Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидтай аймгийн бодлого төлөвлөлт, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлууд болон өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжүүлсэн ажлуудын талаар ярилцлаа.
-2026 онд Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгоно гэж зарласан. Энэ талаар яриагаа эхэлье.
-2024-2028 оны аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгоно гэсэн тодорхой зорилт дэвшүүлсэн. Орон нутгийн сонгуульд оролцохдоо ч би ийм мөрийн хөтөлбөртэй орсон. 2026 оноос эхлээд аймгийн төвөө аялал жуулчлалын хот болгох ажлаа эхлүүлж байна. Үүнд хоёр зорилго тавьсан. Нэгдүгээрт, дэд бүтэц, аймгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах ажил. Үүнд, нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, ариун цэврийн байгууламж, хогийн асуудал, үзвэр үйлчилгээ, бренд бүтээгдэхүүн бий болгох зэрэг багтана. Мөн үйлчилгээний байгууллагын ажилтан, худалдаа эрхлэгчдээ соёлтой, бараа бүтээгдэхүүний сонголт сайтай байлгах зэрэг олон ажил бий. Хоёрдугаарт, аялал жуулчлал бол үйлчилгээний салбар. Иргэдийнхээ ашиг орлого, боломжийг нэмэгдүүлье гэсэн зорилгын хүрээнд ажлаа эхлүүлж байна.
-Замаа хэрхэн сайжруулах вэ? Мөн зам дагуух ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Архангай аймгаар дайран өнгөрч буй улсын чанартай автозамын засвар, арчлалт, эвдрэл гэмтлийн асуудал хамгийн хүнд. Улсын чанартай замыг аймаг мөнгө гаргаад шийдэх боломж байхгүй. Зам, тээврийн яам, Дэлхийн банктай хамтраад энэ жил Хархорин – Цэцэрлэг орох 40 км зам, Цэцэрлэг – Цахир чиглэлийн 50 км замын засвар арчлалтыг 2 жилийн хугацаанд хийж дуусгахаар төсөв нь тавигдаад, тендер нь шалгарсан. Энэ хавар ажил эхэлнэ. Хойд чиглэлийн 50 км замыг энэ жилдээ засаж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Мөн зам дагуух гүүрүүдийг засаг ажлыг үе шаттай зохион байгуулна. Түүнээс гадна Цагаан даваа болон постны асуудал шүүмжлэл дагуулдаг. Бид Зам, тээврийн яаманд хүсэлтээ өгсөөр байгаад сайдын шийдвэр гарч, постыг аймгийнхаа зүүн тал руу шилжүүлэхээр болсон. Постыг цахим болгох хүсэлт мөн тавьсан. Энэ асуудлууд энэ жилдээ шийдэгдэнэ гэж харж байна. Цагаан даваа өөрөө их өндөр даваа, хөдөлгөөний эрчим ихтэй, зун шавар ихтэй үед гадаргуу өөрчлөгддөг тул хоёр талаас нь тэгш гадаргуу хэсгийг нь хучих ажлын зураг төсвөө хийлгээд, сайдад хүргүүлсэн.
-Үйлчилгээний байгууллагын тухайд, өглөө эрт онгойхгүй байх, гэр буудал, кемп олддоггүй зэрэг асуудлууд бий. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Аялал жуулчлал бол хувийн хэвшлийн хийх ажил. Нэгдүгээр сараас эхлэн аялал жуулчлалын хот болгоно гэж зарлаад байгаа нь жуулчин хүлээж авахад бэлтгэлээ хангаад байгаа хэрэг юм. Мэргэжлийн байгууллагуудтай хамтраад судалгаагаа хийгээд эхэлчихсэн. Хоёрдугаар сараас эхлээд эхнийхээ уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулаад, гуравдугаар сараас худалдаа эрхлэгчид, хүнсний дэлгүүрүүд, худалдааны төвүүд, мөн хоолны үйлчилгээ үзүүлж буй газрууддаа сургалт явуулж эхэлнэ. Мөн зуны хуушуур бууз, бэлэг дурсгалын зүйл зарах хүмүүс, зочид буудлууд, жуулчны баазуудыг хамруудж салбар бүр дээр судалгаа гарган, сургалт зохион байгуулна.
