Бүтээсэн дүр бүрээрээ өөрийгөө баталж, үзэгчдийн сэтгэлд тод үлддэг чадварлаг жүжигчин бол Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай.
Түүнийг бид эсрэг дүрийн мастер гэж нэрлэдэг ч эерэг, баатарлаг дүрийг ч тултал нь амилуулж чаддаг жүжигчний нэг гэдгийг олон уран бүтээлээрээ батлаад буй.
МУСТА Жаргалсайханы Алтаншагай 1986 оны 6-р сарын 17 нд Хэнтий аймгийн Өндөрхаан хот \одоогийн Чингис хот\ -д мэндэлжээ. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн цагаасаа хойш Монголын кино дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг олж чадсан уран бүтээлч.
Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хааж байсан ааваасаа үлгэр дууриалал авч эх оронч хандлагатай болсон тэрбээр “Байтаг богд”, “Маш нууц 1”, “Маш нууц 2” зэрэг түүхэн сэдэвт кинонд чадварлаг дүр бүтээснээс гадна “Байтаг богд” киноны БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны дүрээрээ бахархдаг гэнэ.
Ж.Алтаншагай өдгөө дөрвөн охины аав. Хорин настайдаа ихэр охидын аав болж байсан бөгөөд “Аав хүн гэдэг ассан чүдэнзтэй адил, дүрэлзсээр байгаад дуусдаг” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Мөн Монголын практик буудлагын холбооны тамирчнаас гадна фитнесээр хичээллэдэг спортлог нэгэн. Энэ нь түүнийг киноны буудалцаан болон зодоонтой хэсгийг бүтээхэд давуу тал болдог гэж ярьж байжээ.
Түүний бүтээсэн “Миний ах атаман”, “37-р точка”, “Зура Ӏ, ӀӀ, ӀӀӀ”, “Цөвүүн цаг” зэрэг олон бүтээл үзэгчдээс сайшаал хүртсэн. Жүжигчин, сайн аав байхын зэрэгцээ, эрэлттэй хөтлөгчдийн тоонд ордог бөгөөд өөрийгөө “Миний амьдралд завтай, зайтай цаг хугацаа байгаагүй” гэж тодорхойлсон нь түүнийг урлагтаа үнэнч, тууштай, хөдөлмөрч нэгэн болохыг илтгэнэ.


