Шатрын хүү болсон ард түмэн

Монголын төрийн ордон дотор сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдал үнэндээ улс төрийн “шатрын өрөг” болж хувирлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын дунд үүссэн зөрчил улс орны бодлогын асуудлаас илүү хэн нь нөлөөтэй, хэн нь үлдэх вэ гэсэн өрсөлдөөн болж байна.

Энэ бүхний цаана эх орон, иргэдийн амьдрал, нийгмийн тогтвортой байдал гэх үнэт зүйлс мартагдаж буй нь хамгийн эмгэнэлтэй. Хоёр тал ээлжилж мэдэгдэл хийн, өөр өөрийн талын “хүү”-г урдаа гаргаж, иргэдийн сэтгэлзүйг турхирч, нөхцөл байдлыг улам хурцатгах боллоо.

Угтаа бол Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр төрийн хамгийн хариуцлагатай институцийн удирдагчид. Гэвч өнөөдрийн байдлаар тэдний харилцаа улс төрийн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын хүчний тэнцвэрийн тоглоом болж хувирчээ.

Энэ тоглолтын гадна талаас Ардчилсан намынхан өөрийн оноо нэмэх гэсэн богино настай улс төрийн популизм хийж, нөхцөл байдлыг улам дэвэргэж байна.

Гэвч үнэндээ өнөөдрийн улс төрийн хямрал бол ердөө хоёр хүний зөрчил биш,
төрийн тогтолцооны сул тал, хариуцлагын тогтолцоогүй байдлын илэрхийлэл юм.

Төсөв хэлэлцэх үеэр төрийн тогтворгүй байдал яригдаж буй нь энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа нь лавтай.  Төсвөөс хэсэг бүлэг хүмүүсийн халаас руу мөнгө орж, улс төрийн томчууд өөр хоорондоо тэмцэлдэж байх хооронд ард иргэдийн итгэл алдарч, нийгэм улам бухимдалтай болж буй.

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар үнэхээр Монгол улс, ардтүмнийхээ төлөө зүтгэж байгаа бол ил, шударга нүүрнүүрээ хараад нээлттэй хэлэлцэх цаг нь аль хэдийн болсон.


Өнөөдрийн улс төрийн тоглолт маргаашийн Монголын ирээдүйг шатар шиг золиослогч хүүгийн хувь заяанд хүргэж мэднэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.