Бид энэ удаа УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрээр, “Эрдэнэтийн эрдэмтэн болоорой” гэсэн багшийнхаа ерөөлөөр тасралтгүй онц сурч, хэрхэн Австралийн Засгийн газрын тэтгэлгээр магистрт сурсан, цаашлаад докторын тэтгэлэгт тэнцчихээд сурахаасаа халширч байсан ч багшийнхаа хэлсэн үгээр хөглөгдөж, урам зориг авч байсан тухайгаа дурслаа. Мөн МАН-ын жагсаалтын хоёрт бичигдээд итгэж ядан байснаа, “Эх орон чинь чамайг дуудаж байна” гэсэн бахдам сэтгэлээр улс төрд хүчин зүтгэх болсон зэрэг гайхалтай түүхүүдээ хуваалцлаа.
-Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа.
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд дэвшүүлье.
-Аливаа хүний тухай ярихад аав ээж, нутаг усных нь тухай асуухгүй байхын аргагүй. Та аль нутгийн, хэн гэдэг хүний үр сад вэ?
-Би Архангай аймгийн Тариат сумын гаралтай, Архангай аймгийн төвд төрсөн. Аавыг минь Мөнхчулуун гэдэг, Архангай аймгийн Тариат сумын тоосгоны үйлдвэрийн дарга байсан. Дээр үед хортой цаас гэж байсан шүү дээ. Аав бичиг баримтаа баадагнаад, дотор нь хортой цаасан дээр харандаагаар ажлаа хийж, бөглөдөг. Тэр болгоныг нь хараад ямар мундаг юм бэ гээд аавыгаа их биширдэг хүүхэд байсан санагддаг. Ер нь багадаа аавын л охин байсан. Аав минь нэг мотоциклтой, мотоциклынх нь банкин дээр л бага насаа үдсэн дээ. Ээж минь Тариат сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газар ажилладаг байсан. Манайх их олуулаа, долуулаа. Би хоёр ах, хоёр эгч, хоёр эмэгтэй дүүтэй. Таван охины дундах нь.
Миний нэрийг анх Булгантамир гэж өгөх гэж байсан гэнэ лээ. Аав нэрийг минь бүртгүүлэх гээд явж байхдаа эрэгтэй хүүхдийн нэр юм байна аа, нэрийг нь сольё гээд Энхцэцэг гэж нэрлэсэн гэсэн.
Багш маань “Эрдэнэтийн эрдэмтэн болоорой” гээд духан дээр үнсэж байсан. Одоо бодоход багшийн минь ерөөл биеллээ олсон гэж боддог.
-Та арван жилийн боловсролоо хаана дүүргэсэн бэ?
-Тариат сумын ЕБС-д 1-3-р анги хүртлээ сурсан. “А” үсэг заасан Р.Сэнгэжав багшдаа маш их баярлаж явдаг. Багш маань тоогоо хамгийн түрүүнд бодоод ирсэн, бичих юмаа хамгийн түрүүнд бичээд ирсэн хүүхдэд дандаа открыть бэлэглэдэг. Багшийн хүү Ж.Батсайхан гэж яруу найрагч бий, тэр үед ээждээ янз бүрийн зурагтай открыть өгдөг байсан юм билээ. Тэгээд яавал хамгийн түрүүнд хичээлээ хийгээд тэр открыть авах вэ гэж боддог. Тэр үеэс л хамгийн мундаг, хамгийн шилдэг байхын төлөө хичээдэг, тэгээд төлөвшчихсөн. 3-р ангиа төгсөөд Эрдэнэт хот руу шилжсэн. Багш маань тэр үед “Эрдэнэтийн эрдэмтэн болоорой” гээд духан дээр үнсэж байсан. Тэр бол их гайхалтай үг. Одоо бодоход багшийн минь ерөөл биеллээ олсон гэж боддог.
Би сая зуны амралтаараа Тариатын ЕБС-ийн 100 жилийн ойгоор очиж, Сэнгэжав багшдаа төрийн одон медалийг нь гардуулж өгсөн. Тэр бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мөч байсан.
-Их онц сурдаг хүүхэд байв уу?
