УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцуулга хийв. Тэрбээр, ажлын хэсэг нийт зургаан удаа хуралдаж, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар онцолж, боловсролын салбарын барилга байгууламжийн хүртээмж, багшийн хүрэлцээ, сургуулийн менежмент гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын тайлан, мэдээллийг сонссон болохыг дурдлаа.
Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулийг дагаж гарсан журмууд болон тэдгээрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, бүх шатны багш нарын цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудал, үнэлгээний систем, боловсролын тэгш хүртээмж, сургалтын орчны стандартын хэрэгжилт зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр санал, дүгнэлт боловсруулжээ.
Судалгаагаар орон нутагт 39, нийслэлд 85 сургууль 1800-аас дээш хүүхэдтэй буюу даац хэтрэлттэй,
нийт суралцагсдын 368,497 сурагч буюу 50.8 хувь нь даац хэтэрсэн сургуульд сурч байна. Орон нутагт 100 суудалтай 54 цэцэрлэг, 150 суудалтай 2 цэцэрлэг шинээр барих хэрэгцээтэй байна.
Төрийн өмчит сургууль болон цэцэрлэгүүдэд нийт 5,543 багшийн дутагдалтай байна гэв.



