Өнөөдөр уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр

  Өнөөдөр уушгины  хатгалгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 2009 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэх болсон бөгөөд жилд 1.2 сая хүүхэд энэ өвчний улмаас нас бардаг аж.

Анх 1913 онд хатгалгаа өвчний эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүний нөлөөгөөр нас баралтын түвшинг 25%-аас 7.5% хүртэл бууруулжээ. Харин 1977 онд тус өвчний анхны вакциныг зохион бүтээсэн байна.

Уушгины  хатгалгаа гэж ямар өвчин бэ?

Уушги үрэвсэж, уушгины цулцангийн зарим хэсэг улайж, хавагнан үйл ажиллагаа нь муудахыг уушгины хатгалгаа гэнэ. Хүүхэд болон өндөр настай хүмүүст амьсгалын эрхтний бүтцийн онцлог, амьдарч буй орчин нөхцөл, бусад өвчний улмаас уушгины хатгалгаа тусах магадлал өндөр байдаг.

Уушгины  хатгалгаа үүсэх шалтгаан.

Вирус, бактериуд уушгины хатгалгаа үүсэхэд нөлөөлдөг. Ялангуяа ханиад, томуу хүрсний дараа хатгалгаа болж хүндрэх нь элбэг байдаг.

Дараах хүчин зүйлүүд хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Дархлаа суларсан тохиолдолд
  • Антибиотик дур мэдэн хэрэглэх нь хатгалгаа болон бусад антибиотикоор эмчлэгддэг өвчнүүдэд антибиотик үйлчлэхгүй байх, үр дүнг нь сулруулах зэрэг сөрөг нөлөөтэй. Тиймээс эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.
  • Тамхи татах нь уушгины хатгалгаа төдийгүй бусад өвчинд өртөмтгий болгодог.
  • Багтраа, уушги тэлэгдэх өвчин зэрэг бусад суурь өвчтэй байх нь хатгалгаагаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
  • 1-с доош настай нярай болон 65-с дээш насны хүмүүс илүү өртөмтгий байна.

Шинж тэмдэг:

  • Цустай, ногоон цэртэй ханиалгах
  • Халуурах
  • Амьсгаадах
  • Чичирч, шүд тачигнах
  • Цээж хорсох, ханиалгаж амьсгалахад цээжээр өвдөх
  • Зүрхний цохилт хурдсах
  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх
  • Гүйлгэх
  • Толгой эргэж, бөөлжих
  • 1-с доош сартай нярайд хөхөндөө дургүй болох, яраглах, халуурах, сульдах шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнтэй ижил шинж тэмдэг илрэхээс гадна зүрхний хэм 1минутад 100-аас дээш удаа цохилж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

  • Цээж хорсож өвдөх, бусад зүрхний өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэх
  • Амьсгал давхцаж толгой эргэх
  • Цустай ханиалгах (2 хоногоос дээш)
  • Босож зогсох, суух үед толгой эргэх
  • Халуурах (38,2 хэмээс дээш)
  • 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Бөөлжих шинж тэмдгүүд долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл яаралтай эмчид хандана уу.
Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.