Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн төслийн талбайд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд, дарга нарын хамт “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн төслийн талбайд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төсөл хэрэгжих бөгөөд Сонгинохайрхан дүүргийн  34 дүгээр хороо, Баянголын амны 15 га талбайд хавдрын эмнэлэг барих санаачилгыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай гаргаж, газрыг шийдвэрлэсэн. Хавдар судлалын хоёрдугаар төвийг барьж байгуулах дэд бүтцийн ажилд зориулж 5 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгаад буй. Барилгын зураг төслийн ажил эхэлсэн бөгөөд ирэх 6 сард дуусаж, түүнээс хойш бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Монгол Улсад хавдрын улмаас жилд 4000 гаруй хүн амь насаа алдаж буй харамсалтай тоо баримт бий. Тиймээс улсын хэмжээнд хавдрын өвчлөлийг бууруулах нь энэ тэргүүний зорилт болоод байгаа. Хавдар судлалын хоёрдугаар төв ашиглалтад орсноор одоо байгаа хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3-4 дахин нэмэгдэх боломжтой” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “ Анх Улаанбаатар хот 500 мянган хүн амтай байхад Хавдар судлалын үндэсний төв байгуулагдаж байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1,800,000 хүрсэн. Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд одоо байгаа эмнэлгийг ачаалал хүрэлцэхгүй. Тиймээс нийслэлээс хавдрын эрт үед илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчлэх, судалгаа шинжилгээ явуулах эрүүл мэндийн цогцолбор төвийг барьж байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 15 га газрыг шийдвэрлэсэн. Барилгын гүйцэтгэгч шалгараад бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхтэй зэрэгцээд нийслэлээс эмнэлгийн гадна тохижилтын ажил болоод, эмнэлэг хүртэлх авто замыг өргөсгөх ажлуудыг хийнэ” хэмээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн жишгээр маш яаралтай барьж байгуулах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төсөл 2030 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг өргөтгөж, тусламж үйлчилгээг сайжруулах ажлууд хийгдэнэ гэдгийг холбогдох удирдлагууд мэдэгдлээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.