-Багад л Сэнгэжав багш онц сурдаг болгоод хүмүүжүүлчихсэн юм шиг байгаа юм. Нэг дурсамж хэлэхэд, намайг нэгдүгээр ангид ороход Тариатын дэлгүүрт маш олон үлгэрийн ном ирсэн юм билээ. Ээж надад арваад ном авч өгөөд, би тэрийгээ эмээдээ уншиж өгдөг. Эмээ оронд нь надад болсон явдал ярьж өгдөг нь намайг их төлөвшүүлсэн юм байна даа гэж боддог.
Эрдэнэтийн III найман жилийн гэр хорооллын сургуульд шилжиж очоод Баярбат багшийн ангид орсон. Тэр үед бас л онц сурах ёстой гэж боддог шилдэг сурагч байлаа. 9, 10-р ангидаа хотын төвийн сургуульд шилжиж сурсан. Тэр сургуульдаа Цэндсайхан гэж Орост сургууль төгссөн маш мундаг багшид шавь орсон. Дандаа орос номоос хичээл заана. Бас Эрдэнэтийн маш алдартай Бээжинсан гэж тооны багш бий. Энэ хоёр багшийн шавь болсондоо маш их баярладаг. Бээжинсан багшийг Эрдэнэтийнхэн андахгүй сайн мэднэ. Маш олон хүн энэ хүний гараар өсөж өндийсөн дөө.
-Их дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголдоо эхэлж, эрчим хүчний салбарт ажиллаж байгаад гадагшаа явсан билүү?
-Би арван жилээ төгсөөд Эрчим хүчний сургуулийн цахилгааны ангид орсон юм. Бас л тэр үед сургуульдаа шилдэг оюутан байсан. Намайг 2-р курст байхад, 1997 онд юм байна, Н.Багабанди ерөнхийлөгч онц сурдаг оюутнуудад нэг жилийн сургалтын төлбөр гардуулахад тэр тэтгэлгийг авч байлаа. Тэр үед МАХН-д элсэж байлаа. Тэгэхээр би энэ намын нэлээн дээр үеийн, ууган гишүүдийн нэг гэсэн үг. Сургуулиа төгсөөд Эрдэнэтэд очоод “Эрдэнэт-Булганы шугам сүлжээ” гэдэг газар анхны ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь “Цахилгаан дамжуулах сүлжээ компани” гэж салаад, тэнд би 13 жил ажилласан. Би Цахилгаан дамжуулах сүлжээдээ маш их хайртай. Дамжуулахын Энхцэцэг байна л гэж хүн рүү утсаар ярьдаг байлаа. 2014 он хүртэл энэ компанидаа л өсөж өндийсөн.
-Яагаад Австрали улсад суралцах шийдвэр гаргасан бэ?
-Эрчим хүчний салбар бол бараг л хүнтэй адилхан. Савладаг, тэр савлалт нь хэтрэх юм бол зогсчихдог. Эрчим хүчний салбарт системийн тогтворжилт гээд нэлээн хүнд төрөл бий. Энэ хүнд сэдвээр, горим тооцоо загварчлалаар сурах нь зүйтэй юм байна гэдэг бодолтой байсан. Яавал ийшээ сурч болох вэ гээд тэр үед тэтгэлэг хайхад Австралийн Засгийн газрын тэтгэлэг гээд үнэхээр буянтай зүйлтэй учирсан. 2013 онд анх тэтгэлэгт хүсэлтээ өгөөд, тэнцэж байсан. Энэ тэтгэлэг 700 гаран Монголын мэргэжилтнүүдийн Австралид магистрын зэрэг хамгаалуулж, манай улсын хүний нөөцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан буянтай эд.
-Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд залуучууд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт, голч дүн 3-аас дээш байх ёстой. Хоёрдугаарт, мэргэжлээрээ ажилласан байх ёстой. Магистрт сурахдаа заавал мэргэжлээрээ л сурах ёстой. Тэтгэлэг 1-р сарын 1-нд зарлаад, 4-р сарын 30-нд хаагддаг. Жилд нэг л удаа материал хүлээн авдаг.
