Говийн Догшин Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаагийн тухай

Говийн Догшин Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаа 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын 25-нд Шувуун хэмээх жижиг шанд буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд ядуу ард эцэг Дулдуйт болон эх Сэмжид (Өлзийт болон Мажигханд) нарын ганц хүү болон мэндэлжээ. Аав нь түүнийг эх барьж авахад гэрэл цацарч байсан хэмээн товч намтарт нь бичжээ. Эх нь балчир ахуйд нь нас барж аавтайгаа хэрэн хэсэн явахдаа гоц авьяас билиг нь илэрчээ. Түүний таван настайд аав нь хөтлөн айлын жасаа даллаган дээр очоод байтал ихэд ширүүн бороо гэнэт асгарчээ. Зуны нимгэн бүрээстэй гэрийн дээврээс энд тэндгүй дусаал гоожиж, харин цоорхой дээврийн доорх үүдэнд суух аав хүү хоёрын дээрээс дусаал гоожсонгүйд айлын хүмүүс тэр хоёрыг дооглон инээлдсэнд жаалхүү бээр цовоо дуугаар ийн дуулсан гэдэг:

…Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ?
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа бэ?..

…Огторгуйн одод олон боловч
Ончтой гэрэлтэй нэгэн хоёр
Орчлонгийн амьтан олон боловч
Онцгой мэргэн нэгэн хоёр…  /Хурмаст тэнгэр/ гэх мэт

Тэрбээр өөрийн авьяас билиг, гүн ухаанаараа тодорч есөн настайдаа Говийн Догшин Ноён Хутагтын V дүрд өргөмжлөгджээ. Данзанравжаа 16 нас хүртэл буддын шашныг судалсны эцэст Нимава ёсон буюу улааны урсгал Монголд илүү тохирно гэж үзээд дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ.

Данзанравжаа яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичжээ. 1830 онд анхны театр “Намтар дуулах дацан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ.

“Үлэмжийн чанар”

Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэгдэх энэхүү дууг V Ноён хутагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшигийг утга төгөлдөр өгүүлсэн юм. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу.

Данзанравжаа уран барилгач хүн байсан бөгөөд 1820 онд 17 насандаа Өвөр Хамар гэдэг газар Хамарын хийд, 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт 8 том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргажээ. Хамарын хийд нь Данзанравжаагийн гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байв.

Данзанравжаа гүн ухаанч хүн байсан бөгөөд нэг боть гүн ухааны зохиол туурвижээ. Хамарын хийд болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн сургадаг. Равжаа хутагт Шамбалын оронд зорчих хоёр суваг бий, түүний нэг нь Монголын говьд, нөгөө нь Төвдийн Хайлас ууланд байдаг хэмээн бясалгажээ.

1840 оны үед говь нутагт хүн амины хэрэг нэлээд гарсанд сэтгэл нь зовж ардуудаас хутга мэс цуглуулан хайлуулж хамгийн сайн дархан хүнээр “Түмэн мэст бурхан”-ыг бүтээлгэж, тарни шид шингээжээ. Тэр цагаас хойш цаг бусын үхэл багасаж ард иргэд нь амар жимэр суух болсон гэдэг.

Данзанравжаа багш, соён гэгээрүүлэгч хүн байсан бөагөөд ард олныг харанхуй мунхагаас гаргахын тулд хийд дээрээ тусгай сургууль байгуулж, нарийн мэргэжилд сургаж байжээ. Одоогоор бол дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн төгсөгчдөдөө “Оюуны лянхуа хагас дэлгэрэв” гэдэг дардас, сайн сурсан сурагчдад “Оюуны лянхуа бүтэн дэлгэрэв” гэсэн дардас өгөөд номын сандаа ажиллуулдаг байж.

Мөн Монгол эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургаж нийгмийн амьдралд татан оролцуулсан төдийгүй бүсгүй хүнийг магтан дуулсан олон арван бүтээлийг туурвижээ. 

Данзанравжаа эм найруулагч, эмч хүн байжээ. Тухайн үед Монгол орныг нөмрөөд байсан яр тэмбүүний нянг устгах, эл өвчнийг анагаах талаар тунгаасны эцэст үлэг гүрвэлийн яснаас эм гарган авчээ. Тэр эмээр олон хүнийг өвчнөөс нь салгасан ба өөрөө судас барьж тан найруулдаг байсныг гэрчлэх зүйлүүд олон үлджээ.

Ноён хутагтыг “согтуу ноён хутагт”, “догшин ноён хутагт” гэх зэргээр нэрлэдэг байв. Архийг рашаан болгон хүртдэг төдийгүй уух тусам оюун ухаан нь тэлж, эрдэм чадал нь тодорч улам олон янзын ид шидийг үзүүлдэг байжээ. Нэгэн удаа өөрийнхөө дотно шавь нарыг цуглуулаад вааранд ус хийгээд ном уншмагц ваартай ус буцлан оргилж гэр дүүрэн архи ханхалжээ. Тэгээд шавь нартаа хандан “та нар энэ хэмжээнд хүрч чадвал архи зооглож болно, энэ хэмжээнд хүрээгүй бол архийг бүү хүрт” хэмээн сургажээ.

1856 онд Манжийн хаан Данзанравжааг дарахын тулд түүний архинд дуртайг ашиглан нутгийн хөгшин ноёны бэлэвсэн хатнаар хор өгүүлжээ. Өөрт нь хор өгөх гэж ирээд байгааг мэдсэн атлаа “өрөөл бусдыг ингэж олон удаа зовоохоо больё, үхэх цаг маань ирсэн бололтой” хэмээгээд хортой архийг уучихаад, нөгөөх бэлэвсэн залуу хатанд зориулан “Ертөнц авгайн жам” гэдэг шүлэг бичээд нас баржээ. Манжийн хаан нас барсны маргаашнаас нь эхлээд бүх сургууль, театр, хийдийг нь хаалгав. Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв гэдэг тахилч лам эдэлж хэрэглэж байсан бүгдийг нь яаравчлан цуглуулж, шарилыг нь занданшуулаад Хамарын хийдэд хийж бунхан болгоод, Манжийн хуулинд байх “булш бунханд хүрч болохгүй” гэсэн заалтыг овжин ашиглаж хамгаалж авч үлдсэн түүхтэй. Түдэв тахилчийн үр удам үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсээр 1938 онтой золгожээ. Эд хэрэглэлийг нь 1500 авдарт багтааж хадан агуйд хийх, газарт булах зэргээр нуух гэж оролдсон боловч Дотоод яамныханд баригдан илэрсээр зөвхөн 68 авдар л үлдэж чадсан байна. Данзанравжааг ноёрхогч ангийн төлөөлөгч хэмээн үзэж, бүтээл ба намтар түүх нь олны хүртээл болохоос болгоомжилж түүний үлдээсэн өвийн зүйлсийг бүгдийг устгасан юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.