ёсны зан үйл “Монголын нууц товчоо”-нд нэлээд дурдагддаг бол манай “Gesta Hungarorum” түүхэн баримт бичигт ч иймэрхүү ижил төстэй зан үйлийн талаар бичиж үлдээсэн нь бий.

-Монголчууд модонд хадаг уядаг, харин унгарчууд өнгийн тууз уядаг нь бас адилхан шүү дээ.

– Тэгэлгүй яах вэ. Энэ бас адилхан зүйл байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон адилхан зүйлс бий.

Бямбын Ринчен гуай 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Унгар-Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны харилцаа 1950 оноос эхэлж, 1957 онд хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг байгуулж байсан. 2016 онд Унгарт сурдаг монгол оюутны тоо 70 байсан. 2021 онд 1400, болсон байсан. Жил бүр 200 оюутан Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байна. Яг өнөөдрийн байдлаар Унгарт хэдэн оюутан ямар чиглэлээр суралцаж байна?

– Хамгийн чухал салбар бол Боловсролын салбар юм. Энэхүү салбарын харилцаа 1950 оноос эхэлж, 1957 онд хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг байгуулж байсан. 2015 онд Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 100 оюутан суралцахаар болж байсан бол 2016 оны нэгдүгээр сард Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр энэ тоог 200 болгож нэмэгдүүлсэн. Ийнхүү Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр жил бүр 200 монгол оюутан Унгарт боловсролын бүх түвшинд, маш олон чиглэлээр суралцах боломж бүрдсэн. Одоогоор 1500 орчим оюутан Унгарт суралцаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 90 орчим оюутан суралцаж байна. Мөн НҮБ, Европын холбооноос зарласан тэтгэлгийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Унгарт суралцах боломж бас бий. Түүнчлэн хувийн шугамаар суралцаж буй оюутны тоо бас сүүлийн жилд нэмэгдсэн. Боловсролын салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүрээнд 2022 оны хоёрдугаар сард үзэглэсэн МУИС болон Унгарын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд Унгар хэл, соёлыг хөгжүүлэх тухай Санамж бичгийн хүрээнд МУИС дээр унгар хэлний хичээлийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.

Бахархмаар нь Унгарт хамгийн анх докторын зэрэг хамгаалж түүчээлсэн монгол хүн бол Бямбын Ринчен гуай байдаг. Үүний араас Унгар улс Европ тивд хамгийн олон монгол оюутан сургаж байгаа улс. Үүгээр бид бахархахаас өөр аргагүй. Жил болгон 700-800 залуучууд Унгарт сурахын төлөө өрсөлдөж байна. Энэ тоо цаашдаа нэмэгдэх боломж бий юу?

-Бямбын Ринчен гуай 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний докторын диссертаци Унгар улсын Шинжлэх ухааны академийн Номын санд хадгалагдаж буй.

Сүүлийн жилүүдэд Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхогч, суралцахыг хүсдэг монгол оюутнуудын тоо жилээс жилд өсч буй нь сайшаалтай юм. Одоогийн байдлаар жил бүр 1000 гаруй оюутан тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө өгч байна. Хөтөлбөрийн  хүрээнд хөгжиж буй орнуудын шилдэг оюутнууд Унгарт боловсрол эзэмших боломж, нөхцөлийг олгоод зогсохгүй нөгөө талаас өөрийн орны оюутнуудыг өрсөлдөөнтэй орчинд сургах боломжийг ч бүрдүүлдэг бөгөөд шилдэг оюутнуудыг өөрийн улсад суралцуулснаар боловсролын системд хөшүүрэг болно. Түүнчлэн Их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр бас хэрэгждэг. Энэ бас шинэ боломж. Түүнчлэн Монголын их сургуулиудтай Унгарын их сургуулиуд санамж бичиг байгуулж, богино хугацааны тэтгэлгээр Унгарт суралцах боломжтой.

Та нэгэн ярилцлагадаа Унгарын нэгэн их сургуультай Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар дурдсан. Энэ ажил хэр үр дүнтэй байгаа вэ?

