Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, нэгэн үеийн залуусын зүрх сэтгэлд хоногшсон “Камертон” хамтлаг 30 жилийнхээ түүхэн ойг тохиолдуулан 2025 оны 6-р сарын 28-нд SocialPay паркын тайзнаа баярын тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Ойн арга хэмжээний хүрээнд хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж, хамтлагийн дөрвөн гишүүн тайзан дээр дахин чуулан, дурсамжаа хуваалцаж, ойн баярын бялуугаа зүссэн юм. Хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд хэлэхдээ:
“Нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хайрласан шиг хайрлаж, эв найрамдал, жинхэнэ уран бүтээлийг бид харуулж чадсан байх” гэж онцолсон нь хамтлагийн 30 жилийн замналыг илтгэж байв.
Ойн тоглолт зөвхөн “Камертон” хамтлагийн уран бүтээлд төвлөрөх бөгөөд нийт 11 цомгийн бүтээл, мөн хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээлүүдээс бүрдсэн 44 дуу тайзнаа амьд хөгжимтэй эгшиглэх юм. Тоглолтод зочин уран бүтээлчид оролцохгүй гэдгийг гишүүд онцолсон бөгөөд дуучин Ган-Эрдэнэ:
“Бие даасан тоглолт гэдэг бие даасан л байх хэрэгтэй. Энэ жишгээр явбал хамтлаг, дуучид илүү чанартай уран бүтээл хийж, үзэгчдэдээ хүргэх зүйл нь улам гүн болох болов уу” гэв.
Хамтлагийн хувьд энэ тоглолт нь өнгөрсөн 30 жилийн уран бүтээлийн түүчээ төдийгүй шүтэн бишрэгчидтэйгээ дахин уулзах, “Камертон” нэрийн дор нэгдсэн олон мянган залуусын сэтгэлийн аялгууг сэргээх үнэ цэнтэй орой байх юм. Хөгжим, нөхөрлөл, үнэнч сэтгэлийн аялал энэ үдэш дахин амьсгалж, Монголын тайзнаа нэгэн шинэ хуудсыг нээх гэж байна.
