УИХ-ын чуулганы хуралдаанд “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэх үеэр дараах асуултуудыг асуулаа.
Тэрбээр, “Монгол Улсаа хөгжүүлэх бүтэн нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөг ярьж байгаа энэ үед төлөвлөгөөг боловсруулсан, биелүүлэх ёстой яамдын сайдууд хуралдаандаа байхгүйд их харамсаж байна. Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Л.Гантөмөр сайд нар байхгүй байна.
Нэгдүгээр асуулт, 2026 оны хөгжлийн хөтөлбөр 2025 оны хөгжлийн хөтөлбөр дээр тулгуурладаггүй юм уу? 2025 оны төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт 35 төсөл байсан. Эдгээрийг 2025 онд хийж амжихгүй бол 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаад явах нь хэн ч харсан ойлгомжтой асуудал. Тодруулбал, Налайхын ДЦС-ыг өргөтгөнө, Говьсүмбэр, Дундговь аймагт ДЦС барина гээд бүгд 2025 оны хөгжлийн хөтөлбөрт байсан, 2026 оных дээр байхгүй. Үүн дээр хариулт авъя.
Хоёрдугаарт, Хөгжлийн хөтөлбөр чинь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тулгуурладаггүй юм уу? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр маш олон ажлыг иргэдэд зориулж хийж өгнө гээд амлачихсан. Энэ зүгээр хоосон амлалт байсан юм уу?
Гуравдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх 2026 оны хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол УИХ-ын 126 гишүүд хэлэлцэж баталсан хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх субъект нь яамдууд, сайдууд биш юм уу? Эрчим хүчний салбарт хэрэгжих 35 төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө яам, сайдууд өнөөдөр ямар ажил хийж байна гэдгийг тасралтгүй араас нь хөөцөлдөж байгаа. Зарим ажлууд дээр хуруугаа ч хөдөлгөхгүй.
Тэгэхээр, 2025 оны хөгжлийн хөтөлбөрийг улирал тутам дүгнээд, энэ ажлуудыг хэрэгжүүлэхэд ямар ажил хийсэн юм, хуруугаа хөдөлгөсөн юм уу гэдгийг хэмжээд, хөдөлгөөгүй бол ямар хариуцлага тооцох вэ гэдэг хууль эрх зүйн орчин байдаг юм уу гэдгийг асуумаар байна.
Эрчим хүчний салбар өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг гацаачхаад байгаа ганц салбар. Тийм ч учраас энэ салбарыг хөгжүүлэх хөтөлбөр дээр бид онцгойлон анхаарах ёстой. Гэтэл өнөөдөр хөтөлбөр боловсруулсан сайд нь байхгүй, асуултад хариулах хүн нь байхгүй байгаад харамсалтай байна” гэв.
Эдгээр асуултын хариултад Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Өлзий, “Эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын тоо хэмжээ маш өндөр байгаа. Тухайлбал,2026 оны төлөвлөгөөнд яамнаас 22 ихнаяд төгрөгний шаардлагатай санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг 2025 оны төлөвлөгөөнд тусгуулъя гэж хүргүүлсэн. Үүнээс 13 ихнаяд төгрөгний санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр, 2026 онд 4 ихнаяд, 526 тэрбум төгрөгийн ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан. Бидний зүгээс хүргүүлж буй саналд, үнийн дүн өндөр, улсын төсвөөс бус зээл тусламжаар хэрэгжүүлэх төслүүд байгаа. Зээлээр хэрэгжих төслүүд нь өрийн тааз, макро эдийн засгийн тогтвортой байдал зэргээс шалтгалаад зээлийн хүсэлтүүд турхай бүр гарахгүй байгаа асуудлууд байна” гэв.