-Монголоос хэдэн оюутан сурах боломжтой вэ?
-Намайг материалаа өгч байх үед 50 орчим хүүхэд сурдаг байсан. 50 хувь нь төрийн байгууллага, 50 хувь нь хувийн хэвшлээс хүмүүс авдаг. Одоо тоо нь цөөрөөд жилд арван хэдэн хүнд олгодог болсон байна лээ. Энэ тоог өсгөх чиглэлээр Австралийн Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь уйгагүй л материалаа бүрдүүлж өгөөд байх хэрэгтэй. Энэ бол Австрали Монголын ЗГ-ын хамтарсан тэтгэлэг. Австралийн талаас сургалтын төлбөр, стпент гээд бүх зүйлийг нь даана. Монголын талын хүлээх үүрэг нь хүмүүсийг буцаж ирэхэд ажлын байраар хангах юм. Дээрээс нь эдгээр хүмүүсийг сурч байх явцад НДШ-ийг төлж байх үүрэгтэй. Тэгтэл энэ үүргийн биелэлт нь тааруу гэж би хардаг. Зарим байгууллага үүргээ биелүүлдэг ч зарим нь тааруу байна.
-Таны хамрагдсан энэхүү тэтгэлэг бусад орны тэтгэлгүүдээс юугаараа өөр вэ?
-Бусад тэтгэлгийг сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ярьж байгаагаар зарим тэтгэлгүүд тухайн хүнийг ганцаараа явах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Эсвэл стпент нь арай бага гэдэг ч юм уу зүйлс бий. Харин энэ тэтгэлэг бол гэр бүлээрээ хамт явдаг. Гэр бүлийн хүн нь очоод ажиллах эрхтэй, хүүхдүүд нь үнэ төлбөргүй сурна, тэтгэлэг нь бас боломжийн гэх зэрэг давуу талтай. Бод доо, Монгол улсын 700 гаруй хүнийг мэргэжлийг нь дээшлүүлсэн ийм буянтай тэтгэлэг юм.
Судалгааны ажлынхаа хүрээнд 2 илтгэл бичиж, Олон улсад илтгэлээ танилцуулахаас гадна бүх хичээлдээ онц дүнтэй сурсан учраас сургууль маань намайг 2017 оны шилдэг сурагчаар шалгаруулж, докторын тэтгэлэг олгосон юм.
-Магистрт тэтгэлгээр сурч байхдаа докторт ахин тэтгэлгээр сурах боломж олдсон гэсэн. Энэ тухай.
– Би “RMIT” Их сургуульд сурсан. Манай сургуулийн нэг гоё юм нь дөрвөн хичээлийн оронд нэг судалгааны ажил авч болдог. Тэр судалгааныхаа хүрээнд би хоёр илтгэл бичээд, нэгийг нь Италид , нөгөөг нь Шинэ Зеланд улсад очиж эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан юм. Судалгааны ажлынхаа хүрээнд 2 илтгэл бичиж, Олон улсад илтгэлээ танилцуулахаас гадна бүх хичээлдээ онц дүнтэй сурсан учраас сургууль маань намайг 2017 оны шилдэг сурагчаар шалгаруулж, докторын тэтгэлэг олгосон юм. Австралийн тэтгэлгийн нэг нөхцөл нь сургуулиа төгсөөд 2 жил эх орондоо очиж ажиллах байдаг юм. Шууд Монгол руугаа ирэх ёстой. Докторын тэтгэлгийг авна гэдэг нэлээн хэцүү л дээ. Миний хувьд цаашаа үргэлжлүүлж сурна гэхээр халшраад байсан л даа. Магистрын хөтөлбөр маань бас л их чанга байсан учраас яаж дахиж 3 жил сурна аа гэж бодсон.
Чи докторт сурах юм бол чамайг дагаад Монгол улс ногоорно гэж хэлсэн багшийн минь үг надад нөлөөлж, эх орныхоо төлөө сур гэж байгаа юм шиг санагдсан.