-Тиймээ. Унгар улсын Печь хотын Шинжлэх ухааны Их сургуулийн Соёл судлал, багш бэлтгэх ба хөдөөгийн хөгжлийн факультетын дэргэдэх Таркань Сюч Эрню /Ernő Tárkány Szücs Legal Ethnographic and Legal Cultural History Research Group/-ын Эрх зүйн угсаатны зүй, эрх зүйн соёлын түүхийн судалгааны бүлэг нь Монгол Улсын Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй Олон улсын хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан хамтран ажиллах сонирхолтой байгаа. Энэхүү Санамж бичиг байгуулагдвал Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын төсөл хэрэгжүүлэх бөгөөд эрх зүйн соёлын түүх, эрх зүйн угсаатны зүйн хээрийн судалгааны төслийг хэрэгжүүлэх, хоёр талын зохион байгуулсан бага хуралд оролцох, хамтарсан семинар, зөвлөгөөнүүдийг зохион байгуулах зэрэг олон талын үр дүнтэй хамтын ажиллагаа бий болно. Мөн Монголын хэв хуулийг судалж болно. Энэ бол Шинжлэх ухааны судалгааны нэгэн чухал салбар юм.

Биологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд тул загас, бөхөн зэрэг ховор амьтны ДНХ-ны судалгаа хийж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хувьд археологийн туршлагаа хуваалцаж Хүннүгийн эзэнт гүрний малтлага хийхэд оролцохоос гадна Биологийн хүрээлэн хооронд маш чухал олон төсөл хэрэгжүүлж байгаа гэж байсан?

-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх салбарын нэг бол Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа юм. Манай хоёр академи нь 1960-аад оноос түүх археологи, 1970 оноос усны хайгуул, ус цэвэршүүлэх технологи, 1973 оноос нарны зайн үйлдвэрлэл, хураагуур, нарны эрчим хүч ашиглалт, 1979 оноос генетикийн болон шинжлэх ухааны бусад салбарт хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа маань өргөжин тэлж хөгжсөөр байна. Тухайлбал, 2021, 2022 онд НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлх, Ар Гүнт дэх Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Эдгээр төслийн зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газрыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн юм.

2024 онд байгуулсан протоколын дагуу ШУА-ийн Биологийн хүрээлэн, Философийн хүрээлэнгүүд дээр хоёр шинэ төслийг 2024-2026 онд хэрэгжүүлэхээр баталгаажуулан ажиллаж байна. Биологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд тул загас, бөхөн зэрэг ховор амьтны ДНХ-ны судалгаа хийж байна. Энэ судалгаа нь Олон Улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа.

Шенгений визний зөвшөөрлийг Унгарын ЭСЯ-наас олгодог талаар иргэд их асуудаг. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

-Шенгений гэрээний дүрмийн дагуу Шенгений виз нь ерөнхийдөө Шенгений бүсийн бүх орнуудад хүчинтэй тул манай Унгар улсын Элчин сайдын яаманд Шенгений виз мэдүүлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ өргөдөл гаргагчид үндсэн оршин суугаа улсынхаа Консулын газарт өргөдөл гаргах шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Хэрэв өргөдөл гаргагчид Шенгений бусад гишүүн орнуудад аялахаар төлөвлөж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө маш анхааралтай, зөв хийх хэрэгтэй. Учир нь тэдний аяллын гол газар нь Унгар биш бол бид виз олгох эрхгүй. Өргөдөл гаргагч нь үндсэн зорчих газар гэж тооцогддог гишүүн улсын Консулын газарт виз мэдүүлэх ёстой. Мэдээж, манай ЭСЯ-ны вэбсайтаас нэмэлт мэдээллийг авах боломжтой, эсвэл visa.uln@mfa.gov.hu  цахим шуудангийн хаягаар дамжуулан лавлах боломжтой. Цахимаар виз мэдүүлгийн цагаа аль болох эртхэн аваарай гэж зөвлөх байна.

Унгараас Монголыг зорьж ирдэг жуулчид хэр их байна. Ирж буй Унгарын иргэд Монголын юуг илүү их үзэж сонирхохыг хүсдэг вэ?

