Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын алдарт, Манлай уяач Б.Ерөөлттэй ярилцлаа. Гүндүүгүй сайхан яриандаа биднийг автуулж, студид маань түр саатсан юм.
– Та хэзээнээс морь уяж эхлэв. Хурдан морьтой холбогдсон түүхээсээ хуваалцаач?
– Өвөө аав хоёр морь уядаг байсан. Миний хувьд нэгдүгээр ангиасаа эхлэн наймдугаар анги төгстлөө хурдан морины унаач хүү байв. Гэр бүл, ажил бизнес тогтворжсоны дараа морь уях бодол төрж, 2004 онд Ховдоос аймгаас морь авснаар хурдан морь уях их ажил Өлзийт хороололд эхэлсэн түүхтэй.
– Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн наадмыг эргэн дурсвал?
– Улсын том уралдаанаас түрүү хүртсэн анхны тохиолдлыг тодхон санаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолт “Дүнжингарав-2012” уралдаан байсан. Тэр наадмаас хойш Халзан морь минь олон ч наадамд айраг түрүү хүртэж, намайг Улсын алдарт уяач болох болзлыг дангаараа хангаж магнай тэнийлгэсэн хурдан буян.
– Монгол Улсын алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?
2013 онд Халзан мориныхоо амжилтаар Монгол Улсын алдарт уяач, 2019 онд Монгол Улсын Манлай уяач цолыг тус бүр хүртсэн.
Халзан морь тань олон наадамд айраг түрүү хүртсэний нууц нь юундаа байна вэ?
Халзан морьтойгоо учрах хувьтай байж дээ гэж боддог. Сүхбаатар аймгийн олон сумдаар явж 30 гаруй морь үзсэний эцэст хурдан халзангаа авсан юм. Тэр үед би юугаа ч мэдэхгүй шинэхэн уяач байлаа шүү дээ. /Инээв/ Халзан морио уяж сойгоод Дүнжингаравын наадамд уралдуултал түрүүлчихсэн. Тэгээд л ийм хурдан байгаа хүлгийнхээ уяа сойлгыг алдчихгүй юм сан гэж их хичээсэн. САЙН МОРЬ ХҮНИЙГ ЖИНХЭНЭ УЯАЧ БОЛГОДОГ.
Та хэдэн онд Ховд аймгийн уяачдын холбооны даргаар томилогдов. Энэ хариуцлагатай албанд томилогдсоноос хойш ямар ажлууд хийж бүтээв?
2015 онд Ховд аймгийн Алтайн унага уяачдын холбооны тэргүүн болсон. Энэ хугацаанд аймгийнхаа Шигшмэл хурд уралдааныг зохион байгуулж, түрүүлсэн морьдыг автомашинаар байлж, унаач хүүхдүүдэд өргөө цагаан гэр бэлэглэсэн. Мөн Улс, аймгийн алдар цолтой уяачдыг залуу уяачидтай уулзуулж туршлага солилцуулах, унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсгөх, аюулгүй байдлыг сайтар хангах талаар хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан. Эдгээр ажлыг минь үнэлж 2019 онд ММСУХ-ноос “Шилдэг уяачдын холбоо” шагнал хүртээсэн.
Танай сум орон нутгаас алдартай уяач нар сүүлийн үед төрөн гарч байгаа гэж сонссон. Энэ талаар?
Яг үнэн. Манай суманд олон сайхан уяачид бий. Хамгийн сүүлд гэхэд Монгол улсын Манлай уяач цолыг Ч.Ганболд хүртсэн. Манай нутгийн нэг онцлог нь морь уралдах маш сайхан газар нутагтай. Гараанаас бариа хүртэл харагдах тийм өргөн дэлгэр дэвжээ Монголын өөр хаана ч байхгүй гэж боддог.
Өнгөрсөн зуны Улсын баяр наадамд таны их насны морь түрүүлсэн шүү дээ. Энэ тухай эргэн дурсвал?
Үнэхээр гайхалтай. Төрийн их баяр наадамдаа их насны морио түрүүлүүлж төрж өссөн нутаг, төрсөн овгоороо дуудуулна гэдэг чинь үнэхээр сайхан. Тэр тусмаа өөрийн унаган адууны их насны морио түрүүлүүлэх шиг хамгийн сайхан мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. “Агуу” гэдэг үг ч багадахаар шүү дээ. Өдийг хүртэл гаргасан амжилтууд нийлээд Уяач хүний дээд цол болох “Тод манлай уяач” цолны болзлыг хангасан сайхан мэдээ дуулдаад л байна даа.
Бидэнтэй сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Морь нь хурдан, уяа нь эвлэг байх болтугай.