Мөн Архангай аймагт гар урлалыг хөгжүүлье гээд уран дархчуудтай уулзаад явж байна. Иргэддээ боломж олгох нь л төр засгийн зүгээс хийх ажил.
Ариун цэврийн байгууламжийг Хаан банкны ногоон зээлээр авах боломж байгаа. Ахиад том хэмжээний шинэчлэлийн төслүүд бэлэн байна. Эд нарыг иргэддээ санал болгож, арилжааны банкуудтай холбож өгөөд, төр менежмэнтийг нь хийж байна. Энэ бүхнийг бид нөлөөллийн ажлаас эхлүүлсэн.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Архангай аймгийн онцлог юу вэ?
Бүх аймгууд үзэсгэлэнтэй сайхан өөр өөрийн онцлог, давуу талтай. Энэ дундаас манай хангайн бүс, Архангай аймгийн онцлог бол хамгийн олон малтай, хамгийн олон малчин өрхтэй. Нөгөөтэйгүүр гол горхи, рашаан булаг шандаараа хамгийн баялаг. Эртний нүүдэлчдийн өлгий гэдэг нь мөн онцлог. Монголын газар нутагт оршин тогтнож байсан эртний төрт улсуудын бүхий л нийслэл, архелогийн судалгаагаар тогтоогдсон түүх соёлын өвүүд бий. Хамгийн нэг чухал зүйл бол газарзүйн байрлал. Улаанбаатар хотоос баруун аймгууд руу явах чиглэлийн голд нь, говийн бүс Хөвсгөл хоёрын холбож байгаа голд нь байна. Цаашдаа аялал жуулчлалын зориулалттай онгоцнуудын нисэх буудлын зурвасыг байгуулах ТЭЗҮ-ээ хийлгэх гээд явж байна.
Хоёрдугаарт, бусад аймгуудаас түрүүлж алхсан зүйл бол хувийн хэвшлийн хийж буй эвент арга хэмжээнүүд улсын хэмжээнд жишиг болоод, бусад аймгууд биднээс санаа авч арга хэмжээ зохион байгуулж байгаа. Ганцхан Архангай аймаг энийг хийх биш бусад аймгууд хийгээд эхэлбэл бүгд хөгжөөд явах юм. Бид хамтдаа хөгжих хэрэгтэй. Хэн нэгэн хийх биш бүгдээрээ хийж байж үр дүнд хүрнэ.
-Архангай аймгийн түүхт 100 жилийн ойгоор АРА Комплексийг байгуусан. Үйл ажиллагаа нь хэзээнээс эхлэх вэ? Зундаа тогтмол үйл ажиллагаа явуулчхаад бусад үед зогсоод байх шиг байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ?
– Архангай аймаг 100 жилээ тэмдэглэхдээ төрийн оролцоог бага болгож, хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн ашиг олох боломжийг нэмэгдүүлье гэсэн зорилготой байсан. АРА комплекст 3 жилийн хугацаанд аймгаас зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээ, наадмыг зохион байгуулж байж зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгохоор зорьсон. Аймгийнхаа 100 жилийн ой, 2024, 2025 онд наадмаа хийгээд бид тодорхой үр дүнд хүрсэн. Цаашдаа хугацаагаа уртасгах тал дээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө зохицуулалт хийгээд явчихна. Анх 27, 28 хоног хийдэг байсан бол энэ зунаас 45 хоног болсон. Үүн дээр аймаг орон нутгийн олон арга хэмжээг зохион байгуулаад явчихна.
Өвлийн аялал жуулчлал зөвхөн Архангай аймгийн түвшинд бус улсын хэмжээнд хамгийн тулгамдсан байгаа асуудал. Байгаа баялгаа, онцлогоо хүмүүст үзүүлэх, түүнийгээ сурталчлах нь чухал байна. Энэ жил бид олон зүйл рүү самгардах шаардлагагүй гэж үзэж байгаа. Ямар боломж, нөөц бололцоо байна гээд судалгаа хийгээд үзэхэд Улаанбаатар хотоос хамгийн ойрхон нь Өгий нуур байгаа. Тийм учраас энэ жилээс эхлээд “Ugii Winterland” гэдэг мөсний баяр фестиваль арга хэмжээг зохион байгууллаа. Энэ бол өвлийн аялал жуулчлалын эвентийг бий болгох нэг боломж гэж харж байгаа.


