УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай бага насны хүсэл мөрөөдөл, дотоод ертөнцийн талаар энгийн сайхан ярилцлага өрнүүллээ.
–Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа.Таны бага насны дурсамжаар ярилцлагаа эхлүүлье.
-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэхдээ зун бүр хөдөө очдог. Миний очдог айл хурдны морь уядаг, гэрийн эзэн нь моринд их эрэмгий хүн байлаа. Манай ах тэр үед уяа моринд ажил хийдэг, хөлс авдаг байсан юм. Уяа морины эмээл хазаар, унаач хүүхэд морио унаад явж байгаа нь цаанаасаа л их гоё харагддаг байж билээ. Би моринд их дуртай. Хурдан морь уная гэж зөндөө гуйсан ч хотын хүүхдэд унуулахгүй гээд ёстой халгаагаагүй дээ.
–Хөдөө өнгөрүүлсэн дурсамжтай мөчөөсөө хуваалцаач.
-Хоёр гурван жилийн дараа очиход тухайн айлын минь хүү эмнэг сургана гээд л намайг нэг хул моринд мордуулчихсан. Тэгж анх эмнэг сургаж үзсэн юм. Дараа нь ганцаараа эмнэг сургадаг болов оо. Зэлэн дээр байсан дөрвөн дааганы эрийг нь барьж аваад л ноцолдлоо доо. Бас болоогүй зайдан сургана гээд. Ёстой мордох болгондоо унана биз дээ. Тэгэнгүүт нь эмээллээд мордлоо.Тэгэхэд манай эгч, тэр айлын хүмүүс ч намайг боль байг гээгүй, хөдөөний хүүхэд шиг л боддог болчихсон байсан.Тухайн үед бас овоо эрэмгий байсан шүү би.
–Хэрвээ та бага насныхаа хүсэл мөрөөдлийг дагасан бол ямар хүн болох байсан бэ?
-Би багадаа зурах их дуртай байсан. Нэг жил Найрамдал Пионерын зусланд амарч байх үед талбай дээр шохойгоор зурах уралдаан болоод, тэнд тусгай байранд орлоо. Эхний гурван байрын хүүхдүүдэд албан ёсны бэлгийг нь өгөөд Ядмаагийн Үржнээ гуай надад харандаа барьчихсан хөтөвчнөөсөө буугаад мөлхөж буй хүүхдийн зураг өөрийн гараар зурж бэлэглэсэн.“Цогтбаатар – сайн зураач болоорой” гээд биччихсэн. Тэр зураг одоо хүртэл гэрт минь хадгалаатай байдаг. Я.Үржнээ гуай чинь Монголын уран зургийн хамгийн том төлөөлөл шүү дээ.
–Зураач хүний ертөнц их өвөрмөц байдаг юм шиг санагддаг.
Тийм шүү. Зураас, өнгө будгаар юмсыг илэрхийлдэг. Зураг гэхдээ их сонин, яг л хүний харааны санамж юм билээ. Хүний зүс царайг зурлаа гэхэд тэр зураас, хоорондын зай, симетрик гээд бүгдийг санаж байж л яг таг зурна шүү дээ. Зурахгүй удчихаар өмнө нь зурдаг байсан зүйлсээ санахын тулд их бодох хэрэгтэй болчихдог юм билээ. Зураад л байхаар ой тоонд буцаж сэргэдэг.
–Та Англиар дууны үг бичдэг байсан гэж ярьж байсан.
-Бацаан байхдаа яах вэ рок поп хөгжим сонсоод дууны үг бичиж л байсан. Тэр бол бацаан үеийн л юм шүү дээ. Намайг бага байхад ихэнх хүмүүс Италийн Санремо л сонсдог байсан. Тэгэхэд би Итали хөгжим сонирхохгүй дан барууны хөгжим сонсдог байлаа.Байрныхаа хүүхдүүдтэй нийлээд “Лос Анжелес хит парад”-ыг радиогоор сонсоно. Долгионыг нь тааруулж сонсох гэж хэрэндээ л их юм болно оо. Нэлээн сааталтайгаар л сонсох боломжтой байсан. Depeche Mode, Duran Duran, Bruce Springsteen-ий Born in the USA гэхчлэн сонсдог байлаа. Би чинь одоо 1986, 1987 оны үеийн юм ярьж байгаа шүү дээ. \инээв\ Ингэж л англи дуу их сонсдог, бага сага үг бичдэг байсан. Тиймдээ ч англи хэлний олон олимпиадад түрүүлсэн. Энэ нь намайг олон улсын харилцааны чиглэлээр суралцах эхлэл болсон юм уу даа.
Надаас өөр кхмер хэл сурсан тийм “тэнэг” хүн Монголд байхгүй байх.
–Таныг олон хэл мэддэг гэж сонссон. Ямар ямар хэлээр ярьдаг вэ?
Би эх хэлнээсээ гадна 5 хэл мэднэ. Орос, Англи, Кхмер (Камбож), Герман, Тай хэл. Орост байхдаа кхмер хэл сурч байсан юм. Надаас өөр кхмер хэл сурсан тийм “тэнэг” хүн Монголд байхгүй байх шүү \инээв\.
