БНХАУ-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, сэргээн засах чиглэлд хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун БНХАУ-д айлчилж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо буюу Хөгжлийн бэрхшээлийн сайдтай уулзлаа.

Уулзалтад БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо буюу Хөгжлийн бэрхшээлийн сайд, Ардын төлөөлөгчдийн хурлын гишүүн Ноён Чэнг Кай, тус яамны Удирдах зөвлөлийн дэд ерөнхийлөгч Чанг Жэнг, Сэргээн засалтын газрын Ерөнхий захирал На Шин, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах газрын дэд захирал Жанг Донгванг, Олон улсын харилцааны газрын захирал Шү Линг, Хөдөлмөр эрхлэлт, боловсролын газрын Ерөнхий захирал Рэн Жабин нар оролцжээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

“2023 онд Хятад улс Саадгүй орчны тухай хуультай болж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулиа шинэчлэн баталжээ. Мөн 2022 онд Паралимпын өвлийн наадам Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан билээ. Үзвэр үйлчилгээний газрууд, зам талбай олон нийтийн газрууд нь хүртээмжийг маш сайн хангажээ.

Бид уулзалтаар олон санал солицсоноос хэд хэдэн чухал асуудлаар хамтран ажиллах тухай ярилцав:

  1. Туслах технологийн үндэсний төвийг Монголд байгуулах
  2. Хууль эрх зүйн хүрээнд саадгүй байдлын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  3. Манай улс хиймэл хөл хийдэг протез ортопедын 2 мэргэжилтэнтэй. Бидэнд зөвхөн протез гэлтгүй Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх хүний нөөц маш дутагдалтай байдаг. Иймд хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах
  4. Манай улсад Сэргээн засалтын тэнхим гэж байдаг бол БНХАУ нь Сэргээн засалт судлалын Их сургуультай. Энэ хүрээнд АШУҮИС-ийн хооронд хамтын ажиллагаа зохион байгуулах
  5. Насанд хүрэгчдийн сэргээн засалтын салбарт хамтран ажиллах
  6. Урлаг, спортын арга хэмжээнд харилцан оролцох
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хамтран ажиллах

Дээрх ажлуудыг дэмжиж цаашид хамтран ажиллахын тулд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Ноён Чэнг Кай харилцан ойлголцлын баримт бичиг (MoU) байгуулах саналыг гаргалаа. Томоохон хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт аль аль тал итгэлтэй байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.