Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар гүйлтээ эхлүүллээ

Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар эх орныхоо баруун хязгаараас гүйлтээ эхлүүллээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар гараанаас гарлаа.

Хэт холын марафон гүйгч нар Алтай таван Богдын Cонгинотын даваанаас 2025 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 12:20 цагт гүйлтээ эхлүүлсэн бөгөөд дайчдад амжилт ерөөж үдэн мордуулах арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Соёмбо” редакцын дарга И.Буянжаргал, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон Цэргийн штабын дарга хурандаа Ц.Буянтогтох, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч хурандаа Ш.Уртнасан, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч хурандаа Х.Золжаргал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн дугаар салбарын захирагч ахмад Г.Хосбаяр, Баян-Өлгий аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, бие бүрэлдэхүүн, Өлгий нутгийн зон олон, гүйгчдийн ар гэрийнхний төлөөлөл оролцлоо.

Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөжээ. Ингэхдээ өдөрт дунджаар 50-55 км замыг туулах юм байна.

Багаар түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан цэргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх бүлэг томилогдсон бөгөөд бүлгийн даргаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч хошууч Г.Уламбаяр, эмчээр тус ангийн эрүүл ахуйч эмч дэслэгч Б.Золбоо, жолооч-тогоочоор мөн тус ангийн батальоны ахлах тогооч, ахлах ахлагч Б.Золбоо, жолоочоор Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн жолооч, ахлагч О.Ууган-Эрдэнэ, гэрэл зурагчнаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гэрэл зурагчин О.Мөнхбат нар ажиллаж байна. Түүнчлэн “Соёмбо” редакцынхан контент, нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэн олон нийтэд түгээхээр тус тус дагалдан ажиллаж байна.

Мэдээллийг нийтлэх мөчид буюу 20.00 цагийн үед гүйгчидтэй холбоо барихад Алтай таван Богдын Cонгинотын даваанаас гүйсээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл бригадад ирсэн байв. 32 км замыг 4 цаг 13 минутад туулж дуусгаад амрахаар ийн буудаллажээ. Тэд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг сүлжин гүйсээр Үндэсний их баяр наадмын өмнө барианд орохоор төлөвлөөд байна хэмээн БХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.