Ж.Бат-Эрдэнэ: Орхон-Хишиг-Өндөр- Гурванбулаг чиглэлийн автозамын ажил улсын төсөвт суусан

Бид энэ удаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 2025 оны улсын төсвөөр Орхон-Хишиг-Өндөр- Гурванбулаг чиглэлийн 59.2 км автозамын ажлыг гүйцэтгэхээр болсон тухай, мөн Түлүүгийн давааны худалдааны цэг, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг асуудлын талаар уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2025 оны төсөв батлагдлаа. Энэ жилийн төсөв урт хугацааны үйл явцыг хамарлаа шүү дээ. Энэ талаар яриагаа эхэлье.

– Энэ жилийн төсөв олон нийтийн анхаарлын төвд байж, батлагдлаа. Бид урьд өмнө нь төсөвтөө хориг тавиулж байсан ч бүтэн хориг тавиулж байгаагүй. Үүнтэй холбогдуулж Засгийн газар хоёр дахь удаагаа төсвөө өргөн мэдүүлээ. Хамгийн гол онцлог бол энэ удаагийн төсөв ямар ч алдагдалгүй батлагдаж чадсан. Улс орнуудын хувьд эдийн засгийн шалтгаан, инфляц, зорилт хөтөлбөрүүдтэй холбоотойгоор төсвийн алдагдал байдаг. Энэ удаагийн төсөвтэй холбоотойгоор гаргасан ажлын хэсэг нэлээн сайн ажиллалаа, Засгийн газар ч бас нэлээн цохилт авч, нийгэмд нэлээн анхаарлыг төвд байлаа. 2.4 их наяд төгрөгний таналт хийж, алдагдалгүй баталаа.

Урьд өмнө нь парламентад хоёрхон нам ээлжилдэг байсан бол одоо таван намын төлөөлөл сууж байна. Энэ бол асар том хүч, асар том ардчилал болж байгаа

Бид Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй парламентийг бий болгосон. Үүнд зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. Миний хувьд 126 гишүүнтэй болох явдлыг дэмжиж, ингэснээр бидний хувьд илүү сайхан ирээдүй нээгднэ гэж үзэж байсан. Урьд өмнө нь парламентад хоёрхон нам ээлжилдэг байсан бол одоо таван намын төлөөлөл сууж байна. Энэ бол асар том хүч, асар том ардчилал болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор маш олон үзэл бодол орж ирлээ. Магадгүй энэ маань Ерөнхийлөгчид хүрч, төсвөө эргэн харах, хориг тавих нөхцөл болсон байх. Энэ нь нийгэм цэвэрших, парламент цэвэрших үндэс болж, Засгийн газар дураараа дургих боломжгүй болж байна шүү дээ. Цаашлаад, дараа дараагийн жилүүдээс илүү сайжирна гэж харж байна.

-Та хойд бүсээс сонгогдсон гишүүн. Нэгэн ярилцлагадаа хойд бүсийг аялал жуулчлалын бүс болгоно гэж ярьж байсан. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт Булган, Орхон, Хөвсгөлчүүдийн олон жил хүлээсэн Орхон-Хишиг-Өндөр- Гурванбулаг чиглэлийн 59.2 км автозам ашиглалтад орохоор боллоо. Энэ замын талаар мэдээлэл өгөөч.

-Би 2016 онд Булган аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Булган аймгийн хувьд нэн тэргүүнд тавигдах гол асуудал нь босоо тэнхлэгийн авто зам байсан. Булган – Хишиг-Өндөр- Гурванбулаг чиглэлийн автозамын зураг төсөл намайг Төрийн нарийн бичгээр ажиллаж байх үед буюу 2011 оны үед зурагдсан юм. Тэрнээс хойш хийгдэх хөрөнгө оруулалт нь улсын төсөвт тавигдаж чадахгүй байсаар 2017 онд би энэ замын ажлыг эхлүүлж чадсан. Энэхүү зам эхлээд 20км, дараа нь 14 км тавигдаад, улс орны эдийн засаг тааруу, хөрөнгө оруулалт муутай гэх шалтгаанаар ахин 38 км тавигдаж явсаар, одоо төгсгөлийн 59.2 км зам нь тавигдах гэж байна.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийн хамгийн гол зорилт бол аялал жуулчлал юм. Хөвсгөл гээд маш том аялал жуулчлалын бүс байна, Булган мөн л маш сайхан нутаг. Энэ зам Булганаас Гурванбулаг хүртэл явах бөгөөд энэ нь Дарханаар дайрч явахаас 100 км-ын татуу юм. Хоёрдугаарт, энэ зам цаашдаа Гурванбулагаас Рашаант хүрэх  бодлогыг барих ёстой. Элсэн тасархай гээд нэг том аялал жуулчлалын тойрог байгаа шүү дээ. Энэ маршрут наашаагаа энэ замаар яваад Булганаар дайрч, хойшоогоо Хөвсгөлтэй нийлэх боломж гарч байгаа. Тэгэхээр энд аялал жуулчлалын бас нэгэн том тойрог бий болох боломжтой.

