Г.Тэмүүлэн: Аав бид хоёрын ажил амжилт бүх зүйлийн ард ээж болон хань минь байдаг

Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн уригдлаа. Түүний бага нас, гэр бүл, улс төрийн карьер зэрэг өргөн сэдвийн хүрээнд ярилцсаныг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Таны нэрийг тань хэн хайрлаж байсан бэ, ямар утгатай нэр вэ?

-Аав минь миний нэрийг өгсөн. Намайг төрөх үед аав ээж хоёр минь тухайн үеийн ЗХУ-ын Донецк хотод оюутан байсан юм. Надад яагаад Тэмүүлэн гэж нэр өгсөн юм бэ гэж ааваас асуухад, хаалттай нийгэм байсан учраас Тэмүүжин гэж өгч болохгүй, арай зөөллөөд Тэмүүлэн гэдэг нэр хайрласан гэж байсан. Үүх түүх, соёлоо бодоод, дээрээс нь шинийг эрэлхийлж өөдөө тэмүүлж яваарай гэж өгсөн юм билээ.

-Гэр бүлийнхээ тухай бидэнтэй хуваалцаач. Амралтын өдөр студидээ урихад хүүхдээ дугуйланд нь хүргэж өгнө гэж байсан. Та ер нь хэр сайн аав бэ?

-Би 3 хүүхэдтэй. Том 2 маань эрэгтэй эмэгтэй ихрүүд, саяхан 15 хүрсэн. Хүүхэд байхдаа 15 хүрэхдээ өөрийгөө их л том боллоо гэж боддог байлаа. Үүний адил хоёр хүүхэд маань бас л том болцгоож байна. Бага хүү маань 7 настай. Би хагас, бүтэн сайнд гурвууланг нь дугуйланд нь хүргэж өгдөг үүрэгтэй. Аавын ажлыг амралтын өдрүүдээр гүйцэтгэж бусад өдрүүдэд гэрийн ажилд оролцож чаддаггүй. Одоо эргээд харахад ихрүүдийгээ хэрхэн өсөж томорч, 2, 3 нас хүрснийг нь анзаараагүй байж. Тэр үед Уул уурхайн яаманд Газрын тос, ашигт малтмалын газар ажиллаж байсан. Манайд хөрөнгө оруулалтын гэрээнүүд их орж ирдэг, ажил ихтэй байсан үе. Дараа нь Тавантолгой, Оюу толгойд ажиллаж, 4, 5 жил маш хурдан өнгөрсөн. Ажлын төлөө гэр бүлээ хойш тавьж байсан даа. Харин бага хүүхдийнхээ нялх нярай үеийн  инээд хөөр, хөөрхөн мөчүүдийг харьцангуй ихээр мэдэрч өнгөрсөн. УИХ, ЗГ-ын чуулганы үеэр цаг зав муутай, амралтын өдрүүдээр ч ажиллах үе байдаг. Харин бусад үед амралтын өдрүүдээ гэр бүлдээ зориулдаг даа.

Таны өвөө эмээ, аав Архангай аймгийн Өндөр-Улаан болон Ихтамир сумын харьяат хүмүүс байдаг. Таны өвөөг их сайн гар бөмбөг тоглодог, сайн зурдаг хүн гэж нутгийн зон олноос сонсож байсан.

– Миний өвөө Архангай аймгийн хамгийн анхны гадаад хэлний багш, орос хэл зааж байсан юм. 1954 оноос Тариалан суманд багшилж, дараа нь Ихтамир, Өндөр-Улаан сумуудад, сүүлд Архангай аймгийн 1 дүгээр сургуульд насан эцэслэтлээ багшилсан. Эмээ минь Тариат сумын хамгийн анхны цэцэрлэгийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч. Мөн сум, аймгийнхаа намын хороонд ажилладаг, төр нийгмийн идэвхтэй хүн байсан. Эмээ минь мөр, чац сайтай,  зургаас харахад бараг өвөөгөөс том биетэй. Өвөө минь харин жижигхэн биетэй, их хөдөлгөөнтэй, спортлог хүн байсан. Архангай аймгийн гар бөмбөгийн шигшээ багт холбогч хийдэг байсан. Шигшээ баг нь улсдаа 2 жил дараалан түрүүлж байсан гэдэг. Тухайн багийн 5 тоглогч нь халзан, нэг нь гэзэгтэй байсан гэсэн. Тэгээд тэднийг Архангайн таван халзан нэг гэзэгт гэж хочилдог байж л дээ. Мөн Батлан хамгаалахын их сургуульд сурч байсан бөгөөд сургуулийнхаа намрын спартакиадад 2 жил дараалан түрүүлсэн түүхтэй юм билээ. Тэшүүр цанаар гулгадаг, сагс ч мөн тоглодог. Харамсалтай нь их сургуулиа төгсөж чадалгүй хэлмэгдүүлэлтэд өртөж, эсэргүүгийн хүүхэд гээд сургуулиасаа хөөгдсөн гэсэн. Сүүлд одоогийн МУБИС-д биеийн тамирын багш мэргэжил эзэмшсэн гэдэг.