Аялал жуулчлалын өгөөжийг нутгийн иргэд хүртэнэ гэдэг хамгийн чухал. Тийм учраас малчин кемп гэдэг хөтөлбөрийг бид анх гаргасан. Малчин өрхийг өвлийн аялал жуулчлалтай холбох, өвлийн малчин өрхийн ахуй амьдралыг зочилж үзэх ямар боломж байна гэдгийг судалж, малчин кемп хөтөлбөрийн шинэчлэлд онцгой анхаарч байна.
-Архангай аймгийн алс хэтийн зорилго юу вэ? Засгийн газраас 21 аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэ жилийн гэрээнүүдэд аймаг аймгаас саналууд тусгагдсан гэж сонссон. Засгийн газраас 2026 оныг боловсролын жил болгон зарласан. Боловсролын салбартаа Архангай аймаг хэрхэн анхаарч ажиллах вэ?
– Энэ жил Засгийн газрын хэрэг эрхлэх газраас урьдчилж бүх яамдуудаас аймгуудтай цахим хурал хийгээд, аймгуудаас саналаа авснаараа онцлогтой. Энэ жил боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбартаа техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх талаар нэлээд асуудал оруулсан. Мөн зам, дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын нэлээд олон ажлууд хийхээр болсон. Эрчим хүчний чиглэлээр манай сумд дээр хүчдэлийн уналт ихтэй, хязгаарладаг асуудлыг энэ жилдээ багтаагаад, ялангуяа хойд чиглэлийнхээ сумдыг шийдвэрлэж байна. Мөн Өндөр-Улаан, Тариат суманд сэргээгдэх эрчим хүчний жижиг төслүүдийг эхлүүлэх гэх мэтчилэнгээр яам болгоноос тодорхой ажил олж авах гэж жилийн хугацаанд хөөцөлдсөн. Энэ ажлууд энэ жил биелэлээ олоод хийгдчихнэ. Малчдад зориулсан худаг гаргахаас эхлүүлээд хийгдээд явж байна.
Аймгийн ИТХ-аас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Архангай аймгийн хөгжлийн үндэс бол боловсрол. Боловсролын салбараа өнгөрсөн хугацаанаас нэлээд олон зүйл дээр бэлтгэсэн. 2023 онд аймгийнхаа 100 жилийг тэмдэглэхдээ салбар болгоны форумыг зохион байгуулж, тэднийгээ нэгтгээд “Архангай 100” Хөгжлийн форум гэж зохион байгуулаад, тэндээс гарсан санал санаачлагыг ажил хэрэг болгоод явж байна. Тухайлбал, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг шинэ байранд ороод хуучин байр нь үлдэж байгаа. Энэ хуучин байрыг ашиглаад ямар нэгэн төлбөргүйгээр АШУҮИС-д шилжүүлж өгөөд, Архангай аймагт АШУҮИС-ийн харъяа Сувилахуйн сургалт, судалгаатай, эмнэлэгтэй 3 чиглэлийн цогцолбор байгууллаа. Одоогоор зөвхөн Архангай аймгаас 112 оюутан суралцаж байна. Эдгээр оюутныг төгсөөд 5 жил орон нутагтаа тогтвортой ажиллах гэрээ байгуулаад, Засаг дарга төлбөрийнх нь 50 хувийг шийдэж өгсөн. 3 жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ. Ингэснээр Архангай аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой өөрчлөлт бий болно гэж харж байгаа.
Эрүүл мэндийн салбарын хувьд улс орон даяар сувилагч, тусгай мэргэжилтэн, лабораторийн ажилтны хомстолд орчихсон. Бид Сувилахуйн сургуулиа байгуулснаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан зэрэг ойролцоо аймгуудын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг бэлдэх боломж бүрдэж байна. Энэ эрчээрээ авч үзвэл 3 жилийн хугацаанд Архангай аймгийн эрүүл сэндийн салбарт хүний нөөцийн дутагдал байхгүй болно гэж үзэж байгаа.