2017 оноос эхлүүлээд явсан энэ зам маань энэ удаагийн төсөвт суун, бүрэн ашиглалтад орохоор болж, Булганчуудын маань, мөн Бүсчилсэн хөгжил, аялал жуулчлалын хүрээнд эдийн засгийн ач холбогдол бүхий зам бий болж байна.

-2025 онд, магадгүй 2026 онд Баян-Агт, Сайхан, Сэлэнгэ, Могод , Бүрэгхангай, Бугат сумдуудыг аймгийн төвтэй нь холбохоор төлөвлөж байгаа гэж сонссон.

-Бид орон нутгаар явж байхад хамгийн нэгдүгээрт зам яригддаг шүү дээ. Бидний хувьд нэгдүгээрт, босоо тэнхлэгийн автозамыг холбох, хоёрдугаарт дээр дурдагдсан сумдуудын асуудал байна. Би Зам тээврийн сайдаар ажиллаж байсны хувьд бүх сумдыг дотроо автозамтай болгоё гэсэн бодлогыг барьж ажилласан. Урьд нь Дашинчилэн, Хангал, Хялганат гэсэн сумд автозамаар холбогдсон. Өнгөрсөн оны төсвөөр Сайхан, Сэлэнгэ, Гурванбулаг гэсэн сумдын зам тавигдаж дуусаж байна. Цаашдаа сумдуудыг бүгдийг нь холбоё гэсэн бодолтой байгаа. Нөгөөтэйгүүр, Булган аймгийн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Хялганат тосгоны замыг бүтэн хэрээд хийчихсэн байгаа. Мөн өнгөрсөн жилүүдэд бид Эрдэнэт үйлдвэртэй хамтарч Эрдэнэтээс Хялганат хүртэлх замыг тавьж, дунд нь байрлах Хангал сумын төв доторх автозамыг хийсэн. Үндсэндээ бол хоёр том маршрут нь болчихсон. Гурав дахь том маршрут бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан Хутаг- Тэшиг – Бага Илэнхийн 148 км автоамын зураг, ТЭЗҮ нь хийгдээд явж байна. Энэ зам хийгдээд дуусчихвал Бага Илэнхийн боомтын хөгжил, гарцын асуудал яригдаж эхэлнэ. Мөн нөгөө тийшээгээ Хөвсгөл чиглэлийн аялал жуулчлалын маршрут бүрэн бий болно.

Сумандаа сайхан амьдарч, шаварт суухгүй, шавхай дайрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Орон нутгийн сумдын иргэдийн нэг зовлон нь бороо, цас орсон үед сумын төвдөө шавар, цасанд суух тохиолдол байдаг. Манай улсад сум дотроо засмал замгүй маш олон сум бий. Цаашдаа сум бүрд хатуу хучилттай автозам тавих ажил төлөвлөгдөж байгаа юу?

-Би иргэдтэй уулзахдаа, сумынхаа төвд шаварт суудаг, шалбааг дайрдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, тийм болохоор бүх сумыг хатуу хучилтай автозамтай болгоно гэж ярьдаг. Энэ бол иргэдтэйгээ ярьж тохирсон асуудлуудын нэг нь юм. Зарим газар бол далай шиг их шавхай дотор давхилдаж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн сум, тэнд  4, 5 мянган хүн амьдарч байна. Тэр хүмүүсийг бид хаяж болохгүй. Сумандаа сайхан амьдарч, шаварт суухгүй, шавхай дайрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог.

Хүний амьдралын чанарыг дээшлүүлж чадсан уу гэдэг асуудлыг үргэлж бодож байх хэрэгтэй. Хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд ажилтай, орлоготой байх, аж ахуйг хөгжүүлэх боломж бололцоог өгөх ёстой.

