21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Аливаа гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг онцгой байдлын алба хаагчдадаа Монголын ард түмэн ямагт баярлан талархаж, бахархан хүндэтгэдэг билээ. Төр засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа онцгой байдлын нийт алба хаагч Та бүхэнд болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын байгууллагын 21 салбар нэгжийг орон нутагт шинээр байгуулж, өнөөдөр тус байгууллагын үйлчлэх хүрээ улсын хэмжээнд 40 гаруй хувьд хүрсэн. Мөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийн хангалт, төсөв санхүүжилтийг бодитой нэмэгдүүлж, онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт дунджаар 58 хувь, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувьд хүрсэн” хэмээв.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өнгөрсөн 21 жилийн хугацаанд алба хаагчид маань бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил ачааны хүндийг үүрч, улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсад энхийг сахиулж, эрэн хайх, аврах ажиллагаанд хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхтай болж байна. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа цаг ямагт үнэнч байж, аливаа бэрхшээл бүхнийг мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, зориг, тэвчээр гарган даван туулж ирсэн үе үеийн алба хаагчдаараа Онцгой байдлын алба үргэлж бахархдаг билээ. Манай хамт олноос 21 жилийн хугацаанд 29 гавьяат цолтон төрөн гарч, төрийн дээд одон медалиар 2810, Засгийн газрын шагналаар 2494 алба хаагч тус тус шагнагдсан нь энэ цагийн эгэл баатар болсон та бүхнийг төр, ард түмэн ямагт хүндлэн дэмжиж ирсэний тод илрэл юм” гэлээ.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.