Тэгээд Монголд ирчихсэн байхдаа ахиж Австрали руу сурахаа больё, Монголдоо доктор хамгаалчихъя гэж бодсон. Тэгээд Техникийн Их сургууль дээрээ очоод надад горим тооцооны хичээл заасан Гантөмөр багштай уулзсан. Би Австралийн тэтгэлгээр магистрт сураад ирлээ, цаашаа докторын тэтгэлэг авсан ч би жаахан халшраад байна. Монголдоо доктор хамгаалчихъя, та намайг удирдаач гэж хэлсэн. Тэгсэн багш маань надад үнэхээр гайхамшигтай үг хэлсэн. За Энхээ чи хаалгаа хаа даа гээд тэглээ. Тэгээд, би чиний багш мөн үү гэж байна. Мөн гэсэн чинь, багш хүн шавиасаа юм гуйж байгаадаа ичиж байна. Гэхдээ би Монгол улсын төлөө шавиасаа гуйж байна. Чи цаашаагаа тогтворжилт гэдэг сэдвээр докторт сурах юм бол чамайг дагаад Монгол улс ногоорно оо гэж хэлсэн юм. Тэр үг үнэхээр надад нөлөөлж, үүрэг хариуцлага болж, намайг бүр огшоосон. Монгол улс намайг томилоод эх орныхоо төлөө чи яв, сур гэж байгаа юм шиг санагдуулсан. Сурах уу яах вэ гэж байсан хүн чинь үүрэг хариуцлагаа ухамсарлаад докторт сурч байлаа. Тэр олон гаднын оюутнууд дунд ганцаараа Монгол оюутан, дээрээс нь бидний унаган хэл англи хэл биш болохоор маш хэцүү. Маш олон судалгааны ажил уншина, нойргүй хононо. Заримдаа 6 сар нойргүй хонож хийсэн судалгааны ажил маань хүлээн зөвшөөрөгдөхгүй буцаагдана. Тэр болгонд нугарч унана. Тэр үеүдэд багшийнхаа хэлсэн үгийг бодоод л, нээрээ би чинь Монголыг ногооруулах хүн шүү дээ, Монголоос би чинь ганцаараа байгаа шүү дээ гэж өөрийн эрхгүй энерги орж байсан. Тэр үг надад эрч хүч, энерги өгч, миний луужин болж байсан үнэ цэнтэй үг.
Надад хичээл ордог Лисанто гээд Шри-Ланка багш байдаг. Маш мундаг багш, мундаг удирдагч. Доктороо хамгаалсны дараа багш маань “Чи надад өөр шигээ ийм хичээнгүй Монгол доктор оюутан олж өгөөрэй” гэсэн. Тэр бол миний хувьд маш том үнэлгээ байсан. Сайн доктор оюутантай байх нь тэр багшид бас их чухал. Оюутан нь дэлхийн топ сэтгүүлд нийтлэл бичихэд багшийн нэр гарч, үнэлгээ нь өсдөг. Би докторт сурч байх хугацаандаа 3 илтгэл бичиж байлаа. Доктороо хамгаалчхаад би маш их хөөрөлтийн байдалтай байсан. Яавал Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах вэ гээд сэтгэл хөдлөөд л. Манай сургуулийн гадаад харилцааг хариуцдаг Жосеф гээд залуу байдаг. Доктороо төгсчхөөд түүнтэй уулзаад Монгол оюутнуудад RMIT Их сургуулиас ямар дэмжлэг байгаа талаар асуухад Master by research буюу Судалгааны ажлаар мастер хамгаалах Монгол оюутанд 100 хувийн тэтгэлэг олгох боломжтой гэж хэлсэн.
Жагсаалтаар УИХ-д сонгогдсон энэ үүд хаалгыг дараа дараагийн судлаачид, эгэл жирийн инженерүүдэд нээлттэй байлгах юм сан, энэ нэр хүндийг алдахгүй байх юм сан гэдэг үүднээс маш их үүрэг хариуцлага ухамсарлан ажиллаж байгаа.
