Баянхонгор аймгийн Өлзийт сумд Хэл хуурын танхим байгуулжээ

Ардын язгуур урлагийн төрөл нь “хэл хуур”-ыг дэлхий дахинд уламжлан авч үлдсэн 160 орчим улс байдаг. Анхны язгуур эх өв нь Төв Ази, түүн дотроо Монгол Улсаас үүсэлтэй хэмээх эрдэмтдийн судалгаа бий.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Соёлын төвд монгол уламжлалт хэл хуурын танхим байгуулах сургалтыг зохион байгуулж, 80 гаруй иргэн оролцжээ.

Соёлын бүтээлч сарын хүрээнд Баянхонгор аймгийн СУАЖЗГ, Монгол Улсын Соёлын Элч, “Монгол Угсаатан, хэл хуурчдын холбоо”-ны Ерөнхийлөгч Б.Нарандэлгэр багийнхны хамт Өлзийт сумын Соёлын төвд ажилласан бөгөөд хэл хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, хэл хуур урлаач, өвлөн уламжлагчдыг бүртгэх ажлыг өрнүүлжээ. Ажлын хэсгийнхэн сургалтын хүрээнд гурван аймгийн дөрвөн суманд хэл хуурын танхимыг байгуулаад байгаа аж.

Орчин цагт хэл хуурыг аман хуур хэмээн эндүүрэх нь бий. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж, авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан болон ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлогоос хамаарч ангилан ялгасан нэршил. Төмөр хуур вааран хэлбэртэй бөгөөд чичирхийлэл үүсгэхийн тулд хэлний үзүүр хэсэгт матаастай байдаг бол хулсан хуур ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэрийн хэл нь үзүүртээ товхтой байдаг аж.

“Монгол уламжлалт хэл хуурын өдөр” баярын хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 11-нд зохион байгуулахаар товлосон бөгөөд хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаач, сонирхогч хэн бүрт нээлттэй. Мөн үеэр хэл хуурын үзэсгэлэн, монгол хэл хуур хөгжмийн тухай судлаачдын илтгэл, монгол уламжлалт хэл хуур өвлөн уламжлагчдын тайлбарт тоглолт үнэ төлбөргүй болох ажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.