Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот бол Италийн Венец хот. Түүхэн баримтаар Венецыг 421 оны 3 сарын 25-нд байгуулагдсан гэж үздэг.
Венец бол Италийн зүүн хойд хэсэгт орших, Адриатын тэнгисийн 118 жижиг арлаас тогтдог өвөрмөц хот билээ. Анх III зууны үед Венецид хүмүүс ирж суурьшсан гэж тэмдэглэсэн байдаг. Харин 13-15 зууны үед Венец дэлхийн хамгийн хүчирхэг хотуудын тоонд багтаж байсан бөгөөд дэлхийн худалдаа наймааны төв хот байсан юм. Харин 1797 онд Наполеон Бонапарт Венецыг эзлэснээр тусгаар тогтнолоо алдаж, улмаар 1866 онд Италид нэгджээ.

Хот дотор 400 гаруй гүүр болон архитектурын гайхалтай шийдэл бүхий барилгууд байдаг. Мөн Венец ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн хот юм.
Венецид заавал очиж үзэх газруудын нэг бол Гранд Каналын эргүүдийг холбосон хамгийн анхны гүүр болох Риалто гүүр юм. Мөн Сан Маркын талбай нь Венецийн соёл болон түүхийн өвийг хадгалсан хамгийн том талбай билээ.

Далайн түвшин нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буйтай холбоотойгоор Венец хотын суурь жил ирэх тусам доош живсээр байгаа бөгөөд 2100 он гэхэд хот бүхэлдээ живэх магадлалтай хэмээх тооцоолол гарсан байна.