–Та МАН-ын жагсаалтын хоёрт бичигдсэн түүхээсээ хуваалцвал. М.Энхцэцэг гээд зураггүй хүн яваад байсан (инээв)
-Одоо ч гэсэн манай найзууд чи жагсаалтад орохын тулд хэдэн тэр бумыг өгсөн бэ гэж асуудаг. Юу яриад байгаа юм бэ, юун тэр бум бэ, тийм юм байхгүй шүү дээ. МАН-ын жагсаалтын нэр зарлагдахын өмнөх өдөр л надтай эрчим хүчний салбараас холбогдсон. МАН жагсаалт гаргаж байгаа, энэ жагсаалтдаа мэргэжлээрээ олон улсад ажиллаж байгаа, докторын зэрэг хамгаалсан хүн оруулах гээд байгаа юм, та материалаа өгөөч гэхэд нь би худлаа биз дээ гэж бодоод итгээгүй. Хэзээ улс төрд энгийн докторууд, дээрээс нь мөнгөгүй, ажлаа хийгээд явж байгаа эгэл жирийн инженерүүд, эрдэмтэн судлаачид орж байсан юм гээд үнэмшээгүй материалаа өгчихсөн. Тэгсэн чинь маргааш өглөө нь 8 цагт манай нөхөр “Хүүш ээ, хоёрт” гээд хэлэхэд нь сандраад, зүрх савлачихсан. Үгүй байлгүй дээ гээд л сандарч байгаа юм. Тэгээд ах руугаа ярьсан чинь, “Угаасаа чи улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ёстой шүү дээ дүү минь. Энэ бол хэр баргийн хүнд олдох боломж биш. Ингэж өндөр боловсрол эзэмшээд, хүний нутагт ажиллаж байхын оронд хүрч ирээд л юу чаддагаа үзүүл” гэж хэлсэн. Энэ үгийг нь сонсоод арай жаахан тайвширсан. Дараа нь Австралид ажиллаж байсан компанийхаа захирал руу ярьсан. Захирал маань маш их баярлаж хүлээж аваад, хэр баргийн хүнд олдохгүй боломж шүү гэж хэлэхэд нь бас тайвширч байсан. Эгэл жирийн эрдэмтэн судлаачид УИХ-д сууж, биднийг төлөөлөөсэй гэж маш олон хүмүүс хүсдэг шүү дээ. Тэрхүү хүслийг биелүүлсэн гайхалтай шийдвэрийг гаргасан. Ямар ч байсан жагсаалтаар УИХ-д сонгогдсон энэ үүд хаалгыг дараа дараагийн судлаачид, эгэл жирийн инженерүүдэд нээлттэй байлгах юм сан, энэ нэр хүндийг алдахгүй байх юм сан гэдэг үүднээс маш их үүрэг хариуцлага ухамсарлан ажиллаж байгаа.
-Яг онгоцонд суугаад ирж явахдаа, магадгүй эх орондоо газардчихаад ямар мэдрэмж төрж байв. Юу бодогдож байв?
-Чухам Монгол хүн л энэ сайхан эх орноо сэтгэлдээ тээж явдаг байх гэж би боддог. Би Австралийн компанид ахлах инженерээр ажиллаж байсан. Миний албан тушаал жил бүр тасралтгүй өсдөг, дээрээс нь гэр орон маань Австралид байна, арваад жил тэнд амьдарсан гэхээр бараг суурьшчихсан гэсэн үг шүү дээ. Тийм байхад улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг бол юутай ч зүйрлэхийн аргагүй. Тийм учраас тэнд байгаа бүх л юмаа хаяад Монгол улс намайг дуудаж байна гээд маш их үүрэг хариуцлага ухамсарласан. Онгоцонд суугаад явж байхад маш их сэтгэл хөдөлж байлаа. Очоод би ийм юм хийнэ, тийм юм хийнэ гээд л. Үнэхээр ач холбогдол өгч намайг дуудсан учраас энэ итгэлийг алдалгүй өндөрт өргөж явах ёстой, сурсан чадсанаараа хувь нэмэр оруулах ёстой гэж сэтгэл хөдөлж, үнэхээр л нулимс дусалж байсан. Удаан хүний нутагт амьдарч байгаад эх орондоо ирэхэд их сэтгэл хөдөлсөн.
-УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байх үеийн бахдал дүүрэн зураг байсан. Тэр үед яг юу бодож байсан бэ? Ижий аавынхаа тухай бодож байв уу?
-Би их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Юмыг дандаа өөдрөгөөр хардаг. Тэр мэдрэмжээ тасралтгүй өөртөө барьж явахыг хичээдэг маань эргээд надад эрч хүч энерги өгдөг. За ингээд эх орондоо эргээд ирлээ шүү дээ. Эх орон чинь чамайг юу чаддагаа үзүүл гээд дуудлаа шүү дээ найз минь ээ, одоо ажлаа хий дээ гэж бодож байсан. Энэ бодлоо би тасралтгүй л барьж явах юм сан гэж хичээдэг. Хүнийг ер нь бодол л удирдаж байдаг. Докторт сурч байхад багшийн минь хэлсэн үг намайг удирдаж байсан. Эх орондоо эргээд ирэхэд, эх орон чинь чамайг дуудсан, бүхэл бүтэн жагсаалтынхаа 2-т бичиж үүрэг хариуцлага хүлээлгэсэн. Одоо чи минь хичээхээс өөр юугаа хийх вэ дээ гэж бодсон.
Хүн нутаг усаа их боддог. Аав ээж минь тэнгэрээс харж, намайг ивээж байна, нутаг ус минь бас ивээж байна даа. Нутаг усныхаа нэрийг, аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж явна шүү гэж бодсон.
-УИХ-ын гишүүний өрөө ямар байдаг бол гэж хүмүүс их сонирхдог байх. Таны өрөөтэй танилцаж болох уу?
-Би ч бас гишүүдийг жигтэйхэн тансаг өрөөнд суугаад, их эрх ямба эдэлдэг гэж боддог байсан. Яг бодит байдал дээр үгүй шүү дээ. Жижигхэн өрөөнд суудаг, 18м.кв юм шиг байгаа юм. Энэ өрөөндөө зөвлөх, туслах хоёртойгоо гурвуулаа суудаг. Гурван хүний хувьд ажлаа хийгээд байх бүрэн боломжтой. Ер нь өрөө зэрэг зүйлд их ач холбогдол өгөх хэрэггүй л дээ. Өрөө бол зүгээр хэрэгцээ, гол чухал зүйл бол ажил л байгаа юм. Төрийн сүлдээ Богд уул руугаа харуулаад залчихсан, тангараг өргөх ёслолынхоо зургуудыг өлгөчихсөн байна. Би өрөөндөө их дуртай байгаа.
-Бичиг цаасны ажил маш их байна уу?
-Өө тэгэлгүй яах вэ, бичиг цаас тасрахгүй ар араасаа цуваад л. Заримыг нь бол уншиж ч амжихгүй шахуу. Заримдаа хуралдаа дөнгөж ороод л суухад урд баахан цаас овоолчхож байгаа юм. Сүүлд харин гишүүд маань бичиг цааснуудаа урьдчилж өгөхийг, уншиж судалмаар байна гэдэг асуудлыг тавьж, харьцангуй шийдэгдсэн. Өнөөдөр хэлэлцэх асуудлууд өмнөх өдөр нь орж ирж байгаа. Тэгэхээр хуралд орохоосоо өмнө уншиж, асуух асуулт, хэлэх саналаа бэлдэх боломжтой болж байна.
-Зарим хүмүүс шинэ ажилд орохдоо өөртөө их итгэлтэй байдаг бол зарим нь сэтгэл зүйн хувьд айдастай байдаг шүү дээ. Таны хувьд айж байсан уу, эсвэл сэтгэл зүйгээ бэлдээд ирчихсэн байсан уу?
