УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураалаа. Санал хураалтын үр дүнгээр 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэхүү хуулийг өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй хууль санаачлагчид дараах үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ.
-Энэ чиглэлийн платформууд хориглогдож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно
-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ
-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна
-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,
-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно гэв.
