О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд НД төлдөг ч банкнаас зээл авч чадахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхтэй холбоотой дараах асуултыг асуув.

Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Хүн амын орлогын албан татвар, НДШ-ээс хөнгөлөлт авдаг. Хөнгөлөлт авсан хэрнээ буцаагаад НД-д мөнгө төлж байгаа. Гэсэн хэдий ч ХБИ өнөөдөр банкнаас зээл авч чадахгүй байна. Ер нь зээлийн бүтээгдэхүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй байна. Зээл олдохгүй байгаагаас бизнес хийх боломжгүй, ажил хийхэд хэцүү болчхоод байна. Эргээд л бид халамжийнхаа зам руу явахаас өөр аргагүй болоод байна л даа. Тэгэхээр энэ шударга биш байна гэсэн үг. Яагаад өнөөдөр группийн мөнгөө болиод нийгмийн даатгал төлж байхад тэрийг нь банкууд орлого гэж үзэхгүй, эргэн төлөх боломжтой гэж үзэхгүй байгаа юм бэ? Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг худалдан авагч, хэрэглэгч гэж үзэхгүй байна вэ? Үүн дээр ямар өөрчлөлт, ажлуудыг төлөвлөж байна вэ?” гэв.

Асуултын хариуд Монголбанкны ерөнхийлөгч Г.Энхтайван, “Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Хэрвээ тухайн иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үндэслэлээр зээлд хамрагдаж чадахгүй байгаа бол, яг ийм тухайлсан кейс гарсан бол Төв банк үүн дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж, ийм ялгаварлан гадуурхалт гаргасан банк санхүүгийн байгууллага дээр арга хэмжээ авна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.