Калькуттагийн Гэгээн Тереза эх гэж хэн бэ?

Тереза эх буюу Калькуттагийн Гэгээн Тереза 1910 оны 8-р сарын 26-нд одоогийн Македоны нийслэл Скопье хотноо албани айлд мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу юм.

Агнес Гонжа Бояжу айлын бага охин бөгөөд 12 настайдаа ирээдүйд гэлэнмаа болоод Энэтхэг явахыг хүсэж байгаа тухайгаа ярьж байсан бөгөөд 18 настайдаа Ирландын Лорето гэлэнмаагийн сүмд орж, хожим 1929 оны нэгдүгээр сарын 6-нд Калькутта хотод сайн үйлсийн аянаа эхлүүлсэн түүхтэй.

Түүний анх сахил хүртэхдээ сонгосон нэр нь Тереза байлаа. 1929-1947 он хүртэл Тереза Калькуттын Гэгээн Мариагийн сургуульд газарзүйн хичээл заасан ба 1944 онд сургуулийн захирлаар томилогдон ажиллав. Түүний ярьснаар 1946 онд галт тэргэнд явж байхдаа Тэнгэр бурханаас “Хамгийн ядуу хүмүүсийн дунд ажилласугай” хэмээх дуудлага хүлээн авсан гэжээ. Тэрээр энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас болох саригаас хамгийн эгэл дарууг өмсөж, орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийг цуглуулаад үнэгүй хичээл заах болов. Түүний эхлүүлсэн үйл ажиллагаа өргөжиж Гэгээн Мариагийн сургуулийг төгссөн Терезагийн шавь нар нь ирж туслах болсон ба сүм, орон нутгийн удирдах газраас хандив тэтгэмж ирэх болжээ.

Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм

Тереза эх 1950 онд энэхүү бүлгэмийг үүсгэн байгуулах зөвшөөрөл Ариун Сэнтийгээс хүлээн авсан. Тереза эхийн хэлснээр “Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч” бүлгэмийн гол зорилго нь “Өлсөж цангасан, өмсөх хувцасгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, хэнд ч тоогдохгүй орхигдсон болон хэнд ч хайрлуулж халамжлагдаагүй хүмүүсийн төлөө ажиллах явдал юм” хэмээн тодорхойлж байв.

Энэтхэгийн Засгийн газраас тэдний үйл ажиллагааг дэмжиж эмнэлгийн байр өгсөн ба Тереза эх “Сүүлчийн замаа үдэх гэр” хэмээх асрамжийн газар байгуулжээ. Тэднийг анх ажлаа эхлэхэд нутгийн хүмүүс католик шашинд итгүүлэх гэж байна хэмээн хардаж байлаа. Гэсэн ч гэлэнмаа нар асарч буй хүнийхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн харьцаж, нас барахад нь мөн тэр шашных нь заншлаар оршуулах ёслол зэргийг үйлдэж байсан бөгөөд ийм хандлага нь яваандаа тэдэнд хүмүүсийн итгэл хүндлэлийг авчирсан билээ. Тереза эхийн энэ үйл ажил дэлхийн олон мянган хүний анхаарлыг татах болж улам ихээр хандив тусламж ирэх болов. 1960 он гэхэд бүлгэмийн үйл ажиллагаа бүх Энэтхэг улсаар тархсан байлаа. 1965 онд Ромын Пап VI Паулын зөвшөөрлөөр Энэтхэг улсаас гадна үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд Энэтхэгээс гадна хамгийн очсон анхны улс нь Өмнөд Америкийн Венесуэл байв.

Түүний ядуу, зовсон хүмүүсийн төлөөх үйлсийг үнэлж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртээсэн юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.