-Таны нөгөө өвөө эмээ тань Баянхонгорын хүмүүс байдаг тийм ээ?

-Дөрвөн өвөө эмээгээсээ би ганцхан ээжийнхээ аав буюу Довдон өвөөгөө л харж байсан. Бусад нь намайг төрөхөөс өмнө тэнгэрт дэвшсэн. Манай ээжийн аав ээж хоёр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынх. Хуучнаар бол Далай Чойнхор Вангийн хошууныхан байгаа юм.

-Их олон ярилцлагууддаа ээжээрээ их бахархдаг тухай дурьдсан байсан. Ээжийнхээ тухай болон гэргийнхээ тухай хуваалцаач.

-Миний туулж яваа замнал болон аавын минь хийж бүтээсэн бүхэн дандаа төрийн төлөө зүтгэсэн үйл хэрэг байсан. Би их сургуулиа төгсөөд л төрийн албанд орсон. Би улс төрийн албан тушаалтан болсон ч өөрийгөө төрийн албан хаагч гэж боддог. Анх төрд ажиллахдаа төрийн албан хаагчийн тангараг өргөөд орж байлаа. Монгол төрийнхөө төлөө чин үнэнчэээр ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

Миний аав төрийн албанд 30, 40 жил зүтгэсэн. Төсөв, санхүү, сүүлд уул уурхайн чиглэлээр ажилласан. Тэр болгонд ээж минь л ар гэр амьдралаа авч явж байсан. Аавынхаа адилаар би тэр болгон гэр бүлдээ анхаарч чаддаггүй. Миний энэ зэрэгтэй яваагийн минь ард гэргий минь л байдаг. Ар гэрийнхээ ажил амьдралыг зохицуулж, үр хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх, мэдлэг боловсролтой болгохын төлөө хичээж байгаа бүсгүй юм.

Би хүүхдүүдийнхээ нэрийг их бодож өгсөн. Хүү охин 2 ихэр болохоор хослуулъя гэж их бодсоны эцэст, утга агуулгыг нь бодож Эрхэс, Мичид гэдэг нэр хайрласан. Эрхэс, Мичид шиг өнгө тод байгаарай гэсэн утгатай. Бага хүүдээ бараг сонголтгүй шахуу Од гэж нэр өгсөн.

-Таны хүүхэд насны паянгууд их байжээ. Цэцэрлэгээсээ их оргодог байсан гэсэн.

-Сайн судалсан байна шүү \инээв\. Би ер нь ийм чөлөөт ярилцлагад нэг их орж байгаагүй. Сүүлийн арваад жил улс төрд байхдаа дандаа л хийж буй ажлынхаа тухай ярьсан байх.

Хүүхэд байхдаа дөчин мянгатад өвөөгийндөө байсан юм. Манай өвөө чихэр боовны үйлдвэрт жолооч хийдэг байсан. Центр пойнтын ард талын сансар кабельтай 2 давхар байрны нэг давхарт өвөөгийнх байдаг. Хамгийн эртний дөчин мянгатын байрнуудын нэг л дээ. Тэр хавьд долларын дэлгүүр гэж байсан юм. Нэг доллароор кола, гадаад нэртэй ундаа, шоколад авч болдог. Аав ээж минь мөнгөө цуглуулж, нэг доллар болгоод тэр дэлгүүрээс юм авхуулдаг байсан. Барууны өнгө, амт үнэрийг мэдэрдэг их өвөрмөц дэлгүүр. Лаазтай ундаанууд нь өөр гараг ертөнцийнх юм шиг санагддаг байсан.

Би 24-р сургуулийн хажуугийн цэцэрлэгт явдаг байсан. 24-р цэцэрлэг гэдэг байх аа, одоо мартсан байна шүү. Манай нагац эгч, ах нар 24-р сургуульд сурдаг, өдөр цайны цагаар гэрт бужигнаж байдаг болохоор гэртээ байх их дуртай. Гэр цэцэрлэг хоёр их ойрхон, цэцэрлэгээсээ лав 5, 6 удаа оргосон. Гадаа тоглож байхад нь л гэр лүүгээ гүйчихдэг байсан. Сүүлийн 2 жил би цэцэрлэгт сураагүй, энэ нөхөр бүтэхгүй юм байна гээд гэртээ цоожлоод явдаг болсон. Манай тэр хавиар хөл хөдөлгөөн тасардаггүй учраас цонхоор хүмүүсийг хараад л, хааяа тоглоомоо цонхоор унагаагаад хүмүүсийг авч өгөөч гээд л байдаг байлаа. Харин 6, 7 нас хүрээд цонхоороо гадаа гарч, тоглож тоглож гэрийнхнийгээ ирэхээс өмнө буцаж ирдэг болсон доо.