-Унгараас Монголд ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэд нар голдуу Монголын эртний түүхийн дурсгал, нүүдлийн соёлыг сонирхож байна. Гэхдээ  хоёр улсын хоорондын зай болон Монголын дэд бүтцийн дутагдал, үйлчилгээний өндөр зардал гэх мэт байдлаас шалтгаалан бас тийм ч сайн үзүүлэлт гарч чадахгүй байна. Гэхдээ Унгараас судлаачид эрдэм шинжилгээ судалгааны ажлаар байнга ирдэг нь сайшаалтай. Хэрвээ бид эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг илүү өргөжүүлбэл зорин ирэх судлаачдын тоо нэмэгдэж магадгүй.

Монгол, Унгарын усны аж ахуйн хамтын ажиллагаа бүр 1957 оны 3 дугаар сард Унгар Монголын Засгийн газрын хооронд усны аж ахуйн талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас эхтэй юм.

Унгар, Монгол хоёр улсын худалдааны эргэлт эрс нэмэгдэж 2021 онд оргил үедээ буюу 20 сая ам.долларт хүрсэн гэдэг. Тэгэхээр сүүлийн  3 жилийн хугацаанд энэ үзүүлэлт хэр их нэмэгдсэн бэ?

-Миний бие элчин сайдаар томилогдсноосоо хойш хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Унгараас Монгол руу экспортолсон барааны хэмжээ 120 хувиар өссөн. Энэхүү үзүүлэлт энэ жил мөн өсөхөөр харагдаж байна. Унгараас Монгол Улсад хийж буй гадаад худалдааны хэмжээ харьцангуй бага хэвээр байгаа боловч 2024 оны эхний хагаст бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 40 гаруй хувиар өссөн байна.

Унгарын экспортын тухайд бид хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, эмийн үйлдвэр, үйлчилгээ, зарим үйлдвэрийн туслах материал экспортлох томоохон боломж байгааг харж байна. Мөн Унгараас эмийн худалдаа, шинэ эм бэлдмэлийг Монголд нэвтрүүлэх нь чач холбогдолтой. Дээр дурдсан зүйлсээс гадна бид, Унгарын үйлчилгээг Монголд борлуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, харилцаа хамтын ажиллагаа бий болгох чухал үйл ажлыг өрнүүлж байна.

Манай Элчин сайдын яамнаас гадаад худалдааг дэмжих мэргэшсэн үйл ажиллагаануудыг шат дараатай явуулдаг бөгөөд үүний үр дүнд Монголд Унгарын бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байгаа гэсэн ерөнхий дүр зураг гарсан. Бидний зохион байгуулж буй хоёр улсын компани хоорондын уулзалтууд, Монголын компаниудын Унгар руу хийх аяллыг дэмжих мөн компани болон бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээний үеэр бий болсон хувийн харилцаа зэрэг нь зах зээлд нэвтрэх боломжид чухал хувь нэмэр оруулдаг.

Унгарын усны мэргэжилтнүүд Монголын говь цөлд олон зуун худаг өрөмдсөн бөгөөд нутгийн малчид одоог хүртэл Унгарын худаг гэж их ярьдаг. Тэгэхээр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд энэ чиглэлээр  хамтран ажиллах бололцоо хэр их байдаг вэ?

-Түүхийг нь товчхон сөхвөл, Монгол, Унгарын усны аж ахуйн хамтын ажиллагаа бүр 1957 оны 3 дугаар сард Унгар Монголын Засгийн газрын хооронд усны аж ахуйн талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас эхтэй юм. Газрын доорх усыг эрж хайхад геофизикийн арга нэвтрүүлэх, өрөмдмөл худаг байгуулах зэрэг ажлыг өргөтгөхөөр Унгар улсаас геофизикийн ба өрөмдлөгийн мэргэжилтнийг урьж, машин механикм, тоног төхөөрөмж захиалан авч Төв, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутагт ажиллуулсан байна. Энэ үеэрээ 400 гаруй худаг барьж байгуулсан байдаг. Монгол малчид маань түүнийг мартаагүй “унгар худаг” хэмээн нэрлэдэг гэсэн.

Спорт, урлаг, соёлын хамтын ажиллагааны хэрхэн үргэлжилж байна вэ?

