Өнөөдөр бол Инээдмийн баяр. Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн гэхээсээ илүү бие биеэ “хууран мэхлэх, тоглоом шоглоом хийх” мөн “тэнэг”-үүдийн өдөр ч гэж нэрлэдэг.
Энэхүү баярын үүсэл хаанаас гарсан нь тодорхойгүй бөгөөд хамгийн түгээмэл ойлголт нь Францын шинэ болон хуучин хуанлийн өөрчлөлттэй холбоотойгоор тайлбарладаг.
16-р зуунд Францчууд Жулианы хуанлигаас Григорийн хуанлид шилжиж, шинэ жилээ 4-р сарын 1-ээс 1-р сарын 1 рүү шилжүүлсэн. Гэвч зарим хүмүүс хуучин хуанлидаа үлдэж, шинэ жилээ 4-р сарын 1-нд тэмдэглэж байсан тул тэднийг шоолон “тэнэгүүд” хэмээн нэрлэснээр энэ баяр үүссэн гэх яриа бий.
Энэ өдрийг дэлхийн олон орнууд өөр өөрсдийнхөөр тэмдэглэдэг бөгөөд тухайлбал Их Британи, Канадад өдрийн 12 цаг хүртэл л тоглоом наргиа хийдэг гэнэ. Харин 12 цагаас хойш тоглоом наргиа хийхийг “тэнэгүүдийн тэнэг” гэж үздэг байна.
Мөн энэ өдөр хийсэн хамгийн алдартай пранкуудаас дурдвал:
-1957 онд BBC телевиз “Швейцарт гоймонгийн ургац арвин гарлаа” хэмээх хуурамч мэдээлэл тараасанд олон үзэгчид итгэж байсан.
-1998 онд Burger King “Зөвхөн солгой гартнуудад зориулсан бургер гаргасан” хэмээх мэдээлэлд олон үйлчлүүлэгчид итгэж байжээ.