– 4-р ангийн хичээлийн шинэ жилийн шинэ гутлын нэг паян байдаг гэж сонссон. Тэр түүхээсээ хуваалцаач.

-4-р ангидаа би сургуулиа сольсон юм. 3-р ангиа төгсөөд ээжтэйгээ Улаан-Үд явсан. Анх удаа гадаад явж байгаа нь тэр. Ээж оросоор яриад хүмүүстэй харьцаад, би ер ойлгодоггүй. Тэгээд л хэл суръя, орос сургуульд оръё гэж бодсон. Өмнө нь 81-р сургуульд сурч байсан. Манай гэртэй ойрхон гадаад хэлний сургалттай 83-р сургууль гэж байсан. Тэр сургуульд орно гэж шийдээд, гэрийнхэн чи чадах юм уу гэхэд нь чадна аа гээд л зүтгээд орсон.

Улаан-Үдээс их гоё ботинк авсан юм. Одоо бодоход тэр хятад гутал л байсан юм билээ. 9-р сарын нэгэнд шинэ гутлаа өмсөөд шинэ сургуульдаа очлоо. Өдөр цайндаа гарсан чинь ул нь салбайгаад ангайчхаж. Шинэ ангид ирсэн, танихгүй хүүхдүүдийн хажууд муугаа үзүүлэхгүй ээ гэж бодоод босоогүй. Ангийнхан шинэ хүүхэдтэй танилцъя, бүгдээрээ гаръя гэхэд нь би хичээлээ хийнэ ээ гээд суугаад байсан. 9-р сарын нэгэнд ямар хичээл байх вэ дээ. Хүүхдүүдтэй ч танилцаагүй, хичээлээ дуусгаад ангийнхан бүгд явсны дараа ганцаараа гарсан. Ул нь салбайсан болохоор явахаар л тап тап гээд. Гэртээ харьтлаа хөлөө чирч зөөгөөд, намайг хүн харж байна уу гээд бас хүмүүсээс ичээд байгаа юм. Лав 2 км орчим замыг 2, 3 цаг явж очсон доо. \инээв\.  

– Англи хэлээ арван жилд байхдаа сурч байсан уу?

– Би 8-р ангиа 83-р сургуульд төгссөн. Манай сургууль хамгийн анхны америк багштай сургуулиудын нэг. Энх тайвны корпусаас гадаад багш нар ирдэг байсан. 4-р ангиас англи хэл, 5,6-р ангиас япон хэл зааж, хэлний дугуйлан хичээллүүлдэг. Их олон хэл нэг дор үздэг байлаа. Ангийнхан унаган орос хэлтэй, би шилжиж очсон болохоор гүйцэх гэж хэрэндээ л хичээдэг байсан даа.  

-Та үндэсний бөхөөр барилддаг байсан гэсэн.

-Аав намайг хамаатны хүүхдүүдтэй үндэсний бөхөөр барилдуулдаг байсан. Манай хамаатны хүүхэд арай том болохоор уначихдаг байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нь чөлөөтөөр барилдуулахаар нөгөөхийгөө унагаачихдаг байсан. Аль түрүүлсэнд нь медаль хуурамчаар хийж өгөөд, жижигхэн индэр засаад гардуулна. Энэ бүхний ард хүүхдээ спортод дуртай байлгах, чөлөөт цагаа зөв зарцуулахад сургах аав ээжийн сэтгэл байсан байх. Арван жилд байхад Монгол хүүхэд болгон л бөх барилдах дуртай байсан шүү дээ. Бага ангиасаа эхлээд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцдог байсан. 1-р ангид байхдаа 1-3-р ангийнхны дунд зохиогдсон тэмцээнд мөнгөн медаль хүртэж байлаа. Дунд ангидаа мөн хэд хэдэн тэмцээнд орж байсан. Арван жилээсээ л барилдах ноцолдох дуртай, АНУ-д их сургуульд ороод 4, 5 жил барилдсан. Тэр үед нуруулаг ч гэсэн бага жинд барилддаг байсан.

Та АНУ-д сурдаг байхдаа Монголоос Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргуудын номыг захиж уншдаг байсан, мөн нэгэн ярилцлагадаа давстай хар цайнд гараа дүрдэг байсан гэж ярьсныг нь уншсан. Энэ тухайд.

-Би хотын хүүхэд учраас хөдөөний хүүхдүүдийг бодвол гар маань арай зөөлхөн байсан. Зодог шуудаг өмсөөд барилдахаар хумс хуруу зулгарчих гээд байдаг. Тухайн үед Ж.Мөнхбат аварга ид барилдаж байсан үе бөгөөд нэг номноос нь давстай хар цайнд хуруугаа дүрж чангаруулдаг гэдгийг нь уншиж байсан юм.