-Миний хувьд, Монгол улс намайг ашиглаасай гэж Австралид байхдаа боддог байсан гэсэн шүү дээ. Өөрийнхөө мэддэг зүйлийн хүрээнд юу чадахаа энэ 4 жилийн хугацаанд хийнэ гэсэн итгэл үнэмшилтэй байсан учраас эрч хүч, урам зориг амтагдсан сэтгэл зүйтэй байсан. Улс төрийн туршлага байхгүй энэ тэр гэж болох ч хүн бүх зүйлийг жигд авч явна гэдэг хэцүү. Тиймээс өөрийнхөө чаддаг зүйлд фокуслаад ажиллаж байхад бусад зүйлийн учир аяндаа олдоно доо, сурна даа л гэж бодож байна. Чаддаг, мэддэг зүйлээрээ тултал нь ажиллахыг хичээж байна.
-УИХ-ын намрын чуулган завсарласан үеэр ямархуу ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Эрчим хүчний реформын хүрээнд эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ ажлын гүйцэтгэх багт 20 орчим хүн өдөр шөнөгүй ажиллаж байна. Миний хувьд, хурал эрт тарвал нөгөө хэдтэйгээ хамт сууж ажилладаг. Энэ ажил маань маш эрчтэй, сайн явж, 2 сар гарны хугацаанд ажиллаж байна. Эрчим хүчний хуулийн шинэчлэлийг УИХ-ын хаврын чуулганаар оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Намрын чуулган завсарласан үеэр ажлын хэсгийнхэнтэйгээ л ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
Чуулганы үеэр үг хэлэх минут бол миний минут биш, тэр минут бол эрчим хүчний салбарынхны үгээ хэлэх, салбартаа байгаа асуудлаа шийдэхийн төлөө дуу хоолойгоо өргөх мөч гэдэг утгаар тэр хугацааг ашиглан салбарынхаа төлөө маш сайн ашиглахыг зорьж байгаа.
-Эрчим хүчний салбарт иргэд сонгогчид, танай салбарынхан танд багагүй найдлага тавьж байгаа.
-Эрчим хүчний салбарт олон жил ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон хүн ховор л доо. Тэр утгаараа чуулган болсон ч, байнгын хорооны хурал дээр ч манай Энхцэцэг маань салбарынхаа төлөө үг хэлээсэй гэж бодож буй хүмүүс олон. Тэгэхээр надад ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр, үг хэлэх минут бол миний минут биш ээ, тэр минут бол эрчим хүчний салбарынхны үгээ хэлэх, салбартаа байгаа асуудлаа шийдэхийн төлөө дуу хоолойгоо өргөх минут гэдэг утгаар тэр хугацааг ашиглан салбарынхаа төлөө маш сайн ашиглахыг зорьж байгаа. Нэг удаа ярьснаараа тухайн асуудал шийдэгдэхгүй байж болно. Гэхдээ яриад байвал бусад гишүүд ойлголттой болно, ард түмэн ойлголттой болж, тэр маань дараагийн шатанд шийдэгдэх боломжтой болно. Жишээлбэл, 2025 оны төсөв дээр гэхэд эрчим хүчний төлөө минутаа салбарынхаа төлөө 100 хувь ашигласан гэж бодож байгаа. Цаашдаа ч гэсэн өөрт оногдсон минутаа салбарынхаа асуудлыг шийдэхийн төлөө байнга ашиглана гэсэн бодолтой байна.
Энэ салбарт зарцуулж байгаа мөнгө нь маш бага. 2025 оны төсвийн хэлэлцүүлгээс харахад яамандаа, тухайн салбартаа ахиухан төсөв тавиулахын төлөө уралдаан маягийн юм болдог юм байна гэж харж байлаа. Тэгж болохгүй шүү дээ. Нэгдсэн байдлаар асуудлаа эрэмбэлж, тулгамдсан асуудлуудаа шийдэж явахгүй бол энэ салбар эдийн засгийг боомилсон, эрчим хүчээ тасалсан хэвээрээ л байна. Сая Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалт орсон учраас нэг хэсэгтээ л эрчим хүчээ хангана л даа. Гэхдээ эрчим хүч хэрэглэж буй өсөлтийн хурд маш их, жилд 200 мегаваттаар өсөж байна. Гэхдээ энэ бол бодит өсөлт биш. 300-400 мегаваттаар өсөх учраас Бөөрөлжүүтийн 300 мегаватт юу ч биш гэсэн үг. Өмнөх жилүүдэд одоо байгаа станцуудаа өргөтгөж, эрчим хүчээ шийдэж байсан юм. Бөөрөлжүүтийн станц нэг жилдээ эрчим аргалах юм шиг байна. Гэтэл дамжуулах түгээх сүлжээ хэт ачаалагдсан, одоо хэрэглэгчээ холбож чадахгүй байна. Хэрвээ Баянхошуу, 110-ын станцыг энэ жил төсөвт суулгачихсан бол Соёлын яамны ваучер гээд байсан 18 тэр бумын 17 тэр бумаар нь ч юм уу станцаа барьчихвал тэнд байгаа айлууд хэрэглээгээ хангаад утааг бууруулахад хувь нэмэр оруулах байсан. Би 2026 оны төсөв дээр эхнээс нь маш сайн ажиллая гэсэн бодолтой байгаа.