-Түлүүгийн даваан дээр худалдааны цэг бий болгосон. Энэхүү цэг бий болсноор 100 гаруй малчин өрх тухайн газар худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой болсоэ гэж сонссон.

-Хүний амьдралын чанарыг дээшлүүлж чадсан уу гэдэг асуудлыг үргэлж бодож байх хэрэгтэй. Хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд ажилтай, орлоготой байх, аж ахуйг хөгжүүлэх боломж бололцоог өгөх ёстой. Тэгж байж хүнээ хаях биш хүн нь давхар хөгжиж явна. Өөрөөр хэлбэл,  амьдралын чанарыг дээшлүүлэх боломж бололцоог зайлшгүй гаргах хэрэгтэй. Тэгэхийн тулд хөдөөгийн амьдралыг, ХАА-г  сайжруулъя гэсэн үүднээс Шинэ хөдөө гэдэг хөтөлбөрийг бий болгосон. Түлүүгийн даваан дээр үүсгэсэн нь жижигхэн үйлчилгээний цэг юм. Өмнө нь жижиг майхан, сарайд хоёр, гуравхан хүн зогсдог байсныг нь тохижуулаад худалдааны цэг бий болгосон.  Зарим хүмүүс намайг шүүмжилж л байсан, би зөрсөөр байгаад энэ давааг сонгосон.  Монгол хүн замд явж байгаад зогсохдоо дандаа л даваан дээр зогсдог. Мөн аваар осолгүй байх талаас нь судалж байгаад тухайн газар худалдааны цэг бий болгосон. Сүүлийн үед Түлүүгийн даваан дээр түгжрэл бий болж байгаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Тэгвэл цаана нь ахиад хэд хэдэн худалдааны цэг бий болгоё л доо. Бөглөрлөөс болоод үүнийг шүүмжилж болохгүй. Түгжрэл үүсэж байна гэдэг нь тэнд орлого бий болж байна гэсэн үг шүү дээ.

-Шинэ хоршоо хөдөлгөөн хэр үр дүнтэй явж байгаа вэ?

– Мал аж ахуйн тухайд би зэрлэг МАА-тай байхыг дэмждэг. Бэлчээрийн МАА-г бид их сайхнаар төсөөлдөг ч малчид маань санасандаа хүртэл орлого олж чадаж байна уу гэвэл үгүй. 70 сая малтай мөртлөө бид сүүгээ гаднаас авч байна, махаа экспортолж чадахгүй байна. Тиймээс МАА-г сайн сайхан болгоод явахын тулд бид маш олон зүйлүүдийг хийх ёстой. Өнгөрсөн өвлийн зуднаар бид үнэхээр болохгүй байгаагаа, Шинэ хөдөө хөтөлбөр зөв байсан юм байна гэдгийг ойлгосон. Шинэ хоршоо гэдэг зүйлийг бий болгоод, хүмүүс хоршоолж хөдөлмөрлөж байж ХАА-г босгоё гэдэг санаа бий болж, Шинэ хоршоо хөдөлгөөн гарч ирсэн.

Шинэ хөдөө хөтөлбөрийн хүрээнд бид 20 гаруй трактор, тоног төхөөрөмж малчдад олгосон. Тэр үед өөр сумдын иргэд манайд трактор өгөөрэй, дараагийн трактороос авъя гэдэг байсан. Энэ жил Баян-Агт сумынхантай холбогдоод трактор авах уу гэсэн чинь манайд Шинэ хоршооны хүрээнд 5 трактор ирчихсэн гэж байгаа юм. Урьд нь надаас трактор асуудаг байсан бол одоо таван трактор суманд нь ирчихсэн байна гэхээр Шинэ хоршоо үр дүнгээ өгч эхэлж байгаа юм. Шинэ хоршоог шүүмжилдэг л дээ. Гэхдээ зээлээр олгосон тэр мөнгийг газарт булаагүй, ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмж, өөр бусад байдлаар ХАА-г сэргээх зүйлд зарцуулагдаж байгаа. Энэ зээлийг зогсоож болохгүй, энэ бол малчдад өгөөж өгч буй зүйл юм.  Цаашлаад малынхаа үүлдэр угсааг сайжруулъя, орлогыг бий болгоё. Малчид тодорхой хэмжээний зээл тусламж авч байж л үүн рүү хөдөлнө. Шинэ хоршоо хөдөлгөөн бол хамгийн анхны том алхам юм.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.