-Хотын унаган хүүхэд уяач болсон түүхээ хуваалцвал.

-Уяач биш шүү дээ би. Моринд дуртай болохоос айхавтар морь уясан юм байхгүй. 2000 оноос хойш манайх морь уясан. Аав минь сурагч байхдаа унааны ганцхан хээр морьтой байж л дээ. Их гоё морь, зураг нь байдаг юм. Тэр морио өөрөө уяад унаач хүүхэд олж морио унуулдаг байсан гэсэн. Арван жилийн хүүхэд уясан болохоор нэг их амжилт гаргаагүй л дээ. 2000 онд аав Австралиас ирээд “Тамирын хурд I” гэдэг наадмыг анх санаачлан зохион байгуулсан. Сэргэлэн ах, манай аав нар хамтран, буянтайд нь үзэгдэж, бусдад нь сонсогдоно гэсэн уриатай зохиож байлаа. Тэрнээс хойш аав морь мал цуглуулж, морь уядаг болсон. Анхны жилээ хурдан бор морио Дүнжингарав уралдаанд айрагдуулж, нэлээн адуужсан. Сүүлийн арваад жил өөрөө гардаж морио уяж, сүүлийн 20 гаруй жил адуу үржлийн ажил хийж байна.

Сайн хүний тусгал гэх юм уу, аавынхаа машин тэргийг барьж байнга дагаж явсаар моринд дуртай болсон. Эхэндээ аавын морь сайн уралдахгүй, улсын наадамд зургаа, долоод хэд хэдэн удаа орж, бүсийн наадамд бас л  айрагдаж чадахгүй байсан. Харин 2007 онд миний нэр дээр морь уралдуулж, улсын наадмын анхны айраг түрүүгээ авч байсан. Тэрнээс хойш 7,8 жил тасралтгүй улсын наадмаас айраг түрүү хүртсэн. Тэр дундаа улсын наадын 5 түрүү, 2,3 айраг, бүсийн наадмаас 20 гаруй айраг түрүү хүртсэн. Морь хурдлахад уяач, унаач, эзнийх нь хийморь сүлд нь дагадаг гэж ярьдаг, тухайн үед бүх л юмны тохироо бүрдэж байсан байх. Ингэж явсаар би моринд дуртай болсон. Одоо манайх 300 гаруй адуутай. Үүнээс нэг их илүү гаргахгүйг хичээдэг. Үүлдэр угсаа сайжруулж, үржлийн бодлого баримталж явсаар нэг омог, үүлдрийн адуунууд бий болгосон. Морин тойруулгын адууны суурин дээр адуугаа үржүүлсэн. Одоо 20 орчим маш сайн цус сэлбэсэн азаргууд бий. Тойруулгын чиглэлийн азарганууд ч байгаа. Зүүн чигийн азарганаас ч мөн үржил хийсэн. Үндсэндээ аль ч азарганы төл нь нэг хэлбэр хийцийн, нэг зан араншинтай гардаг болсон.

-Эр хүний хийморь эмээлтэй хазаартай морь гэдэг. Адуун дээрээ хэр их очиж байна вэ?

-Одоо бол адуунаасаа холдчихоод байгаа. Өмнө нь цаг завтай байхдаа очдог байсан. Аав минь л морь маландаа анхаарч, морио уяж байгаа. Адуун дээрээ очоогүй бараг 2 жил болж байна. Аав жаахан гомдолтой л байдаг \инээв\

-Хар азарга нь улсад 3 түрүүлсэн бил үү?

-Хар азарга минь улсад 2 түрүүлсэн, халтар азарга мөн 2 түрүүлж байсан.

– Та хүүхэд насныхаа мөрөөдлийг дагасан бол одоо ямар ажил мэргэжилтэй хүн болох байсан бэ?

-Бүр цэцэрлэгт байх үедээ морьтой цагдаа болно гэж ярьдаг байсан. Дүүгээ ардаа суулгаад аваад явна гэдэг мөрөөдөлтэй байлаа.

-Таны улс төрийн амьдрал хэрхэн эхэлсэн бэ?

-Сургуулиа төгсөж ирээд Ашигт малтмал, газрын тосны газар ажилд орсон. Багийн найз Болдоо маань надтай хамт нэг агентлагт ажилладаг. Бид байнга л хамт цагаа өнгөрөөдөг байсан. Найз маань тухайн үед Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллага буюу Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны нэг дүүрэгт нь тэргүүлэгч хийдэг байлаа. Нэг өдөр намайг залуучуудын холбоонд ор, үеийнхээ залуучуудтай танилцуулъя гээд Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооны тухайн үеийн удирдлагуудтай танилцуулж, гишүүнээр элсүүлж байсан. Найзынхаа заасан мөрөөр нам, залуучуудын холбоо гэдэг зүйлтэй танилцсан. 2005 онд холбоонд ороод, 2007 онд намын гишүүн болж байсан.

