ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ч.Мөнхбаяр ноцтой хүндрэлээс эхийн алтан амийг аварсан тухайгаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрээр “Энэ удаагийн ээлжит алсын дуудлага 05 сарын 06 ны шөнийн нэг цагаас хотоос хөдөлж 500 гаруй километр газарт 120 км/цаг хурдтай давхисаар нэгэн аймгийн сэхээний тасагт байгаа төрөх үедээ маш их хэмжээний цус алдаж хүндэрсэн ба мэс засал хийсэн ч цус тогтохгүй үргэлжилж байсан эхэд давтан мэс засал (релапаротоми) хийж амжилттай цус тогтоогоод нэгэн эхийн алтан амийг аварч 3 хөөрхөн үрд ээжтэйгээ амьдрах хувь заяаг бэлэглэх асар хариуцлагатай хүнд хэцүү бөгөөд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, туршлага шаардсан нэг хором, нэг мм хэмжээс алдаж болохгүй ажил байлаа. Бид 3 цаг орчим хугацаанд мэс заслыг амжилттай гүйцэтгэж эхийгээ аварлаа. Хамтран зүтгэсэн ЭХЭМҮТийн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулахын эмч нутгийн дүү Б.Энхжаргал, алсын түргэний жолооч Батзаяа болон мэс засал хамт хийсэн баг бүрэлдхүүндээ туйлын их баярлалаа. Энэхүү тохиолдол нь миний тухайд 301 дэх удаагаа ноцтой хүндрэлээс эхийн алтан амь аварсан тохиолдол болж бүртгэгдлээ” гэв.