Нөгөөтэйгүүр Архангай аймагт байгаа Багшийн сургуульд өөрчлөлт шинэчлэлт хийнэ. Энэ жилээс Багшийн сургуулийн элсэлт, үйл ажиллагаа нэлээд эрчимжиж байгаа. Багшийн сургуульдаа төв, хангайн бүсийн багш нраын мэргэжил дээшлүүлэх төв байгуулагдаж байна. Архангай аймаг багш нрааа эндээ бэлдэж байна гэдэг нь цаашдаа оюуны төв болох нууцхан амбицтай байгаа. Мэдээж ЕБС, СӨБ-ынхоо сургалтын чанар, ахицыг сайжруулах тал дээр сүүлийн 2 жил нэлээн дорвитой ажилласны нэг нь өнгөрсөн жил давхардсан тоогоор 2568 багшийг сургалтад хамруулсан. Багш нарыг судлагдахуун болгоноор нь сургалтад хамруулж, багш нараа сургах тал дээр онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн жил ЕБС болон СӨБ-ын багш нар гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн. ЭЕШ-ийн оноогоор 2024 онд 22-р байранд байсан бол үе шаттай сургалтууд зохион байгуулсны үр дүнд 11-р байранд орсон. 2026 онд энэ амжилтаа бататгаж урагшилна. Гэхдээ байр гэхээсээ илүү бодит чанарт нь ахиц гаргах бодолтой байгаа.
Англи хэлний сургалт алслагдсан сум, аймгийн төвүүдэд хоцрогдолтой байгаа. Энэ жил Филиппин багш нарыг Архангайд ажиллах боломжийг бүрдүүлнэ. Эхний 3 багшийг 3 сургуульд ажиллуулах гэрээг хоёрдугаар сард багтаж байгуулаад, ирж ажиллахад бэлэн болж байгаа.

-Аймаг бүрийн хувьд гадаад харилцаа чухал байдаг. Гадаад харилцаанд хэрхэн яаж анхаарч байна вэ?
-Одоо байгаа нөөцдөө тулгуурлаад хөгжинө гэвэл хүнд шүү дээ. Архангай аймгийн гадаад харилцаа хамгийн муу хөгжсөн байдаг юм байна. БНХАУ болон өөр улсын цөөн хотуудтай хамтын ажиллагаатай боловч тэр нь бодитой үр дүнд хүрсэн нь ховор. 2023, 2024 онуудад гадны улсуудтай хамтарч ажиллах хүсэлтүүдийг маш их илгээсэн. Гадаад харилцаа тийм богино хугацаанд шийдэгддэг асуудал биш. Үүний үр дүнд 2025 он бол Архангай аймгийн гадаад харилцааны хувьд түүхэн жил болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд хоёр удаа хамрагдаж ажиллалаа. Ингэснээр БНЭУ-ын Ладах мужтай албан ёсны хамтын ажиллагааг байгууллаа. Энэтхэг улс түүхэндээ анх удаа орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа онцлогтой. Дараа нь, БНИУ-д болсон айлчлалын үеэр Итали улсын хоёр хоттой хамтран ажиллах гэрээ байгуулж чадлаа. Итали улстай аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна ноос ноолууран бүтээгдэхүүний түүхий эд, гар урлалын бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд хамтарч ажиллах санал санаачилга гаргаад явж байна.

Мөн Япон улсын аялал жуулчлал, боловролын байгууллагатай хамтарч ажиллах ажлыг хоёр сувгаар зохион байгууллаа. Эхний ажлын үр дүн өнгөрсөн жилээс гараад эхэлсэн. Манай аймгийн сумын болон аймгийн төвийн сурагчид Японы Чиба технологийн их сургуулиас IPad хандиваар авах ажил эхэлсэн. Бид Чиба технологийн их сургууль болон Нийслэлийн боловсролын газартай хамтраад нийслэлийн алслагдсан дүүргийн сурагчдад IPad хандивлах ажлууд мөн эхэлсэн байна. Энэ ажил 2026 онд мөн үргэлжилнэ.