-Таны улс төрийн карьер хэрхэн эхэлж байв?
– Би улс төрд оръё гэж ороогүй. 32 настайдаа Н.Багабанди ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх болохгүй юу. Өмнөх зөвлөх нь тэтгэвэртээ гарсан учраас залуу хүүхэд авна гэхээр нь намайг санал болгосон юм билээ. Би тэр үед Гадаад яаманд Олон талт хамтын ажиллагааны газар дэд захирлаар ажиллаж байсан.Тухайн үед англи хэлтэй хүн ховор, бүх л том дарга нарын орчуулгыг хийдэг байлаа. Би чинь тэр үед зөвлөхийн ажлаа дуусахаар буцаад Гадаад яамандаа л ирнэ гэж боддог байсан, улс төрөөр явна гэж бодоогүй. Н.Багабанди ерөнхийлөгчийн дараа Н.Энхбаяр ерөнхийлөгч сонгогдоод ахиад намайг зөвлөхөөрөө үлдээчихсэн. Яах аргагүй 2 ерөнхийлөгчтэй хамт ажиллачихаар улс төрийн ажилд орж эхэлсэн.
Тэгсэн С.Батболд сайд намайг намд элсэх үү гэж байна. Би бол дотроо коммунист намд элсэхгүй л гэж бодож байгаа юм чинь.Тухайн намын хоёр ерөнхийлөгчтэй хамт ажилласан ч өөрийгөө бол дипломат хүн, хийх ёстой ажлаа хийгээд л явна гэж бодож байсан. Нэг өдөр Идэвхтэн дарга дуудаж байна гээд очтол намынхаа танилцуулгыг өгч байна. Сөхөөд хартал эхний хуудсан дээр “МАХН бол зүүн төвийн үзэл баримтлалтай социал демократ нам юм” гээд биччихсэн. Тэрийг уншаад л энэ чинь миний үзэл бодлыг дэмждэг нам байна шүү дээ гээд намд элссэн дээ.
– Та бас жүдогоор хичээллэдэг байсан гэж сонссон. Ямар амжилт гаргаж байв?
– Би өсвөр насандаа жүдогоор хичээллэдэг байсан. Тэр үед медаль өгдөг тэмцээн гэвэл Улсын аварга, Хотын аварга, Сурагч гэдэг тэмцээнүүд. 1987 онд Сурагч тэмцээнээс Мөнгөн медаль хүртсэн.Тэр үед Дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Л.Сосорбарамын багш Ази тивийн аваргын мөнгөн медальт ОУХМ Л.Лувсандэмбэрэл алт авч байсан. Дараа нь Найрамдлын районы аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Тайлан тоглолт” гээд тухайн хичээлийн жилийн хаалтаар бүх дүүргүүд оролцдог хотын хэмжээний тэмцээнд 3-р байр эзэлж байсан. Дараа жил нь 10-р ангид ороод хичээлээ хийнэ гээд жүдогоо орхисон доо.
– Та боловсролыг юу гэж боддог вэ?
-Боловсрол бол эцсийн дүндээ амьдрах чадвар. Боловсрол ямар ч байж болно. Хүн бүр л өөр өөрийн түвшинд боловсролтой байгаа.Бичиг үсэг тайлагдах хүртэл боловсрол шүү дээ.
–Сүүлийн үед академик боловсролыг орхигдуулаад байгаа юм шиг ажиглагдаад байна уу гэж харж байна.
-Маш их орхигдуулж байгаа. Хэлбэр хөөсөн, худлаа боловсролтой, хуурамч дипломтонгууд олширсон. Бид үүнийг хэвийн юм шиг боддог болчихсон. Хуурамч дипломтой гэхэд дотроо жаахан дургүйцээд л нэг их сүртэйгээр хүлээж авахаа больчихсон. Гэтэл худалдаад авчихсан дипломтой хүн эм зүйч ч юм уу, хүнсний үйлдвэрт ажиллавал хүний амь нас, эрүүл мэндэд маш том аюул учруулна биз дээ. Боловсрол гэдэг бол маш өндөр шалгууртай байх ёстой. Боловсрол багатай, хуурамч дипломтой, эсвэл диплом худалдаж авсан хүмүүс өндөр албан тушаалд очихоороо ичих булчирхай багатай байдаг. Тийм учраас зоригтой худлаа ярьж чаддаг. Боловсролтой хүмүүс бол мэдэхгүй зүйлсээ хүлээн зөвшөөрч илүү даруу, ёс суртахуунтай байдаг. Б.Ренчин гуай “Ёроолгүй тэнэгүүдийн дунд нас яасан урт юм бэ, Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ” гэж хэлсэн байдаг шүү дээ. Социализмын үед яг л тийм байсан. Бүх язгууртнаа буудаж хороодог тэр үед Б.Ренчин гуайд ингэж л санагдсан байх даа.
–Маш сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.