2014 онд хамтарсан Засгийн газар байгуулагдана гээд 5 сайд, 6 дэд сайдыг томилох болсон. Тэр үед манай намын удирдах зөвлөлөөс намайг уул уурхайн чиглэлээр олон жил ажилласан, компанидаа дэд захирал, ТУЗ-ийн гишүүн байсан гээд ажлын санал тавьсан. Ингэж 2014 онд улс төрийн албан тушаалд томилогдсон түүхтэй. 2016 онд би Залуучуудын холбооны ерөнхийлөгч гэдгээрээ, мөн намаас манай Залуучуудын холбооны 6 залуу УИХ-д мандат аваад зургуулаа сонгогдож байсан. Нэг дор нэг байгууллагаас залуучуудын төлөөлөл 6 УИХ-ын гишүүн сонгогдож, их хүчтэй баг команд орж ирсэн. Тэрнийхээ хүчээр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг мөрийн хөтөлбөртөө оруулан, өөрсдөө хуулиа санаачлан, 2017 оны 5 дугаар сард Монголын залуучууд өөрсдийн гэсэн хуультай болж байлаа. Бид зургаагийн залуучуудын төлөө хийсэн хамгийн том ажил гэвэл энэ юм.

-Нэг үеэ бодвол залуучууд боловсролдоо их анхаардаг болсон байна. Боловсролын тухайд.

– Мэдээж аливаа улс орныг залуучуудгүйгээр, тэр дундаа улсын ирээдүйгээ залуусын боловсролд хөрөнгө оруулахгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол улсын нэн чухал зорилтуудын нэг бол эрүүл мэнд, боловсролын салбарт асар их өөрчлөлт хийх, энэ салбаруудад илүү их хөрөнгө оруулах, бодлогыг нь зөв тодорхойлох шаардлага юм. Өнгөрсөн 10, 20 жилийн бодлогын нэг том алдаа бол боловсон хүчний бодлого, боловсролын системдээ алдаа гаргаж, нийгмийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр хүмүүс сургаагүй явдал. Дийлэнх залуучууд нийгмийн чиглэлээр сурч, нарийн мэргэжлээр сурч буй хүмүүс цөөхөн байна. Үүнийг засаж залруулах шаардлагатай гэж харж байгаа.

Анхан шатны боловсрол буюу цэцэрлэг, ЕБС-ийн боловсролд хүүхдийг яаж зөв хүн болгох, “хүн” байх тал дээр нь анхаарах хэрэгтэй.  Суурь хүмүүжил, төлөвшлийн асуудлыг орхигдуулаад байна. Өнгөрсөн парламентын санаачилсан Боловсролын багц хуулийн шинэчлэл нь энэ тал руу чиглэсэн бөгөөд 5, 10 жилийн хугацаанд үр дүн нь гарна гэж харж байна. Бидний үед аав ээж минь үргэлж зөв хүн байгаарай гэж захидаг байсан. Манай аав “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж хэлэх дуртай. Би ч бас нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, “хүн” байх, зөв байхыг хичээж явдаг. Хүүхдүүддээ ч бас “Та нар хэн ч бай, хаана ч ажиллаж, ямар ч мэдлэг боловсролтой болсон ч хүнээрээ байгаарай” гэж захидаг. Нийгэмд зөв үлгэр дуурайлал, зөв соёлыг түгээх ёстой гэж үздэг.

Боловсролын тогтолцооны тухайд Австрали, АНУ-д дунд сургууль, их дээд сургуульд нь хүнийг бие бялдар, хүмүүжил талаас төлөвшүүлэх, өөрөө өөртөө зөв цаг хугацаа зарцуулах боломжийг ихээр гаргаж өгдөг.  Бүх төрлийн спорт, дугуйлан секцийг дэмжиж, байнга уралдаан тэмцээн зохиож, сургуулийнхаа шигшээ багийг санхүүжүүлж дэмждэг нь боловсролын системийн маш том өгөгдөл юм. Яагаад гэвэл спортоор хичээллэж буй хувь хүн сэтгэлзүйн асар их тэсвэр тэвчээртэй, тууштай болдог. Энэ бол суурь хүмүүжил талаасаа маш зөв зүйл. Хүн тэвчээртэй байхыг л сурч чадвал бусад зүйлсийг сурч болдог гэдэг үг байдаг шүү дээ.

