Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэлцүүлгийг чиглүүлж, оролцогчдод хөтөлбөр, мэдээлэл, дэгийг танилцуулав. УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нар ажиллаж байгаа аж.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжийн өнөөгийн байдал, хэрэгжилт, бусад улс орны туршлага” сэдэвт илтгэл танилцууллаа. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу үндэс, шашин, үндэс угсаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлдэг хэмээн танилцуулсан.
Сүүлийн 10 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагад ялгаварлан гадуурхсан гэх гомдол, мэдээлэл 186 бүртгэгдсэнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн боловч уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар ялгаварлан гадуурхахтай холбогдуулан нэг ч хэрэг шийдвэрлэгдээгүй болохыг танилцуулсан. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт өртсөн хэдий ч гомдол гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь хувийн нууц задрах эрсдэл, гомдол, мэдээлэл хүлээн авагч эрх бүхий албан тушаалтнуудын харилцаа, хандлагаас болгоомжлох, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны талаарх болон хүний эрхийн талаарх ойлголт дутмаг, хуулийн дагуу эрхээ хамгаалуулна гэдэг итгэл үнэмшил төрдөггүй зэргээс улбаатай байдаг гэжээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх илтгэлээр хэлэлцүүлэг үргэлжиллээ.Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдол, мэдээлэл, мөн тус Комиссоос хийсэн судалгаануудыг нэгтгэн дүгнэхэд хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт их байдаг болохыг хэлээд холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн. Цаашид энэ төрлийн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм бүрдүүлэхэд төвлөрч анхаарах шаардлагатай гэдэг саналыг гаргаж буйгаа танилцуулсан. Хэдийгээр хууль тогтоомжид тодорхой хэмжээгээр тусган, зохицуулсан боловч 2017 оноос хойш хоёр удаа энэ төрлийн гомдлоор хэрэг нээсэн, гэхдээ нэг ч хэргийг шийдвэрлээгүй гэв.
Дараа нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Д.Оросоо “Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба ялгаварлан гадуурхалт” сэдвээр илтгэл танилцуулсан.Үзэл бодлын эрх чөлөөг хамгаалах нь нийгмийн урсгал, хөдөлгөөн, хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг болохыг илтгэгч дэлгэрэнгүй танилцуулаад ялгаварлан гадуурхалт дунд ноцтойд тооцогддог гэдэг байр суурийг танилцуулж байв. Энэ төрлийн ялгаварлан гадуурхалтын үр дүнд нийтийн оюун санааны эрх чөлөө хумигдаж, нийгмийн хөгжлийг сааруулдаг, асар их хохирол учруулдаг болохыг жишээ татан, танилцуулсан. Тиймээс дотоодын хууль тогтоомждоо үзэл бодлын ялгаварлан гадуурхалтын асуудлыг нарийвчлан тусгаж, томьёолохтой холбоотой саналаа танилцуулсан. Эрүүгийн хуульд тусгахаас гадна Зөрчлийн хуульд үзэл бодлын ялгаварлан гадуурхалтын хөнгөн, жижиг хэлбэрт ямар хариу арга хэмжээ, зохицуулалт шаардлагатайг судлах, нийгэмд олон янзын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх нийгмийн соёлыг төлөвшүүлэх шаардлагатай гэдэг санал хэллээ.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун үг хэлэв. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль эрх зүйн орчин шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлээд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаануудыг өргөн хүрээнд хийж, бүх талын оролцоотой хэлэлцүүлгүүд, зөвлөлгөөнийг зохион байгуулсны үр дүнд цогц шийдэл боловсруулах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд үр дүнтэй хамтран ажиллахыг хүсээд, оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
