“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг тоглоно

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 2025 оны 4-р сарын 4, 5, 6, 11, 12, 13-ны өдрүүдэд тоглоно.

Эдгээр тоглолтууд нь Унгар улсад болох МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд оролцохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2025 оны 4-р сард Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдах МИТЕМ буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр оролцоно.

Энэхүү наадам нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой томоохон наадам билээ.

2025 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхээр төлөвлөж байна хэмээн УДЭТ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.