Магни дутагдвал зан ааш өөрчлөгдөнө

Магни нь бие махбодийн олон эд эсийг зөв ажиллуулахад зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юм. Таны биед агуулагдах магнийн тал орчим хувь нь ясанд байдаг. Үлдсэн хэсэг нь бүх биеийн эсийн үйл ажиллагааг дэмждэг. Үүнээс гадна булчингийн үйл ажиллагаа, зүрхний хэмнэл, цусны даралт, цусан дахь сахарын түвшинд гол үүрэг гүйцэтгэдэг. Өөр бусад ашигтай талуудыг дурдвал,

– Магни нь дархлааны системийг дэмжиж, ясыг илүү бат бөх болгодог.

– Зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх, зүрхний хэм алдагдлыг багасгадаг.

– Шүдээ хавирах шинж тэмдгийг арилгана.

– Стресс, түгшилтийг бууруулдаг. Магни нь дааврын ялгаруулалтад нөлөөлж кортизолын түвшинг багасгана. 

– Урт болон богино хугацааны ой санамжийг хадгалах тархины хэсгийг тэжээдэг. Магни мөн мэдрэлийн захуудын үйл ажиллагааг эрчимжүүлж мэдээлэл дамжуулах, холбох, ой санамж, мэдээлэл хадгалах үйл ажиллагааг хариуцдаг.

– Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин хүндрэх явцыг удаашруулж өгөхөд нөлөөлнө.

– Аз жаргалын даавар серотонин болон нойрны даавар мелатонины ялгаралтыг нэмэгдүүлдэг.

– Хоол хүнсийг энерги болгон хувиргах зэрэгт чухал нөлөөтэй.

 Хүний биед магни дутагдсанаар зан ааш өөрчлөгдөх, нүд татах, нойргүйдэх, ядаргаанд амархан орох, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Шош, самар, бүхэл үрийн талх, шар болон бор будаа, ногоо (ялангуяа хар ногоон өнгийн), гадил, далайн байцаа, хар чавга, хатаасан чавга зэрэг бүтээгдэхүүнүүд магнигаар баялаг байдаг.

Хоол хүнснээс өөрт хэрэгцээтэй шим тэжээлээ авч чадахгүй байгаа тохиолдолд нэмэлт амин дэмээр магниг авна. Мөн стресстэй, жирэмсэн эхчүүд, спортоор идэхвтэй хичээллэдэг хүмүүс магниг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг ажээ. Түүнчлэн магни бие махбодид шимэгдэхэд архи болон кофеин муугаар нөлөөлдөг.

Бөөрний үйл ажиллагаа хязгаарлагдмал хүмүүс хордлого үүсгэх эрсдэлтэй тул магни хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.