Сайн сайхан үгийг сэтгэлийнхээ угаас хэлж байвал тэр нь хүнд маш том ерөөл болдог гэж боддог.
-Үг амилдаг гэж Монгол түмний минь хэлдэг сайхан үг байдаг шүү дээ. Танд А үсэг заасан Тариат сумын багшийн “Эрдэнэтийн эрдэмтэн болоорой” хэмээн хэлж байсан үг биеллээ олж, та Монгол Улсын Их хурлын гишүүн болж, эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө зүтгэх том үүрэг хариуцлагыг хүлээгээд явж байна шүү дээ.
-Өөрийнхөө жишээнээс харахад хүнд хэлсэн сайхан үг тухайн хүний хувьд ерөөл болдог юм байна. Тэр үг хэзээ нэг цагт биеллээ олдог. “Эрдэнэтийн эрдэмтэн болоорой” гээд духан дээр үнсэхэд тухайн үед эрдэмтэн болох эсэх нь ерөөс төсөөлөгдөхгүй шүү дээ. Гэтэл тэр ерөөл биеллээ олсон байна. Тиймээс сайн сайхан үгийг сэтгэлийнхээ угаас хэлж байвал тэр нь хүнд маш том ерөөл болдог гэж боддог. Миний бас нэг хэлэх гэсэн зүйл бол өөрийн удирдуулж байгаа, хамт ажилладаг хүмүүсээ байнга л биширч байх нь чухал юм байна. Энэ хүн ямар мундаг, ямар чадварлаг юм бэ, энэ хүн шиг болох юм сан, энэ хүний өгсөн даалгаврыг яавал сайн биелүүлэх вэ гэж хичээж явах хэрэгтэй. Тэр явцад хүн маш их юм олж мэдэж, өсөж дэвждэг. Дээрээс нь хамгийн чухал нь насан туршийн арга барил, хандлагаа өөртөө төлөвшүүлчхэж байгаа юм.
-Миний асуугаагүй үлдээсэн, таны хэлэхийг хүссэн зүйл байвал ярилцлагынхаа сүүлийн хормыг танд асуулгүйгээр үлдээе.
-Би Монголд ирээд нэг юмыг их мэдрээд байна л даа. Олон нийтийн сүлжээгээр бараан мэдээ их цацаж буйд их эмзэглэж байна. Мэдээж урьдчилан сэргийлэх зорилгоор зарим мэдээллийг мэдэх нь зүйтэй л дээ. Гэхдээ энэ нь хэт давамгайлчхаад байна. Тасралтгүй бараан мэдээг түгээх нь хүмүүсийг маш их сэтгэл гутрал, стресст оруулж, хэмжигдэхийн аргагүй хохирлыг нийгэмд, иргэдэд өгч байна. Боловсролтой, мэдлэгтэй, тухайн чиглэлээрээ мэргэшсэн хүмүүс нийгмийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг сайхан мэдээллийг олон нийтэд түгээхэд анхаарах хэрэгтэй гэж харж байгаа. Болж бүтэж буй эерэг зүйлүүдээ түлхүү түгээж хүнийг сэтгэлийн хувьд өргөх нь чухал юм. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Таны улс төрийн их ажилд амжилт хүсье.
-Эерэг мэдээ мэдээллийг түгээж байгаа та бүхэнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.