“Уяхан замбуутивийн наран” дуугаараа монгол түмнээ уярааж, уртын дууны шуранхайг дэлхий дахинаа таниулсан домогт уртын дуучин бол Намжилын Норовбанзад агсан билээ.
Тэрээр 1931 оны 12-р сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сум Сүүдэртийн улаан овоо хэмээх газар мэндэлжээ. Түүний аавыг Дамдин гэдэг ч тэрээр ээжээрээ овоглосон аж. Бага насанд нь түүнийг “Бундан цагаан” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байв. 1940 оны намар 9 настайдаа Дэлгэрцогт сумын бага сургуульд элсэн орж, сургуульдаа дуу дуулдагаараа алдаршиж “Дуучин шар” хэмээх хочтой болсон байна. Түүнийг гуравдугаар ангид орох жил буюу 1942 онд эцэг Дамдин нь нас барж, тэрээр сургуулиа орхин малчин болов.
1946 онд буюу Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сайн дурын уран сайханч Н.Норовбанзад Нийслэл хотод ирж “Идэр Жинчин” хэмээх уртын дууг дуулснаар их урлагт хөл тавьжээ.

1961 оны төмөр үхэр жил Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт “Уяхан замбутивийн наран” дуугаа дуулсан.

Түүний анхны дуулж сурсан уртын дуу нь “Сэрүүн сайхан хангай” хэмээх дуу бөгөөд “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэсэн байдаг. 1961 онд дээд сургуулиа төгсөж дуучны мэргэжил эзэмшсэн бөгөөд 32 настайдаа буюу 1963 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож 3 жил ажиллажээ. Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж байсан түүхтэй.
1949 онд зохиолч Намсрайн Банзрагчтай гэр бүл болж 3 хүүхэд төрүүлжээ.

Монгол уртын дууг дэлхий дахинаа таниулсан түүний гавъяаг үнэлж 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1993 онд Японы Фүкүокагийн “Азийн соёлын шагнал”, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээжээ.
2005 онд Сэрүүн сайхан хангай дуу нь түүний дуулсанаар ЮНЕСКО-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорсон юм. 1960-2002 онд монгол ардын уртын дууг өөрийн орондоо төдийгүй Франц, Дани, Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Бангладеш, Герман, Итали, Чехословак, Унгар, Болгар, Польш, Югослав, АНУ зэрэг орнуудад айлчлан тоглож сурталчлан таниулж байжээ.

Түүний репертуарт Монгол ардын уртын дууны охь болсон Сэрүүн сайхан хангай, Уяхан замбуутивийн наран, Эртний сайхан, Дөмөн, Энх мэндийн баяр, Хэрлэнгийн барьяа, Түмэн эх, Өвгөн шувуу хоёр, Дуртмал сайхан, Бор борын бялзуухай, Саруул тал зэрэг дуунаас гадна монгол ардын богино дуу Баян Монгол, Үхэрчин хүү, Үлэмжийн чанар, Манарч байгаа шил, Ганган хар морь, Гоолингоо, Ян тайван гөөгөө, Дөрвөн цагийн тал зэрэг дуунуудыг дуулжээ.
Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад Монголдоо төдийгүй дэлхий дахинаа уртын дууны шуранхайг гайхуулсан суут хүмүүн билээ.
