Шилүүс (Lynx) бол хүчирхэг, овжин, нууцлаг анчин амьтан. Шилүүс богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Хүзүүнийхээ дор зангиа шиг харагддаг өрөвлөгтэй.
Биеийн өнгө дунд зэргийн хүрнээс, алтлаг, хул ухаа цагаан өнгөтэй, хааяа ялангуяа мөчин дээрээ бараан хүрэн толботой. Бусад муурын овгийн амьтдыг бодвол шилүүс байгальд орших үедээ амьтан, хүнд аюултай амьтан боловч гаршуулсан тохиолдолд гэрийн муур шиг дасдаг ажээ.
Түүний талаар дараах сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1.Ойт хээр, уулын бүсэд амьдардаг
Шилүүс ихэвчлэн ой мод, уулын бүс нутагт нуувч олж амьдардаг. Монголд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хархираа зэрэг газарт тархсан.
2. Чихний туг үс нь сонсголыг нь сайжруулдаг
Шилүүсний чихний орой дээр байх туг хар үс нь зөвхөн гоёл биш. Энэ нь авиа хүлээн авах чадварыг нь нэмэгдүүлдэг гэж үздэг.
3.Өвлийн улиралд цасанд шигдэхгүй сарвуутай
Түүний сарвуу маш өргөн бөгөөд хөнгөн тул гүн цасанд шигдэлгүй алхах боломжтой тул цас ихтэй газар амьдрахад нь давуу тал болдог.

4. Монголчууд шилүүсний эрийг сангас, эмийг мангас, төлийг ногуул гэж нэрлэдэг.
5. Голдуу шөнө ан хийдэг
Энэ амьтан харанхуйд маш сайн хардаг бөгөөд шөнийн цагаар идэвхтэй ангуучилдаг.
6. Идэж чадах хэмжээгээрээ л ан хийдэг
Шилүүс илүү их мах нөөцөлж хадгалдаггүй. Зөвхөн өлссөн үедээ ангаа барьж иддэг.
7. Голдуу туулайгаар хооллодог
Европ болон Хойд Америкийн шилүүсийн хувьд гол хоол нь туулай байдаг. Харин Монголын шилүүс хүдэр, зурам, үнэг зэрэг амьтад барьж иддэг.
8. Олон янзын дуу авиа гаргадаг
Шилүүс нь муур шиг дуугарч, архирах, ёолох, исгэрэх, мурчих зэрэг олон янзын авиа гаргадаг.
9. Махчин шувуунаас ангаа булааж чаддаг
Зарим тохиолдолд бүргэд, шар шувуу зэрэг шувуудын барьсан анг булаах тохиолдол байдаг.
10. Идэш тэжээлийн хэлхээг тэнцвэржүүлдэг
Шилүүс бол идэш тэжээлийн гинжин хэлхээний дээд хэсэгт оршдог. Тэд жижиг амьтдыг идэж, улмаар ургамал идэштний нөлөөг багасгаж, ургамлын төрөл зүйлийг хамгаалах нөхцөл бүрдүүлдэг.
Мөн түүний барьсан ангийн үлдэгдэл нь үнэг, хэрээ, махчин шувуу зэрэг бусад амьтдын хоол хүнс болдог.
Иймээс шилүүс нь байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэднийг хамгаалах нь экосистемийг хамгаалах нэг хэсэг юм.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэсэн.