БНСУ-ын зарим хотуудтай хамтран ажиллах ажлууд эхэлж байна. Үр дүнд хүрсэн бас нэгэн ажил бол, Монгол – Польш хоёр улсын найрамдалт харилцаа тогтоосны 75 жилийн ойг аймагтаа тэмдэглэлээ. Түүний үр дүнд Польш улсын Каракав хоттой хамтран ажиллах ажлыг эхлүүлж, манай нэгдсэн эмнэлгийн 6 эмч Польш руу явсан. Тэнд буй Европын зүрх судасны төвд 14 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх гэж байна. Ингээд Архангай аймагт 700 сая төгрөгний өртөг бүхий түргэн тусламжийн машин, техник тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажил энэ онд багтаад эхэлж байна.
Тавдугаар сард малчдын төлөөллийг Польш улсад аваачиж, бяслаг яаж хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн яаж бий болгох сургалтыг зохион байгуулна. Мөн соёл урлагийн чиглэлээр арга хэмжээг зохион байгуулна.
-Улсын хөгжил сумаас гэдэг үг байдаг. Архангай аймгийн хувьд сумын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн ямар ажлуудыг хийж байна вэ?
-Аймгийнхаа дэд бүтэц болоод төрийн байгууллагын бүх судалгааг гаргаад, мэргэжлийн байгууллагаар эрэмбэлчихсэн. Хаана ямар барилга байшин барьж, алийг нь засварлах, алийг нь ашиглахгүй байх вэ гэдгийг гаргасан. Өнгөрсөн хугацаанд төлөвлөлт хийгээгүйн улмаас төрийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байсан байна. Жишээлбэл, Өндөр-Улаан суманд ЗДТГ-ын барилгыг шинээр барьж байгаа. Гэтэл 2 жилийн өмнө ЗДТГ-аа засна гээд 2 тэрбум төгрөг тавьсан байх жишээтэй. Манай өөр нэг суман дээр заалныхаа дээврийг засаагүй байж хана туурга, шалаа засаж байх жишээтэй. Зарим хэрэгцээгүй газар барилга барьж байна.
Хоёрдугаарт, сумынхаа хүн ам, төвлөрөл, шилжилт хөдөлгөөнийг тооцож үзэлгүйгээр хүчин чадал өндөр зүйл барьж байна. Заримд нь хүчин чадалд нь хүрэхгүй барилга барьж байна. Энэ асуудлыг уг үндсээр нь шийдэхийн тулд судалгаагаа гаргаад, сүүлийн 3 жил хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу яваад ирэхээр манай аймгийн төрийн байгууллага, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн байгууллагын барилгын засвар, шинэчлэлтийн асуудал аштайхан үр дүнтэй явж байна. Үүний үр дүнд нэг жилийн хугацаанд аймагтаа 9 цэцэрлэг барьснаар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн асуудал цэгцрээд дуусаж байна. 2-3 сургуулийн засвар шинэчлэл хийгдээд дуусаж байна. Ингээд явахад 2-3 жилийн дотор төрийн захиргааны байгууллагуудын барилгын асуудал шийдэгдэнэ гэж харж байна.
Иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх, сумын төвийг инженерийн шугам сүлжээтэй болгох бол хамгийн чухал. Эхний ээлжид 3 сумаа албан ёсны төвлөрсөн сүлжээнд холбосон. Дараагийн сумаа холбох ажлууд эхэлж байна. 7-8 сум нэгдсэн халаалтын системтэй боллоо. Энэ бүгдийг хувийн хэвшилтэй хамтраад хийгээд явж байна. 6 суманд төрийн албан хаагчийн орон сууц байгуулах ажил эхэлчихсэн. Түрүүчээсээ Эрдэнэмандал сумын 15 айлын орон сууц ашиглалтад орсон. Дэд бүтцээ шийдсэнээр суманд орон сууцууд баригдаж эхэлж байна. Орон нутгийн барилгын компаниуд дараагийн зах зээл болох сум руугаа шилжих төлөвтэй байна.
-Аймгийн хувьд ажилгүйдлийн түвшин хэр их байна вэ?
-64900 гаруй ажиллах насны хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин статистик мэдээгээр харьцангуй бага гарч ирдэг. 2048 хүн ажилгүйчүүдийн бүртгэлд орчихсон явж байгаа. Гэтэл бүртгэлд ороогүй асар олон хүн байгаа.
