Кристиано Роналдо 40 нас хүрлээ

Түүний бүтэн нэр Кристиано Роналдо дос Сантос Авейро юм.

1985 оны 2-р сарын 5-нд Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогддог, хөл бөмбөгийн домогт тамирчин Кристиано Роналдо Португал улсын Фуншал тосгонд  мэндэлжээ.

Түүнийг төрөхөд аав нь өөрийн шүтэн биширдэг жүжигчин Роналд Реаганы нэрээр нэрлэжээ. Реаганыг ерөнхийлөгч болсон 1985 онд Роналдо Португалын Фуршал хотод мэндэлсэн түүхтэй.

Тэрээр зургаан настайдаа дүүргийнхээ Андориньяа хэмээх хөл бөмбөгийн багт уригдан тоглосноор түүний спортын замнал эхэлжээ. Хичээлдээ тун тааруу сурагч байсан бөгөөд 14 настайдаа гэр бүлийг нь ядуу хэмээн доромжилсон багш руугаа сандал шидэн сургуулиасаа хөөгдсөн ч ээж нь өөр  сургууль руу шилжүүлэхийн оронд зөвхөн хөл бөмбөгтөө анхаарах боломж олгосноор 14 настайдаа хагас мэргэжлийн хөл бөмбөгчөөр тоглож эхэлсэн юм. Роналдо 15 настайдаа  зүрхний хэм алдагдалтай гэж оношлогдон спортоо орхих дөхсөн ч зүрхний хагалгаа хийлгэснээр хөл бөмбөгийн талбайдаа эргэн гарчээ.

Түүний анхны амжилт бол 2002 оны 3-р сард зохион байгуулагдсан Португалын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь бөгөөд энэ цагаас эхлэн 7 дугаартай тоглох болжээ.

2021  онд Роналдо дэлхийн хамгийн олон гоол оруулсан тамирчнаар шалгарсан бөгөөд энэхүү амжилтаа одоо хүртэл хадгалдаг.

Гоол оруулах үеийн мэдрэмж мэдээж гайхалтай. Гэхдээ миний хувьд хамгийн чухал нь багийн минь хожил. Манай баг ялж л байвал хэн гоол оруулах нь хамаагүй шүү дээ

Тэрээр өөрийнхөө амжилтын нууцыг зөвхөн шаргуу хөдөлмөр хэмээн тайлбарладаг бөгөөд шигшээ багийнхаа бэлтгэлийг нэг ч удаа тасалж байгаагүй гэнэ.

Роналдо орлогоо буяны үйлсэд хандивлах болсон бөгөөд 2009 онд 130,000 долларыг ээжийнх нь хорт хавдрыг эдгээсэн эмнэлэгт, 2011 онд  хүртсэн “Алтан гутал” шагналаа зарж 1.7 сая долларын орлогоо Газа дахь сургуульд хандивласан. 2014 онд тархины хавдартай хүүгийн ээж аав Роналдо руу захиа бичжээ. Захианд түүнийг өөрийн тоглолтондоо өмссөн фудволкоо илгээхийг хүсэж, тэрхүү фудволкийг зарж хүүгийнхээ хагалгааны мөнгийг босгомоор байгаагаа бичиж явуулжээ. Захиаг хүлээж авсан Роналдо фудволк биш хүүгийн хагалгааны зардал болох 65,000 долларыг илгээж, эмнэлгийн эмчилгээний бүх урсах зардлыг төлж байжээ.

Роналдо 4 хүүхдийн аав юм. Түүнд ганц ч шивээс байхгүй мөн шивээс хийлгэх бодолгүй, хийлгэхээс ч татгалздаг. Учир нь тэр цусны идэвхтэй донор бөгөөд  жилд хоёроос багагүй удаа цусаа хандивладаг ажээ.

Роналдогийн аав 52 настайдаа архинаас болж нас барсан. Түүнээс болж Роналдо архи огт уудаггүй ба архи түүнд аавынх нь үхлийн тухай гунигт дурсамжийг нь санагдуулдаг гэсэн байдаг. Тэр мөн тамхи татдаггүй.

Өдгөө 40 настай тэрээр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан бөгөөд Nike компанитай хамтран гаргасан CR7 хэмээх өөрийн брэндийг эзэмшдэг.

Роналдо 24 цагийн дотор YouTube дээр хамгийн их subscribers авсан хүн бөгөөд Инстаграм дээр 648 сая дагагчтай юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.