Амьтад | Цагаан зээр

Цагаан зээр нь Монголын хээр, говь, тал нутгаар амьдардаг туруутан ангилалд багтдаг зэрлэг амьтан юм.

100–115 см урттай, 60–80 см өндөр бөгөөд эр нь 30–40 кг, эм нь 25–35 кг жинтэй. Эр зээр том, хажуу тийшээ мушгиралдсан эвэртэй бол эм зээр нь бага эсвэл эвэргүй байдаг.

Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин, сүргийн манлайг цэгц гэдэг. Дунджаар 30-40 толгой нь нэг сүрэг болно. Зээрийн сүрэг долоо хоногт 100-150 километр алсад нүүдэллэдэг. Цагт 80, 90 километр хурдалдаг. Жил бүрийн 6-р сард янзагалана.Хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлыг идэш болгоно. Зээр машинаас дайжин хуйлран зугтахдаа заавал машины урдуур шурган гардаг.

Монголын Улаан номд “Ховор” ангилалд орсон бөгөөд Зэрлэг амьтдын тухай хуулиар хамгаалагддаг.

Цагаан зээр хурц туурайгаараа өвсний үрийг газарт шигтгэж өгдөг. Мөн өвс, ургамлыг байгалийн жамаар хэрэглэснээр бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг хадгалах, шинэ ургамал ургахад тусалдаг. Зээрийн ялгадас нь хөрсөнд шим тэжээл нэмж, олон төрлийн бичил биетний амьдрах орчин болдог. Ингэснээр хөрсний үржил шим сайжирч, бусад ургамал, шавьж, жижиг амьтдын амьдралд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн махчин амьтдын хоолны сүлжээнд чухал байр суурьтай. Ирвэс, чоно, бүргэд зэрэг махчин амьтдын идэш тэжээлийн чухал эх үүсвэр. Хэрвээ цагаан зээр алга болбол эдгээр махчин амьтдын хоол тэжээлийн сүлжээ алдагдаж, тоо толгой нь буурах эрсдэлтэй. Тэдний нүүдэл нь олон амьтны амьдрах орчныг сэргээдэг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.