-Соёлын салбарын харилцаа тасралтгүй үргэлжилж байгаа. Тухайлбал, Кино урлагийн салбарт Унгар, Монгол, Англи, Австралийн хамтарсан “1242 он Баруунд гарах гарц” нэртэй уран сайхны киног Унгар, Монголын уран бүтээлчид хамтран бүтээж байна. Одоогийн байдлаар киноны зураг авалт дууссан, эвлүүлгийн ажил явагдаж байгаа. Ирэх жил киноны нээлт болно гэж найдаж байна. Мөн энэ жил Унгарын Үндэсний ТВ өөрийн уран бүтээлчдийн бүтээсэн Монголын тухай  “Гэгээн дорнын мартагдсан увидас” хэмээх 14 ангит баримтат киног олон нийтэд толилуулсан. Унгарын ард түмэн энэ киноноос Монголын соёл иргэншлийг сайн ойлгож чадсан. Спортын салбарын хувьд хамтын ажиллагаа нэлээд өндөр төвшинд өргөжин хөгжиж байна. Тухайлбал, Унгарын Пушкаш Академи авьяастай монгол залуу хөлбөмбөгчдөд жил бүр тэтгэлэг олгож байна. Мөн Унгараас  гаралтай спорт болох текбулл монгол залуучуудын дунд нэлээн танигдаж, олон залуус хичээллэж байна. Морьт харвааны Олон улсын тэмцээнд Унгараас тамирчид байнга ирж байна. Г.Занданшатар Их хурлын даргын Унгар Улсад хийсэн айчлалын үеэр хоёр орны  Олимпийн хороод Санамж бичиг үзэглэсэн.

Саяны таны дурдсан Унгар, Монгол, Англи, Австрали гурван улсын хамтарсан “1242 он Баруунд гарах гарц” нэртэй уран сайхны киног Унгар, Монголын уран бүтээлчид хамтран бүтээж байна. Энэхүү кинонд Сүбээдэй баатрын тухай өгүүлж байгаа гэсэн. Сүбээдэй баатрыг Дунай мөрний эрэг дээр морио усалж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг шүү дээ.

-Сүбээдэй баатрын тухай мэдээлэл бага байна. Үнэнийг хэлэхэд Унгарчууд Сүбээдэй баатрыг харгис догшин гэж үздэг. Яагаад гэвэл, Шаёо голын тулалдаанд Сүбээдэй баатар ялсан гэдэг. Харин цэргийн түүхээс үзэхэд дэлхий дахинаа алдаршсан агуу жанжин байсан. Тэр хэзээ ч ялагдаж байгаагүй учраас энэхүү жанжинг бид маш их хүндэлдэг.

Монгол Унгар хоёрын хооронд төстэй 1500 үг олдсон гэдэг бөгөөд энэ нь хэлний ижил төстэй байдлыг илчилсэн байна. Ямар төрлийн үгнүүд вэ?

-Яг нарийн тоо нь баттай бус ч ижил үгнүүд маш олон байгаа. Тухайлбал, ихэр-икэр, үхэр-үкэр, бяруу-борюу, тэнгэр-тангэр, тэвш-тебши, шонхор-чонгор гэх мэт бий. Анх 1873 онд Унгарын монголч эрдэмтэн Балинт Габор 1200 төстэй үг олсон. Гэхдээ үүнээс ч олон төстэй үг байна. Монгол, унгар хэлэнд төстэй үгнүүд бий. Тухайлбал, “Алтан товч”-ийг уншиж орчуулж байхад бэтэги-бэтэг гэсэн адилхан үг нэлээн хэд байсан. Мөн газар усны адилхан нэр тааралдаж байсан нь Улаанбаатараас ойрхон эртний дурсгал бүхий газар Бэлх гэдэг газар байдаг бол манай Унгарт бас Бэл гэдэг эртний тахилгын газар байдаг. Манай хоёр ард түмний эрт дээр үеийн угсаатны зүйн зан үйл мөн төстэй гэж хэлж болно. Жишээлбэл, нарны тахилга, анд бололцох ёс зэрэг ижил төстэй зан үйлийн талаар дээр дурдсан шүү дээ.

Ирэх онд хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо.