–Иргэдийн дундаж наслалт хэд байна вэ? Сумдын багийн эмнэлгийн эмч нар малчин иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд унаа машины асуудал яаж шийдэгдэж байна вэ?
-Монгол улсын хувьд дундаж наслалт 71.2, Архангай аймагт дундаж наслалт 73.2 байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү 3.5 жил болсон аймгийн сүүлийн жилүүдийн эрүүл мэндийн бодлого эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндэд жигд анхаарч байгаагийн илрэл болов уу. Архангай аймаг 2020 он хүртэл “Элэгний эмгэггүй Архангай” төслийг тухайн үеийн УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд санаачлаад хийж байсан нь улсдаа төдийгүй, дэлхийн хэмжээнд жишиг болж байсан. Энэхүү төсөлд 2500 гаруй иргэдийг хамруулсан. Дараа нь “Хавдрын эрсдэлгүй Архангай” гэдэг ажлыг эхлүүлээд явж байгаа. Нэгдсэн эмнэлэг дээр анх удаа хавдрын тасагтай болж, хавдрын чиглэлийн бүхий л мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдлээ. Хавдрын мэс заслыг орон нутагтаа хийгээд эхэлчихлээ. Мөн урологийн тасаг, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарч, энэ чиглэлийн мэс засал болоод эмч нарыг бэлтгэх ажил эхлээд явж байна. Архангай аймагт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр олон улсын хурал зөвлөгөөнийг өнгөрсөн жил зохион байгууллаа.
Ялангуяа хангайн бүсийн иргэдэд зүрх судасны өвчлөл, тархины цус харвалт, зүрхний шигдээс тэргүүлэх өвчлөл байгаа. Тиймээс бид “Эрүүл зүрх -Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Нэг ангийн хүүхдүүдэд шүдний үзлэг хийхэд 90 хувь нь ямар нэг асуудалтай гарсан. Тийм учраас “Эрүүл шүд – Архангай” хөтөлбөр эхлүүлсэн. Үүнийгээ Архангай аймгийн Анагаахын сургуультайгаа болон аймгийнхаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтраад зохион байгуулж байна. Сүүлийн 2 жил бэлтгэлээ базааж, бүх сумдынхаа эрүүл мэндийн төвийг шүдний кабинеттай болгосон. Одоо боловсон хүчнээ бэлдээд явж байгаа. Гэхдээ эмч нар орон нутгаас илүү хотод ажиллах сонирхолтой байгаа. Бүх ЕБС-д шүд угаах кабинетуудыг шийдэж эхэлж байна. Ингээд том дүнгээр аваад үзвэл орон нутагтаа тулгамдаж байгаа өвчлөлийг сааруулах чиглэлээр хүний нөөцөө сайн бэлдсэн байна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тодорхой үе шаттай хийгээд явж байна. Зарим үр дүнгүүд гараад эхэлчихсэн байна.
-Хөдөө орон нутгийн зарим хэсэгт сүлжээнд холбогдоогүй малчин өрхүүд бий. Аймгийн хувьд сүлжээнд холбогдоогүй хэд орчим малчид байна вэ?
-Архангай аймаг 19 сум 101 багтай. Ялангуяа өвөл сүлжээнд холбогдох асуудал их хүндрэлтэй байдаг. Сүлжээ өргөтгөх ажлууд үе шаттай явж байгаа. Арваад багууд дээр сүлжээний хэрэгцээ шаардлага байна. Гэхдээ зарим багууд дээр сүлжээ байгаа ч зарим айлдаа хүрч чадахгүй асуудал байна. Энэ айлуудыг бүгдэнг нь сүлжээний антенд холбоно гэдэг хүндрэлтэй юм билээ. Булган сумаас эхлээд айл өрхүүд болон орон нутгийн хөгжлийн сан хамтраад Старлинкийг нэвтрүүлээд явж байна. Булган сумын Тусгал багийн 60 орчим айл старлинкээр асуудлаа шийдсэн байгаа. 2 жилийн хугацаанд бусад хэсгүүдээ сүлжээнд холбох боломжтой гэж харж байгаа. Мобиком, Юнител компаниудад хүсэлтээ тавьчихсан. Түрүүчээсээ 5 сүлжээний холболт энэ онд хийгдээд явж байна.