-Та их тууштай, тэвчээртэй хүн юм шиг санагдлаа. Чиний хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө гэдэг үг байдаг шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Хүн эхлүүлсэн ажлаа, сурч мэдэж буй зүйлээ заавал дуусгаж, сэтгэл зүрхээ зориулах ёстой гэж боддог. Энэ үүднээсээ спортоос сурсан тууштай, хүлээцтэй байдал амьдалд их хэрэг болдгийг ойлгосон. Америкт чөлөөтөөр барилдаж байхад бэлтгэл нь их хүнд байсан. Өдрийн 5 цаг, 7 хоногийн 30 цагийн бэлтгэлтэй. Багаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн хүүхдүүдийн бэлтгэлийг давж гарна гэдэг анхандаа их хэцүү байсан. Хамаг бие булдруу болчхоод шатаар өгсөж чадахгүй, яс янгинаж, булчин өвдөөд л. Тэр үед тэвчээр бүхнийг дийлнэ, тэвчээр бүхнийг дийлнэ гэж өөрийгөө зоригжуулдаг байсан маань сүүлдээ миний амьдралын уншлага болсон доо.

-Энэ он их онцлогтой жил боллоо. Анхны 126 гишүүнтэй парламент, анх удаа Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьж, тухайн хоригийг Засгийн газар хүлээж авсан шүү дээ. Та болон бусад гишүүд төсөв танах асуудлыг хөндөж, иргэдийн анхаарлыг төсөвт нэлээн сайн хандуулж чадлаа гэж харж байна.   

-Хамгийн том ололт бол энэ байлаа. Анх бид 2024 оны төсвийн тодотголоо хэлэлцэж, 2025 оны төсвийг ярилцлаа. Тэгтэл хориг тавьснаар ахин төсвөө өргөн барилаа шүү дээ. Үндсэндээ бол 3 том төсөв баталлаа. Төсвийн тодотголын үе буюу наймдугаар сараас эхлээд би чанга хатуу байр суурьтай байж, зарчмын асуудал дээр дуу хоолойгоо өргөж, шинэ парламентыг, залуучуудыг зөв мэдлэг мэдээллээр хангахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон.  Тэр үед хамгийн том зарчмын зүйл бол Тогтвортой байдлын тухай хуульд зарлагын өсөлтөө өмнөх жилийнхээ зарлагын өсөлтөөс эрүүлээр өсгөдөг байсан. Уул уурхайн орлогоо хасаад зардлаа өсгөдөг байсныг тодотгол дээр уул уурхайн гэнэтийн их орлого орж ирвэл зарлагаа дагаж өсгөдөг болгочихсон. Би үүний эсрэг хатуу байр сууриа илэрхийлж, ингэх юм бол дараа  дараагийн оны төсвүүд хэмжээ хязгааргүй өснө гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Миний энэ санал санаачилгыг гишүүд маань дэмжээд, тухайн саналыг унагасан. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Гэнэтийн их орлоготой байгаа үедээ хуримтлуулдаг байх, олсныхоо хэрээр үрээд цацаад байж болохгүй. Аль нь чухал вэ гэдгээ эрэмбэлж, боловсрол, эрүүл мэнд, иргэдийн өмнө тулгамдаж буй хорт хавдар зэрэгт зарцуулдаг байх ёстой. Мега төсөл нэрийн дор эрх ашгийн эрэмбээр чухал биш зүйлүүдийг оруулаад байж болохгүй. Сум хоорондыг, аймаг хоорондыг холбосон замуудыг бид үе шаттай хийх ёстой. Гэтэл энэ удаагийн төсөв өмнөх оны төсвөөс 8 их наядаар тэлж орж ирсэн. Тэр их хэмжээгээр бид өр зээлийг үйлдвэрлэж байна гэсэн үг. Эдийн засгийн өсөлтийг ч бай, мега төсөл явуулна гэсэн нэрийн дор аливаа зүйлийг хэмжээгүй их өр зээлээр, алдагдлаар хийгээд байж болохгүй.  Айл өрхөөр аваад үзвэл өөрийнхөө төлж чадах хэмжээнээс ихээр банкнаас байнга зээл авах юм бол тэрийгээ яаж төлж дуусгах юм бэ. Тэгэхээр хямгатай байх ёстой, ахиухан цалин авсан үедээ хадгалаад, дараа нь яг хэрэгтэй зөв зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Эхлээд хүүхдийнхээ сургалтын төлбөр, чанартай хоол хүнс, бензин түлшиндээ зарцуулаад үлдсэнийг нь хямгадах, гэр бүлээрээ ярилцаж байгаад хэрэгтэй зүйлдээ зарцуулах тухай ойлголт юм л даа.

