Нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа энэ өдөр мэндэлжээ

Монголын хөгжмийн урлагийг шинэчлэгчдийн нэг, Төрийн шагналт, УГЗ, Ардын жүжигчин Сэмбийн Гончигсумлаа 1915 оны хоёрдугаар сарын 18-нд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Ихэн хашаатын худаг” гэдэг газар мэндэлжээ. 1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа (Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон.

1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд (одоогийн Дундговь аймгийн Луус сум) малын эмч, 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркт хөгжимчин, 1943-1950 онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач, 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.

1961 онд “Ган Хуяг” бүжгэн жүжгээр БНМАУ-ын Төрийн шагнал, 1965 онд БНМАУ-ын УГЗ, 1971 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цол, 1975, 1985 онуудад Сүхбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, 1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гишүүн болжээ.

1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв.

Тэрээр “Ганхуяг” бүжгэн жүжиг, “Хошуу наадам” бүжгэн жүжиг, “Сүнжидмаа” зэрэг бүжгэн жүжгүүд, Хуучир, шударга, төгөлдөр хуурын гурвал, Шударга, төгөлдөр хуурын рапсоди, “Адуучны дуу”, “Романс” зэрэг хийлийн чуулгууд, “Сэрэлт” уран сайхны кино, “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны хөгжмүүд, “Жаргаах зүрхэн”, “Чамайг үдье”, “Хайрын дуу”, “Өргөн хангай нутаг”, “Сүлд модны наадмын дуу” зэрэг 60 гаруй дуу, романс туурвижээ.

Хөгжминй урлагийн нэрт зүтгэлтэн С.Гончигсумлаа 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод насан өөд болжээ.

Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Коллежийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болгосон юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.