УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Охид, хөвгүүдийг 10-р сарын 24-нөөс эхлэн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах аян эхэлнэ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 10-р сарын 24-нөөс эхлэн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах аян эхлүүлэхээ мэдэгдлээ.

Энэхүү вакцин нь хүний папиллома вирусийн халдварын эсрэг үйлчилдэг бөгөөд дэлхийн 137 орон дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлэн 9-14 насны хүүхдэд хийж байна. Уг вакцин нь умайн хүзүүний хавдар зонхилон үүсгэдэг 4 төрлийн вирус ( HPV 6, 11, 16, 18 хэв шинж) бэлгийн үү, анусын хавдар зэрэг өвчнөөс сэргийлдэг аж. Манай улсад хэрэглэх 4 цэнт вакцин нь ДЭМБ-ын гэрчилгээтэй бөгөөд 1 тунгаар савлан АНУ-д үйлдвэрлэдэг.

Монгол Улс Зүүн өмнөд азийн орнуудын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл,нас баралтын үзүүлэлтээр өндөр түвшинд орж байгаа бөгөөд 2016-2022 онуудад умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох хавдрын 2 дугаарт, нас баралтаар 5 дугаарт орсон харамсалтай тоо баримтууд бий. Мөн 2023 онд умайн хүзүүний хавдраар 425 эмэгтэй өвдөж, 160 нь нас баржээ.

ДЭМБ-аас уг вакциныг хүүхдийг бэлгийн хавьталд орохоос өмнө хийх нь үр дүнтэй гэж зөвлөдөг бөгөөд умайн хүзүүний хавдар, бэлгийн үү нь бэлгийн замаар халддаг бөгөөд хөвгүүд уг вирусийг тээж халдвар дамжуулдаг. Түүнчлэн хөвгүүдийг анус буюу хошногоны хавдараас сэргийлэх ач холбогдолтой юм.

Дэлхийн олон улс уг вакциныг нэвтрүүлээд 50 гаруй жил болж буй бөгөөд умайн хүзүүний хавдрын өвчлөл эндэгдлийг бууруулсан олон судалгаа бий. Тухайлбал, Швед улсад 9-16 насны охидод хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийснээр умайн хүзүүний хорт хавдар 88 хувиар буурсан байна. Мөн 2019 онд Лансет сэтгүүлд хэвлэгдсэн хүний папиллома вирусийн эсрэг вакцинтай холбоотой нийт 1702 судалгаанд дүгнэлт хийхэд АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд умайн хүзүүний хавдрын 16,18 хэв шинжийн тархалт 66-83 хувь буурсан дүн гарчээ. Мөн хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан байна.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг 1 вакцины үнэ 19 төгрөг бол умайн хүзүүний хорт хавдрын зөвхөн мэс заслын эмчилгээний зардал 3 сая төгрөг, дотуур туяа эмчилгээний зардал 9 сая төгрөг, хими эмчилгээнд 7 сая төгрөг байдаг бөгөөд 1 хүний эмчилгээнд дунджаар 19-20 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байна.

Дархлаажуулалт товлолын дагуу 11 настай хүүхдэд үнэ төлбөргүй хийж байгаа хэдий ч вакцин, зүү тариурыг Засгийн газрын хөрөнгөөр НҮБ-ын Хүүхдийн санд UNICEF Mongolia захиалан авч байгаа.

ДЭМБ-ын алсын хараа бол Умайн хүзүүний хорт хавдаргүй болох, 2030 он гэхэд дэлхийн 15 нас хүртэлх бүх охидын 90 хувийг хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах зорилтыг тавьж байгаа хэмээн М.Нарантуяа-Нара гишүүн мэдэгдлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.