Наймдугаар сард бидний санал тал хувийн амжилттай болсон. Зарим зүйлээ авч үлдээд, заримыг нь чадаагүй. Зардлын өсөлтийг хязгаарласан заалтаа авч чадаагүйн гороор Засгийн газар 8 их наядын төсөв оруулж ирсэн. Түүн дотор хэмжээгүй их зардлууд байсан. Олны шүүмжлэлд өртсөн ваучер, эрчим хүчний реформ нэрийн дор мэдээлэл сурталчлах 9 тэрбум гэх мэт маш олон зардал байсан. Харин Ерөнхийлөгчийн хоригийн дагуу 26 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг байгуулагдаж, 7 хоногийн хугацаанд нойр хоолгүй ажилласан. 126 гишүүнтэй парламентад буруу зүйл байгаагүй юм байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй болсон. Тэрхүү 26 гишүүнтэй ажлын хэсгийн дийлэнх нь шинэ гишүүд байсан. Өглөө 10 цагаас эхлүүлээд заримдаа шөнийн 2, 3 цаг хүртэл бараг 100 хувийн ирцтэйгээр ажилласан. Маш мундаг сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, салбар бүрийн төлөөлөл болсон тэвчээртэй, тууштай залуучууд байсан. Тэгэхээр энэ парламент бурууд нүд нь хурц, үг нь хүчтэй, зөв зүйлийн төлөө зарчимтай зогсдог болсныг харлаа.

Төрийн мөнгө, төсвийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө, энэ бол нийтийн мөнгө. Татварыг Үндсэн хуулиараа үл маргах журмаар бид бүхний, та бүхний халааснаас хүчээр авч байгаа. Бид нараас хүчээр авчхаад түүнийгээ захиран зарцуулахдаа ард түмнээс асуудаг байх ёстой. Аль нь чухал вэ, бид зөв зарцуулж байна уу гэдгээ эрэмбэлж, чухалчилж, хэмнэлттэй үр ашигтайгаар хамгийн зөв зүйлд зарцуулдаг байх ёстой юм. Үүнийг Монголын ард түмэн саяын хагас жилийн төсвийн хэлэлцүүлгийн үед сайтар ойлгож, байр сууриа хатуу илэрхийлдэг боллоо. Парламентын гишүүд ч мөн үүн дээр маш сайн ажиллаж, дараа дараагийн төсвийг үр ашигтай зарцуулж, эрэмбэлдэг тогтолцоо бий болно гэж харж байна.

– Та Бичил бизнесийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулж, иргэдээс санал авч байсан. Энэ хуулийн талаар мэдээлэл өгөөч.

– Фейсбүүкээр дамжуулан тухайн тойрог дээр очиж иргэдтэй уулзсан. Мөн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэдтэйгээ уулзсан. Бизнес эрхлэгчид дундаас бид бичил бизнесийг дэмжих шаардлагатай байгаа. Жижиг дунд гэж нэрлэдэг энэ төрлийн бизнес нь 200 сая хүртэлх төгрөгийн орлоготой, 200 сая төгрөгийн үл хөдлөхийн барьцаа баталгаатай байх шаардлагатай. 200 сая гэдэг бол их мөнгө. Тийм хэмжээний борлуулалт, эргэлтийн хөрөнгөтэй байна гэдэг дийлэнх бизнес эрхлэгчдэд боломжгүй зүйл юм. Бидний ярьдаг жижиг дунд бизнесийнхний ангилалд 200 саяын орлогод хүрдэг нь 5-10 хувь байгаа. 80-90 хувь нь бичил бизнесийнхэн болж байгаа юм. Борлуулалтын орлого нь сардаа 50 сая хүрэхтэй үгүйтэй, эргэлтийн хөрөнгө, барьцаа хөрөнгө байхгүй гэсэн үг. Энэ хүмүүс төрөөс явуулдаг жижиг дундыг дэмжих тусламжид хамрагдаж чаддаггүй. Нэг ёсондоо эзнээ олохгүй, томчууд нь томроод, жижгүүд нь ямар ч томрох боломж бололцоо гарахгүй байгаа юм. Бичил бизнес эрхлэгчид зээл тусламж, санхүүжилт авахдаа барьцаа баталгаа хамгийн бага шаарддагаар нь банк бус дээр л очдог. Тэр нь хамгийн хүү өндөртэй учраас хүүлэгдээд дуусдаг. Бид жижиг дунд бизнесийнхээ хуульд өөрчлөлт оруулж, бичил бизнесийг дэмжих тухай хууль санаачилж, хувиараа бизнес эрхэлж байгаа, ААН байгуулж чадахгүй байгаа, лангуу, дэлгүүр, зоогийн газар, үсчин ажиллуулж байгаа эдгээр хүмүүст төрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Ямар нэг барьцаа баталгаа шаардахгүйгээр хөрөнгийг нь гаргаад, гүйцэтгэлийг нь шахаад явдаг байя, үйл ажиллагааных нь дэмжлэг туслалцааг нь өгдөг байя. Нэг үсчин бүсгүй надад ярьж байсан юм. 20, 30 м.кв үсчний газар түрээсэлье гэхээр 3 сарын барьцаа түрээсээ төл гэдэг. Тэгэхээр 4.5 сая төгрөг надад хэрэгтэй юм байна. Би ажилгүй учраас хаанаас тэр мөнгөө олох вэ, миний гарааны хөрөнгө дээр төр тусалж дэмжих боломж бий юү гэж байгаа юм. Эхний гарааны хөрөнгө дээр нь төрөөс туслаад өгвөл тэр үсчин магадгүй 6 сарын дараа талбайгаа томруулаад, хажуудаа нэг үсчин аваад ажиллуулаад явах боломжтой болно. Тийм тусламж байхгүй учраас тэр хүн гэрээр очиж үс засаж, үйл ажиллагаа өргөжнө гэсэн боломж бололцоо байхгүй байна. Энэ мэт анхан шатны бизнесүүдийг дэмжих тухай хууль юм. Би анх өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэж байсан. Одоо төсвийн асуудал дууссан учир он гаргаад хууль санаачилга боловсруулах, иргэдэд туслах тал руугаа анхаарах төлөвлөгөөтэй байна.