Таны хувьд Европ дахь Хүннүгийн түүх, соёлын тухай хэд хэдэн цуврал өгүүлэл, ном бичсэн. Үүний нэг жишээ бол, “Европыг донсолгосон хүннүгийн түүх буюу Аттила хааны цадиг” номыг Монгол хэл дээр уншигч олны хүртээл болгосон. Энэ номын тухай?

-Европын Хүннүгийн тухай монгол эрдэмтэд мэдээлэл багатай байсан. Тэд нар Хүннүгийн тухай бичигдсэн номноос голдуу дутуу эсвэл буруу мэдээлэл авдаг байсан. Би ийм нөхцөл байдлыг ойлгож яг тухайн үеийн түүхийн сурвалж болон Хүннү уламжлалыг хадгалж чадсан Унгарын эртний шастирыг үндэслэн номоо бичсэн. Яагаад Унгар шастирт байгаа мэдээ зөв гэж бодсон гэхээр тэнд байгаа ёс заншил, түүх яг Азийн Хүннүтэй төстэй болох нь харагдсан.

2025 онд Унгар Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Хоёр улсын харилцаа боловсрол, соёл урлаг, түүх, археологийн чиглэлд идэвхтэй хөгжиж байна. 75 жилийн ойд зориулж ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Ирэх онд хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Бид, соёл боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх, мөн хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлан ажиллана. Мөн усны салбарт хамтын ажиллагаагаа шинэчлэх боломж байгаа. Монголын талаас ч мөн ийм хүсэл эрмэлзэл байгаа тул хамтын ажиллагаагаа шинэчлэх боломжтой юм.

Та Унгар, Монголын харилцааны ирээдүйг хэрхэн харж байна?

-Дипломат харилцааны 75 жилийн түүхтэй ч олон мянган жилийн тэртээгээс  түүхэн сэжмээр холбоотой манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа салбар бүрд жилээс жилд улам илүү хүрээгээ тэлж, өргөжнө гэдэгт маш их итгэлтэй байна. Үүний тулд бид хичээнгүйлэн ажиллаж байна. Олон сайхан боломжууд байгаа бөгөөд үүнд Унгарт төгссөн оюутнууд гүүр болж, ирээдүйд эдгээр залуус энэ ажлуудыг түүчээлнэ гэж бодож байна.

Унгарчууд Зул сарын баярын хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний өмнөх өдөр буюу 24-ны орой манайд яг монголчуул шиг битүүлдэг. Энэ өдөр мах иддэггүй, харин загас идэж болдог. Яагаад гэвэл, тухайн үед Есүс Христ мэндэлсэн учраас мацаг барьдаг. Зарим хүнсний зүйлээр ид шидийн зүйл хийдэг. Жишээ нь, гэрийн эзэгтэй алимыг гэр бүлийн гишүүдийн тоогоор хуваагаад хүртээдэг. Энэ нь хэзээ ч салахгүй, эв нэгдэлтэй байх болно гэсэн утгатай. Яг л Алунгоо эхийн сургаал шиг. Мөн тэр орой ширээнд үлдсэн талхны жижиг үйрмэгийг цуглуулаад, эрүүл байхыг ерөөн малдаа өгдөг. Ер нь бол битүүний оройны ширээн дээр тавьсан алим, хушга зэрэг  идээг эрүүл мэндэд сайн гэдэг. Зул сарын баярын үед хүүхдүүд бөөнөөрөө айлд очиж, мэндчилгээ дэвшүүлснээр тэндээс Шинэ жил эхэлдэг.  Энэ өдөр айл бүхэн гэрээ цэвэрлэж гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг бэлгэддэг аж. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч, баярын ширээгээ засаж угтдаг заншилтай. Энэ бол хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр бөгөөд Унгарт бэлгийг Христос өөрөө өгдөг гэж үздэг.

– Эх дэлхийн өнцөг булан бүрд суугаа Унгарчууд болон Монголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч.

– Ирэх жил Унгар, Монгол хоёр улс Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ой тохионо. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжин тэлэхийн ерөөл өргөөд Монголын нийт ард түмэндээ ирж буй 2025 оны Шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн шинэ ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байгаарай.

-Бидний урилгыг хүлээн авч, нээлттэй, халуун дотноор ярилцсанд маш их баярлалаа. Танд шинэ оны мэнд хүргэе.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.