-Монгол орны 70 сая тоо толгой мал цөөрч байна гэдэг нь мал маллах малчид цөөрч байна гэсэн үг. Малын мах, сүү цагаан идээнээс бусад түүхий эд болох арьс ширээ үнэд оруулах хэрэгтэйг малчид маань илэрхийлдэг шүү дээ. Архангай амйгийн хувьд хэдэн мал тоолуулав. Малчдаа орлогожуулахад ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-16.800 гаруй малчин өрхтэй. Манай аймаг улсдаа малчин өрхийн тоогоор дээгүүрт ордог. Арьс, шир үнэгүйдэж байгаа нь улс даяар тулгамдаж буй асуудал. Ний нуугүй хэлэхэд, аймаг арьс ширний үйлдвэр барьж чадахгүй байна. Бодлогын хувьд төрийн хийх ажил. Малчидтай уулзаад явахад түүхий эдийн асуудлыг л голчилж ярьдаг. Яг үнэндээ малчид төр засгаас олон юм хүсэхгүй байгаа шүү дээ. Махны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн байна. Архангай аймгийн малчид маань Улаанбаатар хотод Ялалтын талбайд 15 хоногийн турш цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Арьс ширний асуулдлыг аймгийн түвшинд үүнийг шийдэх боломж тун хязгаарлагдмал байна.
-Таныг иргэдийнхээ газрыг булааж авлаа, АТГ-т шалгуулж байна гэх мэт мэдээллүүд цахим ертөнцөд гарсан байдаг. Үүн дээр тайлбар өгөхгүй юу.
-Би энэ талаар байр суууриа их илэрхийлээд байдаггүй. Үнэнийг хэлэхэд энэ талаар хөөцөлдөөд байх зав ч алга. Гүжир үгэнд хариу үгүй гэдэг шиг хүн болгонд хариулт хэлээд байдаггүй. Би Архангай аймгаа хөгжүүлэх гээд 2023 оны 2-р сард томилогдсон. Аймгийн 100 жилийн ой болохоос 5 сарын өмнө гэсэн үг. Саяны дурдсан ажлуудыг хийхээр цаг наргүй л ажиллаж байна. Энэ бүхнийг улс төржилт байна гэж харж байгаа. Өрсөлдөгч намынхан, өрсөлдөөд ялагдсан нөхдүүд, өөрсдөө хууль бусаар газар эзэмшчхээд түүнийгээ нуудаг хүмүүс зөвшөөрлийг нь цуцлахаар, хууль хэрэгжүүлэхийг шаардахаар эсэргээр нь бусад зүйлүүдийг гаргаж тавьж байгаа тийм зүйл байх шиг.
Хариуцлагатайгаар хэлэхэд, ямар нэгэн байдлаар хоригдсон, хяналт шалгалтын газраас тогтоосон зөрчил байхгүй. Том зургаар нь харахад энэ бол улс төржилт. Төсвийн мөнгийг зарцуулахад зөрчил гаргалаа гэсэн зүйл яваад байдаг. Манай төрийн байгууллагын мэдээ мэдээллийг илтэд гуйвуулдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Албан тушаалтнууд төрийн мөнгийг хувьдаа зарцуулах ямар ч боломж байхгүй. Газрын тухайд, зарим хүмүүс үнэ төлбөргүй авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгааг нь цуцлахаар хуулийн байгууллагад хандаад, түүнийгээ аймгийн Засаг дарга булааж авч байна гэсэн мэтээр илт худал мэдээлэл тарааж байгаа асуудал юм. Миний хувьд 2021 онд төрийн ямар нэгэн ажил эрхлээгүй байх үедээ дуудлага худалдаагаар авсан газрууд маань ХОМ-д тусаад явж байгаа. Үүнийг олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор гаргаж ирээд байна л даа. Зарим зүйл дээр няцаалт өгөөгүй нь миний буруу юм шиг байгаа юм. Бүх юм цаг хугацаагаар хэмжигдэнэ.