– Та сошиал ертөнцөд хэр идэвхтэй вэ?

– Би твиттер, фейсбүүкээ гар утсан дээрээсээ устгаад 11 жил болох гэж байна. Харин хийж буй ажлуудаа олон нийтдээ мэдээлдэг албан ёсны хуудас минь байгаа. Эерэг хандлага зөв бүхний эхлэл нь хувь хүнээс хамаарна. Ямар нэгэн байдлаар сөрөг мэдээлэл, сөрөг хандлагаас өөрийгөө хол байлгахын тулд фейсбүүк, твиттер үзээд байдаггүй. Цаг үеийн мэдээллүүдээ гол эх сурвалжаас авч, хийж буй ажлуудаа сонгогчдодоо танилцуулахаас бусдаар сошиал медиаг ашигладаггүй. Залуучууд минь аль болох эерэг зүйлсийг л бий болгоорой, хорт зуршилд автагдахгүй байгаасай гэж боддог. Улс орон минь хөгжиж,  бид сайхан нийгэмд амьдрах ёстой. Тэр бүхний гол цөм нь манай залуучууд юм. Нэг хүний хувь нэмэр, нэг хүний зөв нөлөөлөл гэдэг асар их ач холбогдолтой байдаг шүү.

– Шинэ жилийн баяр болж байна. Та энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Шинэ жил бол гэр бүлийн баяр шүү дээ.

– Хүүхэд байхдаа гацуураа бараг сарын өмнөөс засаад, шинэ жил дууссанаас сар гарны дараа хураадаг байсан. Гацуур модыг аав, ээж, ах эгч нар мялааж, шинэ оноор ургацаа хураадаг байлаа. Хүүхдүүд минь ч бас яг л миний хүүхэд насных шиг тэмдэглэдэг. Хүүхэд байхад бас нэгэн гоё зүйл бол өвлийн өвгөний бэлэг байлаа. Юм ховор, социализмын үед оросын бараанууд их гоё байсан. Бага ангидаа онц сурсан болон сургуулийнхаа шилдэг хүүхдүүдийг Харшийн ордонд оруулдаг байсан юм. Харшийн ордны өвлийн өвгөнөөс авсан бэлгүүд нь маш гоё байдаг. Би бага ангидаа хоёр удаа авч байсан. Цайз хэрэм шиг тоглоомон хайрцагтай, дотор нь оросын гоё гоё чихрүүд байдаг. Тэр үеийн бэлгүүд л их гоё санагддаг байсан. Сургуулиас өгдөг бэлэг, аав ээжийн авч өгдөг бэлгүүд их гоё санагддаг. Одоо хүүхдүүддээ шинэ жилээр нь гоё бэлэг өгөхийг хичээдэг. Хоёр ихрийн минь төрсөн өдөр шинэ жилийн өмнө болдог, тэгээд шинэ жил, он гараад миний төрсөн өдөр гээд баярууд их ойр ойрхон болдог юм. Шинэ жил бол яах аргагүй гэр бүлийн минь хувьд онцгой баяр даа.

– Эх дэлхийн өнцөг булан бүрд суугаа Монголчууддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхгүй юу.

Нийт уншигчдадаа, Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэе. Ажил үйлс нь өөдөө дээшээ байж, зөв бүхний үлгэр дуурайлал болж яваарай. Айл өрхийн амьжиргаа орлого нь үргэлж өөдөө, улс орны сан хөмрөг нь орлого арвин байх болтугай. Эх орон минь хөгжин дэвшиж, мандан бадрахын ерөөл өргөе. Ирэх он бид бүхэнд илүү үр өгөөжөө өгсөн, амжилт бүтээлээр дүүрэн жил байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн минь сайхан баярлаарай.

Баярлалаа, танд болон танай гэр бүлд шинэ оны мэнд хүргэе.         

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.