Netflix-ийн шинэ анимейшн бүтээл “KPop Demon Hunters” 6-р сарын 20-нд цацагдсан даруйдаа дэлхий нийтийн анхаарлыг татаж, тус платформын Дэлхийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүллээ. Тус киноны гол дуу болох HUNTR/X хамтлагийн “Golden” хэмээх уран бүтээл Billboard Hot 100 чартад 4-р байр, Global 200-д 1-р байранд бичигдэж, бодит хамтлагуудтай эн зэрэгцэхүйц амжилтад хүрсэн анхны виртуал уран бүтээл боллоо. Netflix энэ дууг “The best original song” төрөлд Academy Awards-д нэр дэвшүүлэхээр төлөвлөж буйг Billboard мэдээллээ.

Хүүхэлдэйн кино төдий биш, цоо шинэ дуу хөгжмийн суурь болсон тус бүтээл нь THEBLACKLABEL продакшны чадварлаг продюсеруудын оролцоотойгоор бүтээгдсэн юм. Продюсер IDO (YUHAN, ZHUN, NHD), Vince, Dominsuk нар бодит хамтлагт зориулж байгаа мэт сэтгэл, ур чадвараа зориулан ажилласан бөгөөд тэдний бүтээлүүд зөвхөн дүр биш, дүрүүдийн дотоод сэтгэл, түүхтэй уялдсан дуу хөгжмийн орчлонг бүрдүүлжээ.
Сэтгүүлч: Ч.Удвал
