Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн банк болон Япон улсын ‘Нийгмийн хөгжлийн сан’-гийн дэмжлэгтэйгээр 2019 оноос 2025 оны хооронд Ховд аймгийн Зэрэг, Завхан аймгийн Тэлмэн, Өвөрхангай аймгийн Богд, Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургууль, Сүхбаатар аймгийн Эрдэнэхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуульд суурилсан энтерпрайс” төсөл, тухайн аймгуудын сонгогдсон 25 сумын сургууль, Насан туршийн суралцахуйн төвүүдэд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Орон нутгийн хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн хувьсан өөрчлөгдөж буй эрэлтэд нийцсэн, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх нь төслийн гол зорилго бөгөөд дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:
-Экспансив сургалтын онолд тулгуурлан “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалтын хөтөлбөр, багц хэрэглэгдэхүүн боловсруулж, хосолсон ESEL сургалтыг нэвтрүүлэв.
-Оролцогч 5 аймаг, 29 суманд орон нутгийн оролцогч талууд, хувийн хэвшил, эцэг эхчүүдээс бүрдсэн Төслийн аймаг, сумын зөвлөлийг байгуулж, хамтран ажиллав.
-Зорилтод сумдын ЕБС, НТСТ, МБС-ыг түшиглэн 7 удаагийн ESEL сургалтыг зохион байгуулж сургууль завсардсан, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй 8773 хүүхэд, залуучуудыг хамруулав.
-ESEL сургалтын хөтөлбөрийг чиглүүлэн явуулах 594 багшийг ESEL-ийн багшаар бэлтгэв.
-ESEL сургалтын хөтөлбөрийн багшийн сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй 50 мастер багш бэлтгэв.
-ESEL-ээр эзэмшсэн ур чадварыг хөгжүүлэх зорилготой 45 Энтрепренер клуб байгуулж, уг клубээр дамжуулан 2940 хүүхэд, залуусын идэвхтэй оролцоог хангав.
-Орон нутагт хэрэгжүүлэх бизнесийн шинэ санааны 8 удаагийн пич уралдаан зохион байгуулж, 3286 хүүхэд, залуучууд баг болж оролцон, бичил төслөө танилцуулснаас 1471 нь тэтгэлэг авав.
-Пич уралдаанд шалгарсан бичил төслийн 360 багт санаагаа турших, эзэмшсэн ур чадваруудаа бодит амьдрал дээр ашиглахад нь дэмжлэг болох 1000 доллар хүртэлх санхүүжилтийн тэтгэлэг олгов.
-5 бизнес көуч, 211 ментор, 224 үе тэнгийн менторуудыг чадавхжуулж, бичил төсөл хэрэгжүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгов.
-Бичил төсөл хэрэгжүүлэгч багууд хооронд туршлага солилцох орон нутгийн, үндэсний арга хэмжээ зохион байгуулж, 1019 хүүхэд, залуус оролцов.
-Энтрепренершипийн боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сургуулийн менежментийн хөгжлийг дэмжих зорилгоор зорилтод 5 аймаг, 6 сумын 6 ерөнхий боловсролын сургуульд сургууль суурилсан энтрепрайз санаачлагыг хэрэгжүүлэв.
-Зөөлөн ур чадварыг үнэлэх үндэсний чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж, ESEL хөтөлбөрийн ажиглалтын рубрик судалгааны хэрэглэгдэхүүн боловсруулан түгээв.
Энэхүү төсөлд хамрагдсан сургуулийн багш, удирдах ажилтан, хүүхэд, залуучууд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол эзэмшсэнээр сурлагын амжилт нь сайжирч, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдэж байна.
Цаашид аймаг, орон нутгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төвүүдийг түшиглэн төслийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.