УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.01/-ийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонслоо.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллээр тус зөвлөл нь 2025 оны эхний улиралд 7 удаа хуралдаж, Монголбанкны дотоод аудит, хөндлөнгийн аудит, нөөцийн удирдлага, санхүү бүртгэл, хууль эрх зүй, хяналт шалгалт, банкны бүтцийн өөрчлөлт болон бодлогын газруудын мэдээлэлтэй танилцжээ.
Түүнчлэн зээлийн хүүг бууруулах чиглэлд 2011-2013 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний агуулга, боловсруулсан аргачлал, үр дүнг судалж ажилласан байна. Тухайлбал, 2011-2023 онд зээлийн хүүг бууруулах чиглэлд дөрвөн бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлсэн бөгөөд 2011-2013 онд зээлийн хүү буурах эдийн засгийн болон хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хөтөлбөр, 2012-2016 онд зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөр, 2018-2023, 2020-2023 онд зээлийн хүү бууруулах стратеги төлөвлөгөөг баталж байжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Ж.Алдаржавхлан, О.Батнайрамдал, М.Энхцэцэг, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авлаа хэмээн МАН-ын бүлгээс мэдээллээ.



