Энэ өдөр Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова мэндэлжээ

1920 оны 2-р сарын 4 -ны өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова Рязань мужийн Сапожок хотод мэндэлжээ. 1943 онд Москва хотын Плехановын их сургуулийг төгссөний дараа  Худалдаа аж үйлдвэрийн яаманд ажиллахаар хуваарилагджээ. Гурван жил ажиллах хугацаандаа консулын байгууллагад нарийн бичиг хийж байсан бөгөөд энэ үедээ Маршил Ю. Цэдэнбалтай танилцан, дотносож 1947 оны зургаадугаар сарын 12-нд гэрлэж байжээ.

Тэрээр Монголын улс төрд, ялангуяа нийгэм, боловсролын хөтөлбөрүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1974 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө фондын төв комисс байгуулагдсан түүхтэй. Уг тогтоолоор Хүүхдийн төлөө фондын төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, Төв комиссын даргаар Цэдэнбал-Филатоваг томилжээ.

Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах зорилгоор улс ард түмэн нийтээрээ хагас бүтэн сайны амралтын өдрүүдээр ажиллаж байв. Хүүхдийн төлөө фондын төв комисс “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриан дор хүүхэд залуучуудын нийгэм, соёл, боловсролын хөгжилд зориулсан олон барилга байгууламж барьж байгуулсан юм. Тухайлбал, 60 гаруй ясли цэцэрлэг, Залуучуудын ордон, Өнчин хүүхдүүдийн асрамжийн газар, Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн сүүний үйлдвэр, Төв бассейн, Пионер сурагчдын төв ордон, Хүүхдийн төв эмнэлэг, театр, парк, номын сан, мөн залуу үеийнхний эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих зорилгоор Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зэргийг барьж байгуулжээ.

Түүнийг 1970-1980-аад онд Монгол Төрийн хэрэгт оролцож эхэлсэн гэж буруутгадаг. Харин 2021 оны 6 сарын 7-нд А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан байна.

Цэдэнбал-Филатова 1949 оны 10-р сарын 7-нд Владислав болон 1957 оны 3-р сарын 11-нд Зориг хэмээх хоёр хүү төрүүлсэн. Тэрээр 2001 онд буюу 81 насандаа төрөлх Москва хотноо таалал төгсжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.